Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад Харилцааны Яам МЭДЭГДЭЛ гаргалаа

Б.Ану
2017 оны 1 сарын 22
iKon.MN

1989 оны гуравдугаар сарын 30-ны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монголчууд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болсон билээ. 

Харин БНХАУ-ын иргэд хэд ч хоног бай Монголоос заавал виз аван жуулчилдаг. 

Тэгвэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр Сүмогийн Их аварга Д.Дагвадорж "Энэ сайн өдөр шоконд орохоор мэдээ сонслоо!!! Хятад иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих болсон байна! 1сарын 5 наас!!!!!! " хэмээх постыг оруулжээ. 

Харин үүнийг Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил худал гэдгийг баталж "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Ор үндэслэлгүй худлаа мэдээлэл явж байгаад харамсалтай байна. БНХАУ-ын иргэд одоог хүртэл визтэй зорчсоор байгаа" хэмээв.

Гадаад Харилцааны Яамнаас дараах МЭДЭГДЛИЙГ гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МЭДЭГДЭЛ

Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно.

Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна.

Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ