Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Пүрэвжав: Түлэгдсэн хүмүүсийн 62.2 хувь нь ТАВ ХҮРТЭЛХ насны ХҮҮХДҮҮД байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Эрүүл Мэндийн Яам болон түүний харьяа байгууллагууд “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор нэг сарын аян зохион байгуулж байгаа тухай өнөөдөр мэдээллээ.

Тус аян нь 2017 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс хоёрдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. Манай улсын осол гэмтлийн нийт нас баралтын 13 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлж байна. Бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг түлэгдэлт өвчин болоод байгаа аж.

НЭМГ-ын мэргэжилтэн Д.Пүрэвжав “Гэмтлийн эмнэлэгт өнгөрсөн жил түлэгдэлтээр нийт 4,059 үйлчлүүлэгч яаралтай тусламж авсны 62.2 хувь буюу 2,525  нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Мөн тус төвөөр үйлчлүүлсэн 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь тулэгдсэн шалтгаанаар нас барсан байна” гэв.

Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн гуравдугаар зэргийн түлэгдэлттэй байгаа аж.

ГССҮТ-ийн дэд захирал Т.Мөнхсайхан энэ талаар “Түлэгдлийн шалтгааны дийлэнх хувийг гэр, нас баралтын шалтгааны дийлэнх хувийг халуун тогооны түлэгдэлт эзэлж байна.

Халуун тогоо хэрэглэж буй хүмүүсийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг хүмүүс байдаг. Тиймээс халуун тогооны хэрэглээний талаар сургалт, сурталчилгааны мэдээлэл хэрэгтэй. Манай улс 100 мянган хүнд ногдох түлэгдлийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүр орж байна” гэв.

Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхигүй амьдралтай болдог тул уг гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байдаг ажээ.

Сүүлийн жилүүдэд 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдлийн өвчлөл, нас баралт, түүнээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо буурахгүй байгаа ба энэ асуудалд зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд бус төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэн ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийн анхаарлыг хандуулахад хамтын ажиллагаа оролцоо чухал байгааг эрүүл мэндийн салбарынхан ийнхүү анхааруулж байна.