Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма: Америкчууд БУСДААС БИШ, ӨӨРӨӨСӨӨ буруугаа хайх хэрэгтэй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Жэк Ма

Швейцарийн Давос хотноо болж байгаа Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы хоёр дахь өдөр Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма АНУ-ын эдийн засгийн хүндрэлийн талаар өөрийн бодлоо хуваалцжээ.

Шинээр сонгогдоод байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн орны эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийн гол эх сурвалжаар Хятадыг тодруулан байнга шүүмжлэх болсон.

Тэгвэл дэлхийн хамгийн том онлайн худалдааны сүлжээний эзэн Жэк Ма буруугаа бусдаас биш, өөрөөсөө хайх хэрэгтэйг Америкт сануулсан байна.

Тэр хэлэхдээ “Глобалчлалын ачаар Америкийн үндэстэн дамнасан компаниуд асар их мөнгө олсон. Өнгөрсөн 30 жилд IBM, Cisco, Microsoft зэрэг компаниудын олсон мөнгө маш их” гээд харин тэр их мөнгө хаашаа орсон нь Америкийн бодлогын гол алдаа гэжээ.

Ма “Өнгөрсөн 30 жилд Америк улс нийт 13 дайн хийж, $14.2 их наядыг дайнд зарцуулжээ” гэж хэлсэн нь тэр их мөнгөний багагүй хэсэг дайнд зарцуулагдсан гэдгийг илэрхийлсэн байна.

Үүнээс гадна Вашингтон 2008 оны санхүүгийн хямралаар энгийн Америк хүмүүсийг аврахын оронд Уолл Стритийг аврахад их мөнгө зарцуулсан нь бас нэг алдаа гэж үзжээ.

Үндсэндээ Вашингтоны эрх баригчид татварын мөнгөө ард иргэддээ, ажилчин ангид зарцуулахын оронд дайн, Уолл Стрит хоёрт үрснийг Жэк Ма шүүмжилсэн байна.

Хэрвээ Америк-Хятадын хооронд худалдааны дайн өрнөвөл юу болохыг асуухад Ма “тэгвэл би Алибаба компаниа хаана” гэж хэлсэн нь тэр ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн бололтой.

Тэрээр өнгөрсөн сард Дональд Трамптай уулзсаныхаа дараа АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг “нээлттэй”, “бусдыг сонсдог” хүн хэмээн тодорхойлж, Хятад-Америкийн хооронд бусад хүмүүсийн харж байгаа шиг дайсагнал үүсэхгүй гэж найдаж байгаагаа хэлж байв.

Эх сурвалж: weforum