Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн сар үргэлжилсэн ДЕФЛЯЦИ зогсож, 0.5 хувийн ИНФЛЯЦИ болов

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монголбанкнаас өнөөдөр макро эдийн засгийн хамгийн гол үзүүлэлтүүдийг харуулсан статистик мэдээллээ танилцууллаа.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн дефляци зогсож хамгийн сүүлийн байдлаар Улаанбаатар хотын жилийн инфляци 0.5 хувьтай гарчээ. Үүнд мах махан бүтээгдэхүүний үнэ 0.45 нэгж хувиар нэмэгдсэн нь эерэг нөлөө үзүүлж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.УргамалсувдСтатистикаас харахад дефляцид махны үнэ хүчтэй нөлөөлөөд байгаа. Гэхдээ хүнсний бус инфляцийн бууралт үргэлжилсээр байгаа.

Махны үнийн өсөлт тогтвортой байх тохиолдолд инфляци энэ оны хагас хүртэл харьцангуй бага түвшинд байх хүлээлттэй байна” гэсэн мэдээлэл өгөв.

Харин улсын хэмжээнд жилийн инфляци 1.1 хувьтай байгаа юм.

ГРАФИК 1: УЛААНБААТАРЫН ИНФЛЯЦИЙН ЗАДАРГАА

"ВАЛЮТЫН ХАНШИЙН ОГЦОМ САВЛАГАА БИЙ БОЛГОХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА"

Төв банкнаас 2016 оны арванхоёрдугаар сард 189 сая ам.доллартай тэнцэх валют зах зээлд нийлүүлжээ. Мөнгөний нийлүүлэлт 2016 оны эцэст өмнөх оны мөн үеийнхээс 2 их наяд 25 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Ам.долларын ханшийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс 24.4 хувиар суларчээ. 2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар ам.долларын дундаж ханш 2,482.57 төгрөг байна.

Монголбанкны Дотоод зах зээлийн хэлтсийн захирал Б.Батбаатар энэ талаар “2017 онд валютын дотоодын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний хүрээнд валютын зах дээр нэгдсэн платформ байгуулах ажлын хэсэг гарч, урьдчилсан судалгаа шинжилгээний шатандаа явж байна. Валютын захад байгаа мэдээллийн тэгш бус байдал, эрэлт нийлүүлт, арилжаа явагдах, хөрвөх чадварыг хангах зэрэг үйл ажиллагааг шийдвэрлэх нэгдсэн платформтой болно гэсэн үг. Ингэснээр огцом хөөсрөл үүсэх, ханшийн савалгааг бий болгох эрсдлийг бууруулна” гэв.

ГРАФИК 2: Дуудлага худалдаагаар нийлүүлсэн валют /сая ам.доллар/

ГРАФИК 3: Ам.долларын ханш сарын эцэст ба сарын дунджаар /төгрөг/

12 дугаар сард 1,224 зээлдэгч ИПОТЕКТ хамрагджээ

2016 оны эцсээр ипотекийн зээлийн үлдэгдэл дөрвөн их наяд төгрөг байгаа бол зээлдэгчдийн то 89,156 хүрээд байна. Үүнээс чанаргүй зээл 1.4 хувийг эзэлж байгаа юм. Харин хугацаа хэтэрсэн зээл 2.5 хувь. 

Ипотекийн санхүүжилтийг эргэн төлөлтөөс хийж байгаа гэж Монголбанкнаас мэдээллээ. Хамгийн сүүлийн байдлаар буюу арванхоёрдугаар сард нийт 75.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Үүний 51.1 тэрбум төгрөг нь хөтөлбөрөөс санхүүжигдсэн бол 24.5 тэрбум нь банкуудын өөрийн эх үүсвэрээс гарсан байна. 

12 дугаар сард 1,224 хүн ипотект хамрагджээ. 

Харин арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт хэмжээ 1.047 их наяд төгрөгт хүрчээ.