Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд балгасандаа үлдэж, эрх мэдэлтнүүд Их тэнгэрийн ам руу нүүнэ

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 1 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголчууд гамшгийн нөхцөлд амьдарч байгаа нь нэгэнт тодорхой болчихсон. Улиг болтол давтсан утааны асуудлыг орхиё. Харин биднийг улирал харгалзахгүй түгшээж байгаа нь газар хөдлөлт.

Хүн амын 80 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа гэх. Хамгийн гол нь Улаанбаатар гэлтгүй улс даяараа газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт барилгын 25 орчим хувь буюу найман баллын бүсэд 28 хувь, долоон баллын бүсэд 30 хувь, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг судалгаа бий.

Түүнчлэн 1970 оноос өмнөх барилгатай “тооцоо”хийх боломжгүй гэдэг.​ Гэтэл 2011-2015 онд хотод нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 278 нь нурахад бэлэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү 278 дээр 1970 оноос өмнөх барилгууд нэмэгдэнэ. Товчхон дурдахад ийм.

Харин лхагва гаригт Аюулгүй байдлын байнгын хорооны хурал-даанд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Төрийн ордны барилгын аюулгүй байдлын талаар мэдээлэл хийв. УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн хүрээнд өнгөрсөн онд барилгын чанарыг шалгаж дүгнэлт зөвлөмж гаргажээ.

Юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөдлөлтөд тэсвэргүй 14 блок барилгыг буулгаж шинээр барих асуудлыг шийдвэрлэх шаардлага-тай гэж үзэж байгаа аж. Үүний тулд нэн яаралтайгаар 38.8 тэрбум төгрөг батлах хэрэгцээ гарсныг гишүүдэд танилцуулав. Мөн эрсдэл үүссэн үед Төрийн ордныхныг шилжүүлж байрлуулах бэлтгэлийг ч хангасан байна.

Томилогдсон ажлын хэсэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, түүний Тамгын газар, Засгийн газрыг түр байрлуулах боломжит байрыг сонгож. Тодруулбал, УИХ-ыг Засгийн газрын XI байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр дэх XXIV байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын XIII байранд тур хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувилбарыг сонгосон байна.

Ийнхүү төв ордныхон Их тэнгэрийн ам зэрэг агаар салхи сайтай, аюулгүй газар руу нүүх нь. Харин нийслэлээр зогсолтгүй хөдөө орон нутгийнхан нурахад бэлэн болсон балгасандаа үлдэх юм байна.

Иргэдийн ажиллаж амьдардаг 1970 оноос өмнөх барилгад үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзсэн хэр нь Төрийн ордонд Ажлын хэсэг томилж нүх сүв болгоныг шалгасан байх нь. Төрийн ордон хэзээ мөдгүй нураад унах нь юу бол. Түүнээс өмнө эдийн засгийн хямрал, утааны асуудлаа ярилцъя.

Зураг