Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

О.Энхтайван: Зөвхөн гадаадад байгаа мундаг залуус Монголыг хөгжүүлнэ гэдэг ӨРӨӨСГӨЛ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN

Бид дэлхийн санхүүгийн төв Уолл Стрийтэд ажилладаг О.Энхтайванг та бүхэнтэй VISITOR булангийн ярилцлагаараа уулзуулж байна. 

Тэрбээр ерөнхий боловсролоо АНУ-д эзэмшиж, 2015 онд АНУ-ын New Jersey мужид байрладаг “Saint Peter's University” их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа бондын зах зээлд ажилладаг “Ryan Labs Asset Management” компанид санхүүгийн шинжээчээр ажилласан туршлагатай.

Одоо О.Энхтайван Нью Йорк хотын “Wall Street” хэмээх банк, санхүүгийн дүүрэгт байрладаг “GlobeTax Services” гэдэг компанид санхүүгийн шинжээчээр ажиллаж байна.

Бидний яриа Шангри-Ла Молл дахь "Caffe Bene" кофе шопд өрнөсөн бөгөөд зочин маань чихэргүй хар кофе /Americano/ захиалав. 


 

-Монголдоо суурин амьдраагүй хэдэн жил болж байгаа вэ. Эх орондоо ирэхдээ ямар өөрчлөлтүүд мэдэрдэг вэ?

-Монголдоо суурин амьдраагүй арван жил болж байна. 14 настайдаа АНУ-д очиж дунд сургуулиа дүүргээд, их сургуулиа эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоо Уолл Стрийтэд байрлах “Global Tax Services” компанид мэргэжлээрээ ажиллаж байгаа.

Анх 2006 онд яваад зургаан жилийн дараа буюу 2012 онд эх орондоо ирж байлаа. Тэгэхэд эх орноо маш их саначихсан, мөн их өөрчлөгдсөн нь мэдрэгдэж байсан.

Эх орондоо үе үе ирээд харвал үйлчилгээний газар, ресторанууд нэмэгдэж, үйлчилгээний салбар их сайн хөгжсөн юм шиг санагддаг.

-“Global Tax Services” компанид та яг ямар үүрэгтэй ажилладаг вэ?

-Манай компанийн хувьд хөрөнгө оруулагчид татварын буцаан олголтоо авахад туслах үйлчилгээ үзүүлдэг. Компаниуд олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах үед хөрөнгө оруулагчид нь гадаадын иргэн, ААН-үүд байвал хоёр улсад давхар татвар төлөөд байсан. Үүнээс сэргийлэхийн тулд улс орнууд хоорондоо давхар татварын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу татварын тодорхой хувийг хүсэлт гаргасны үндсэн дээр буцаан авч болно.

Манай компани энэ чиглэлээр 40 гаруй улс, олон тооны хувь хүн, хөрөнгө оруулалтын сангуудтай харьцдаг. Миний хувьд Бельги, Голланд, Дани, Финланд, Шведийн олон нийтийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд болон татварын газруудтай түлхүү ажиллаж байсан туршлагатай

-2012 онд Монголд ирэхдээ “Invest Mongolia” хөрөнгө оруулалтын чуулганы зохион байгуулалтад оролцож байсан юм билээ. Тухайн үед хөрөнгө оруулагчдын сонирхол Монгол руу харьцангуй их татагддаг байлаа. Харин одоо бид “хөрөнгө оруулагчгүй улс” болчихоод байна?

-2011 онд Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй, дэлхийн том телевизүүдээр “Чоно эдийн засаг” гэж нэрлэгдээд гардаг байлаа.

2012 оны зун ирэхэд их сайхан байсан. Учир нь “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын савлагаа эерэгээр мэдрэгдэж, Австралид үер болсны улмаас Монголд нүүрсээ ихээр экспортлох боломж гарч, түүхий эдийн үнэ өссөн үе таарсан юм.

Энэ үеэр би Японы хөрөнгө оруулалттай “Frontier Securities” компанид дадлага хийж байхдаа Монголын хамгийн том хөрөнгө оруулагчдын чуулган “Invest Mongolia”-г зохион байгуулах ажилд оролцсон.

Тухайн үеэс хойш манай улсын хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчдыг шахаж, “Hotel Mongolia” гэдэг нэртэй болчихоод байна. Яагаад гэвэл гадны хөрөнгө оруулагчид Монголд ирээд мөнгөө түгжүүлдэг, гараад явъя гэхээр нэгэнт ороод ирчихсэн болохоор хэцүү.

Уг нь 2012 онд орж ирсэн эерэг давлагааг барьчих ёстой байсан гэж боддог.

-Гол алдаа нь юу байсан гэж бодож байна?

-Хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал гэж би хэлнэ. Хөрөнгө оруулагчдын хамгийн их хардаг зүйл бол энэ. Улс орны хууль эрх зүйн орчин тогтвортой байх тусам хөрөнгө оруулалт татах магадлал нэмэгдэнэ. Хууль эрх зүйн орчин гэдэг бол тоглоомын дүрэм. Тоглоомын дүрэм өөрчлөгдөөд байвал хүн мөнгөө бариад ороод ирнэ гэдэг хэцүү.

Мөн уул уурхайн салбарт хэтэрхий их баригдсан нь гол алдаа. Манай экспортын 80 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Эдийн засгаа солонгоруулъя гэж их ярьж байгаа боловч одоо болтол хэрэгжүүлээгүй.

"иргэд улс орныхоо талаар санаа зовдог бол өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй"
 

-Шалтгаанаа ойлгоод байгаа хэрнээ засаж залруулах алхам хэн ч хийхгүй байгаатай санал нийлж байна. Эдийн засгийн хүнд байдлаас гарахад хувийн хэвшил, төр засгийн аль нь илүү үүрэгтэй вэ?

-Хувийн хэвшил, төр засаг, олон нийтийн оролцоо адилхан хэрэгтэй. Ардчилсан нийгэм гэдэг зөвшилцлийн нийгэм. Гэхдээ эцсийн шийдвэрийг улс төрчид л гаргана. Монгол Улсын Их Хурал л хууль баталдаг шүү дээ.

Үүнээс гадна иргэд улс орныхоо талаар санаа зовдог бол өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй. Ялангуяа залуучууд гишүүд рүүгээ ярьж, мэйл бичиж, санал бодлоо илэрхийлж байх ёстой. Монголд ирээд харахад залуучууд нийгмийн идэвхгүй санагддаг.

-Таныг Монголд ирэхээс өмнө манай улсын эдийн засгийн хүндрэл, төгрөгийн ханшийн сулралын талаар таагүй мэдээлэл гадны томоохон мэдээллийн агентлагуудаар их цацагдсан. Гадаадад байгаа залууст ийм мэдээлэл сонсоход ямар санагддаг вэ?

-Хамгийн түрүүнд санаа зовдог. Бид гэлтгүй иргэн хүн бүрийн санаа зовох асуудал. Эдийн засагч мэргэжилтэй хүмүүс онол талаас нь харахыг илүү хичээдэг.

Миний хувьд Монгол Улсад улс төр, эдийн засгийн шилжилт үргэлжилж байгаа юм болов уу гэж хардаг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас сонгодог зах зээлийн эдийн засагт шилжих нь урт удаан үргэлжлэх процесс гэж бодож байна.

Зах зээл, ардчилал гэдэг өөрөө хийсвэр ойлголт. Яг нэг цэгт тулаад төгс зах зээл, төгс ардчиллыг бүтээнэ гэж байхгүй. Монгол Улсыг нялх хүүхэд л гэж би ойлгож байна.

Гэхдээ Монголын хамгийн том давуу тал нь бид хоорондоо чөлөөтэй хэлэлцэж чаддагт оршдог. Ийм учраас хэзээ нэгэн цагт шийдэлд хүрэх нь ойлгомжтой.

-Их сургууль төгсөх судалгааны ажлын тань “Монголын улс төр, эдийн засгийн шилжилт: Гэрэлт ирээдүйтэй үлгэр жишээ ардчилал” гэдэг сэдэв үүнтэй уялдаж байна. Яагаад гэрэлт ирээдүйтэй үлгэр жишээ ардчилал гэж тодорхойлсон юм бэ. Өнөөгийн байдалд хүмүүс сэтгэл хангалуун бус байна?

-Political Economy буюу улс төрийн эдийн засаг чиглэлээр судалгааны ажлаа хийсэн л дээ. Дэлхий дахинд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн Монголд ганцхан болоогүй. Гэрэлт ирээдүйтэй үлгэр жишээ гэж тодорхойлсон маань учиртай. Хуучин социалист системтэй зарим улсыг бодвол Монголд ардчилал байна. Төв Азийн Казахстан, Узбекистан, Туркменистан зэрэг орнууд дандаа дектатуртай болчихсон. Тэд Ардчилсан орон болохыг хүсч байсан ч чадаагүй.

ОХУ гэхэд нэг хүний удирдлага доор 16 жил болж байна. Манай өмнөд хөрш БНХАУ төс өөр улс төрийн тогтолцоотой, Хятадын Коммунист Нам 1949 оноос хойш төрийн эрх барьж байна. Монгол Улс бүс нутагтаа үлгэр жишээ, Ардчилсан орон байж чадаад байна.

Манай Ардчиллыг өрнийн Их Британи, Америкийнхтай харьцуулаад яахав. Үлгэр жишээ гэдгийн учир нь Монгол Улс адилхан шилжилт хийсэн орнууд дундаа хамгийн ардчилсан, чөлөөт орон шүү дээ.

-Монголчууд зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж чадаж байгаа гэж хардаг уу. Төрийн оролцоо их байгаа гэсэн асуудал их яригддаг?

-Зах зээлийн эдийн засагт онолын хувьд хувийн хэвшил нь давамгайлсан үүрэгтэй байх ёстой. Харамсалтай нь Монголын эдийн засгийн 40 гаруй хувь нь төсвийн хөрөнгө оруулалттай, төрөөс хамааралтай байна. Төрийн өмчит компаниуд нь алдагдалтай хэрнээ ажиллаад л байдаг. Үүнийг байлгах ашиг сонирхол байдаг байх.

Онолын хувьд энэ компаниудыг хувьчлах ёстой. Учир нь төртэй хэн ч хариуцлага тооцож чаддаггүй, нийтийн өмч хэний ч өмч байж болдог.

АНУ-д эдийн засгийн 80 гаруй хувь нь хувийн хэвшлийнх байдаг. Тус улсын 160 сая гаруй ажиллах хүчний 15-20 сая нь төрийн байгууллагууд, мужуудын засаг захиргаа, батлан хамгаалах салбарт ажилладаг гээд бодохоор хувийн хэвшил хэр их ачаа үүрч байдаг нь харагддаг.

-Төрийн өмчийн томоохон компаниудыг хувьчлах асуудал яригдаад эхэлчихсэн. Энэ хувьчлал хамгийн шударга байгаасай гэж иргэд хүсч байна. Та дэлхийн хөрөнгийн зах зээлийн төвд ажилладаг хүний хувьд энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийлээч?

-Монголд арилжааны банкны хөгжил харьцангуй сайн байгаа гэж би харж байна. Тиймээс бид одоо хөрөнгө оруулалтын банк, хөрөнгийн биржийн асуудлаа ярих хэрэгтэй.

Томоохон компаниудыг хувьчлах асуудал дээр жишээ авъя. Нью-Йоркийн хувьд хөрөнгө оруулалтын хууль нь маш нарийн байдаг. Тоглоомын дүрэм маш тодорхой гэсэн үг. Монголд хууль эрх зүйн орчин бүрхэг, ашиг сонирхлын зөрчил ихтэй байдаг учраас томоохон компаниудыг шударгаар хувьчлахад бэлэн байна уу гэдэг эргэлзээтэй. 

Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал “Insider Information” буюу дотоод мэдээлэл гэж бий. Олон нийтийн компаниудыг эзэмшигчид нь хэдэн мянган ААН, иргэд байж болно. Компанийг удирдаад явж буй менежерүүд хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг дээдэлж, хамгаалах байдаг. Шийдвэр гаргадаг менежерүүдийн хүрээнд яригдаж буй дотоод мэдээллийг тэд өөртөө ашиглаж болохгүй. Монголд танил талын хүрээнд удирдлагууд аливаа асуудлыг өөртөө ашигтайгаар шийдэх тохиолдол их гардаг. Үүнийг маш сайн зохицуулах хэрэгтэй. Маш шударга байх ёстой.

Өндөр хөгжилтэй орнуудад энэ шударга байх зарчим үйлчлээд хэдэн зуун жил болчихсон. Голланд, Их Британид 16-17-р зуунд Хөрөнгийн биржүүд ажиллаж эхэлсэн байдаг. Манайд үүнийг төгс, бодит утгаар нь хэрэгжүүлэхэд цаг хугацаа орох байх.

"Гадаадад мэргэжлээрээ ажиллаж буй залуус Монголд ажилласнаас 30-50 дахин өндөр цалин авдаг"
 

-Та Нью-Йорк орчимд сүүлийн арваад жил амьдарсан. Өөртэй чинь адилхан нэр хүндтэй, том байгууллагад ажиллаж буй Монгол залуус хэр их байдаг вэ?

-Нэг хэсэг Монголчууд энд ирээд хар ажил хийдэг байсныг бодвол нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Миний үеийн 25 орчим насны залуус АНУ-д их дээд сургууль төгсөж, мэргэжлээрээ томоохон байгууллагад ажилладаг болсон. Одоо 20-30 залуу мэргэжлээрээ Нью-Йоркод ажиллаж байна. ЖиПи Морган, Морган Стэнли, Сити банк зэрэгт ажилладаг мундаг залуус бий.

Өөр нэг ажиглагдаж байгаа зүйл бол олон жил ажиллаад мөнгө хураачихсан хүмүүс өөрсдөө бизнес хийж эхэлж байна. Чикаго, Вашингтон ДиСи зэрэг томоохон хотуудад Монгол хүмүүсийн эхлүүлсэн бизнес зөндөө бий. Энэ бол цагаачилж ирсэн хүмүүсийн жишиг юм билээ.

Өмнөд Солонгосчууд 1970-1980 онд АНУ-д ирж хар ажил хийдэг байсан. Одоо тэд хөлөө олчихсон байгаа. Нью-Йоркын эргэн тойронд 250 мянга гаруй Солонгосчууд байдаг гэсэн тоо бий. Манхаттэн дүүргийн яг төвд Солонгос бизнесүүдийн цугларал болсон Korea Town гэж хүртэл байдаг

Тиймээс би цаашид мэргэжлээрээ оффисийн ажил хийх Монгол залуус илүү олшрох байх гэж боддог.

-Өөрийн чинь одоо хийж байгаа ажлыг Монголд хийх боломжгүй, хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй. Тэгэхээр тэнд дэлхийн хэмжээний том компаниудад ажиллаж байгаа Монгол залуусыг “Монголдоо ирж ажилла” гэж хэлэхэд хэцүү юм даа?

-Хамгийн том зүйл нь Монголд хөдөлмөрийн үнэлэмж бага. АНУ-д дөрвөн жилийн турш 200 гаруй мянган ам.доллар коллежийн төлбөрт зарцуулчихсан хүмүүс энд ирээд хоёр сая төгрөгийн цалинтай ажиллана гэдэг хэцүү. Бид тэтгэлгээр сурснаараа азтай ч тийм хэмжээний үнэтэй боловсрол эзэмшсэн гэсэн үг.

Гадаадад мэргэжлээрээ ажиллаж буй залуус Монголд ажилласнаас 30-50 дахин өндөр цалин авдаг учраас хувийн амьдрал, ирээдүйгээ бодоод гадаадад ажилладаг. Фэйсбүүк компани л гэхэд зөвхөн ажлын гэрээн дээр гарын үсэг зурсан гэж 75 мянган ам.долларын урамшуулал өгдөг. 

Гэхдээ бидэнд Монголоос ийм цалин шаардах эрх байхгүй. Угаасаа боломж нь энэ шүү дээ. 

-Бодлогоор та нарыг татах хэрэгтэй байх л даа?

-Орчныг нь бүрдүүлээд, цалинг нь өгвөл эх орондоо амьдрах шиг сайхан юм байхгүй. Өөрт тавьсан зорилгодоо хүрчихээд эх орондоо ирнэ. Учир нь Уолл Стрийтэд мэргэжлээрээ ажиллана гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. Бас маш их зүйл сурах, хөгжих боломж гэж харж байгаа. 

Гэхдээ зөвхөн гадаадад байгаа мундаг залуус Монголын нийгмийг хөгжүүлнэ гэдэг өрөөсгөл. Хүн бүр дор дороо хичээж байж нийгэм урагшилна. Тодорхой хэмжээнд манлайлагчид байх ёстой ч Монгол хүн бүр хичээх ёстой гэж бодож байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. 

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn