Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Жорж Сорос: Трамп бол диктатор болох хүн

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Жорж Сорос

Өчигдөр буюу Пүрэв гарагт тэрбумтан Жорж Сорос Давосын чуулган дээр Дональд Трампын тухай өөрийн үзэл бодлыг ярьжээ.

86 настай Унгарын цагаач Сорос “Трамп бол нээлттэй нийгмийн эсрэг, ямар нэг өөр хэлбэрийн засаглал байгуулахын төлөө яваа хүн” гээд “түүний засаглалыг диктаторын эсвэл мафийн төр гэж нэрлэх нь зохимжтой” гэсэн байна.

Сорос бас Трампыг “хэрвээ боломж нь олдвол диктатор болох хүн” гэж тодорхойлжээ. Гэхдээ АНУ-ын төрийн байгуулалт нь түүнд ийм боломж олгохгүй гэж тэр хэлсэн юм.

Соросын үзэж байгаагаар Дональд Трамп бол маш их дотоод зөрчилтэй хүн бөгөөд энэ нь түүний баг бүрдүүлж байгаа байдлаас харагдаж байгааг хэлсэн байна.

Тэр мөн Трамп ерөнхийлөгч болно гэж төсөөлж байгаагүй учраас түүний юу хийхийг ч таамаглах боломжгүй байгааг өгүүлжээ. Трамптай бизнесийн ертөнцийнхөн хэрхэн харилцах ёстойг асуухад Сорос “Би түүнтэй аль болох харьцахгүй, хол байхыг хичээх болно” гэж хариулсан байна.

Гадаад бодлогын талаар тэр хэлэхдээ Трампын бодлого Хятадад асар их ашигтайгаар нөлөөлнө гэжээ. “Миний бодлоор Хятад улсыг олон улсын тавцанд тэргүүлэгч гүрэн болоход Хятадын өөрийнх нь хичээл зүтгэлээс илүүтэй Трамп асар их зүйл хийх байх” гэж Сорос тайлбарласан байна.

Жорж Сорос Трампын тухай анх удаа ийм шүүмжлэл хэлж байгаа юм биш. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тэр шинэ ерөнхийлөгчийг мөн ийм үгээр тодорхойлж байв. Тэрээр Трампын багийн нэр дэвшигчдийг “чадваргүй экстремистүүд, тэтгэврийн генералууд” хэмээн хочилж, АНУ удахгүй дэлхий дахины ардчиллыг дэмжих, хамгаалах чадваргүй болох нь хэмээн халаглаж байсан юм.

Цагаач тэрбумтан маань Хиллари Клинтоны үнэнч дэмжигч байсан бөгөөд түүний сонгуулийн ажиллагаанд олон саяыг хандивлаж байсан.

Уолл Стрит Журналын мэдээлснээр Сорос нь Трампын ялалтаас болоод $1 тэрбумын хөрөнгөө алдсан гэдэг. Гэхдээ түүний сан 2016 онд хөрөнгөө 5 хувиар өсгөж чадсаныг тус сэтгүүлд бас бичиж байв.

 

 Эх сурвалж: Business Insider