Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Таван Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ Олон улсын гэрээний тухай хуульд хамаарахгүй

Б.Ану
2017 оны 1 сарын 20
iKon.MN

Засгийн газраас Таван Толгой (ТТ) төслийг эхлүүлэх ажлын хэсгийн хэлэлцээ үргэлжилж байгаа.  

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ долоо хоногт өгсөн "Цензургүй яриа"-ндаа Монгол Улсын Засгийн газар 16 биш 92 гишүүнтэй болсон. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бие даан хийх боломжтой бизнес, хөрөнгө оруулалтын гэрээнд хүртэл УИХ оролцож байна. УИХ угтаа хууль тогтоох байгууллага шүү дээ гэж учирлаж байсан. Энэ ч жишгээр зарим УИХ-ын гишүүн сүүлийн үед хэвлэл мэдээллээр ТТ хөрөнгө оруулалтын гэрээг Олон улсын гэрээтэй холбож заавал УИХ-аар хэлэлцүүлж батлах ёстой тухай яриа гараад буй. 

Тэгвэл энэ талаар Гадаад Харилцааны Яамны Олон Улсын Гэрээ, Эрх зүйн газрын захирал А.Төмөр дараах тодруулгыг өглөө. 

 

"Нэгдүгээрт,  Олон улсын гэрээний тухай 1993 оны хууль гэж байдаг. Энэ хуульд маш тодорхой заасан байдаг нь  Засгийн газар хоорондын гэрээ буюу Монгол Улсын Засгийн газар гадаадын аль нэг Засгийн газартай гэрээ байгуулахад хамаарна гэсэн байдаг.

Харин Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын компанитай бизнесийн гэрээ байгуулахад энэ хууль үйлчлэхгүй. Энэ утгаараа Олон улсын гэрээний тухай хууль нь Таван Толгойн гэрээтэй ямар ч холбоогүй. 

Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд маш тодорхой мэдээлэл хийсэн. Тэрбээр ТТ-той холбоотой асуудлыг их хурлаар хэлэлцүүлнэ гэдгээ мөн хэлсэн. 

Хоёрдугаарт, нэг асуудлаар хоёр хууль үйлчилж байгааг хэлэх хэрэгтэй. Олон улсын гэрээний тухай хууль 1993 оных. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга байна. Үүнийг бид залруулахгүй бол хоёр хуультай болчихоод байгаа. Тиймээс Гадаад Харилцааны Яамнаас 1993 оны хуулийг хүчингүй болгох хуулийн төслөө өргөн барих гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн зүгээс тавиад байгаа  тодорхой нэг санал байгаа нь Засгийн газрын байгуулсан гэрээг УИХ хүчингүй болгож болох заалт 1993 оны хуульд байсан ч шинэ хуульд алга болсон гэж байгаа.

Гишүүдийн тавьж байгаа шаардлагаар бид энэ заалтыг шинэ хуульд оруулахаар ажиллаж байна. Энэ асуудал уг нь Үндсэн хуулийн 45.2-т  "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно" гэсэн заалт бий. Гэхдээ бид шинэ хуульдаа оруулахаар ажиллаж байна" гэлээ. 

Үүнээс үзвэл Засгийн газар бие даан Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийх боломжтой. Гэхдээ УИХ түүнийг нь Үндсэн хуульд зааснаар хүчингүй ч болгох эрхтэй байгаа юм.