Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдбаатар: Улсын Дээд шүүх буруу шийдвэр гаргасанд харамсаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

“Баян Монгол” хорооллын иргэд өөрсдийн эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус хороолол 2009 оны арванхоёрдугаар сард бүрэн ашиглалтад оржээ. Харин оршин суугчид 2010 оны нэгдүгээр сарын 29-нд Сууц өмчлөгчдийн холбоог байгуулахаар хуралдах товтой байсан ч хэсэг бүлэг хүн нэгдүгээр сарын 28-нд хуралдан СӨХ-г томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн тэд үзэж байгаа аж.

“Баян Монгол” СӨХ нь 2010 оноос эхлэн өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулахдаа оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, эрүүл аюулгүй орчин амьдрах, нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг хамгаалах зэрэг үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн үзэж Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр холбоог үүсгэн байгуулжээ.

Тус холбооны ахлагч Б.БолдбаатарСӨХ-г манай хорооллын барилга барьсан компани хууль бусаар байгуулсан. Үүнийг хэд хэдэн шатны шүүх байгууллага тогтоож, иргэдийн талд буюу СӨХ-г татан буулгах шийдвэр гаргасан. Гэтэл Улсын Дээд шүүхээс иргэдийн буруу хэмээн шийд гаргалаа. Үүнд тун харамсч байна.

Хэрэв СӨХ сайн ажиллаж байсан бол бид юм хэлэхгүй. Гэвч одоо үйл ажиллагаа явуулж буй СӨХ оршин суугчдын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Тиймээс шат шатны байгууллагад хандан өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар тэмцэж байгаа” гэлээ.

"Баян Монгол" хорооллын СӨХ нь үйл ажиллагаа явуулж буй өдийг хүртэлх хугацаанд санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй гэнэ. Мөн СӨХ-ын хураамжид хэдэн төгрөг төлдөг нь тодорхой биш бөгөөд тухайн айлын байрны мөнгө буюу цахилгаан, дулаан, ус ашигласны төлбөртэй хамт нэгдсэн дүнгээр гардаг учраас СӨХ-ны санхүүд хяналт тавих ямар ч боломж байдаггүй тухай оршин суугчид хэлсэн юм. 

Түүнчлэн орц болон гадаах орчинд камер байдаггүйн улмаас хулгай, дээрэм гарахад иргэд гэмт хэрэгтнийг тогтоох боломжгүй болдгоос гадна гэрэлтүүлэг, зам талбай эвдэрч гэмтсэн ч засварлаагүй байна.

Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны гишүүн Б.Болд “СӨХ-д хандаж, асуудал хэлэхэд бичиж тэмдэглэж авчихаад, арга хэмжээ авдаггүй. Үйл ажиллагаа нь маш бүрхэг байдаг. СӨХ-ны төлбөрөө тусад нь ав гэхээр программ болохгүй байна гэх шалтгаанаар бүх мөнгийг авчихдаг. Мөн хуримтлал гэж 10-12 мянган төгрөгийг сар бүр авдаг. Гэвч энэ мөнгөний зарцуулалт ч тодорхой биш байна.

Бид ингэж хэвлэлд хандаж байгаа нь өөрсдөө албан тушаал, эрх мэдэлд санаархсандаа биш, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хүссэндээ юм шүү” хэмээсэн юм.

"Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүнийг өргөтгөсөн байдлаар хуралдуулж, буруу шийдвэрээ засах боломж байгаа. Тиймээс Улсын Дээд шүүх иргэдийн эрх ашгийг хамгаална гэж найдаж байна" хэмээн Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны ахлагч Б.Болдбаатар хэллээ.

"Баян Монгол" хороололд 1,800 айл өрх амьдардаг бөгөөд Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос 2015 оны хоёрдугаар сарын 4-7-нд айл өрхүүдийн дунд СӨХ-ны талаар судалгаа авсан байна. Судалгаанд 1,034 өрх хамрагдаж, 90.5 хувь СӨХ-г шинэчлэх шаардлагатай хэмээн үзжээ.