Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын тухай ТАВАН БУРУУ ОЙЛГОЛТЫГ зөвлөх нь залруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр Дональд Трампыг сонгогдоход олон хүн глобалчлалын төгсгөл ирлээ хэмээн таамаглаж байсан.

Тэгвэл Трампын зөвлөхүүдийн нэг, удахгүй Цагаан ордны олон нийттэй харилцах албыг тэргүүлэх Антони Скарамуччи Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр шинэ ерөнхийлөгчийн талаарх буруу ойлголтуудыг зөвтгөн тайлбарлажээ.

 

Глобалчлалын сүүлчийн том найдваруудын нэг нь Трамп

Тэр бол глобалчлалын дайсан биш. Харин ч Америкийн доройтож байгаа дунд давхаргынхныг өөд нь татсанаар Трамп глобалчлалд том тус хүргэх гэнэ. “Хэрвээ Америкчуудын дундаж орлогыг нэмэгдүүлбэл худалдан авах чадвар нэмэгдэнэ. Энэ нь эргээд тэдний хэрэглээг нэмэгдүүлж, улс хоорондын худалдааг дэмжсэнээр энх тайван, хөгжил дэвшлийг дэлхий дахинд авчрах юм” гэж Скарамуччи тайлбарлажээ.

 

Трамп Хятадтай худалдааны дайн хийхийг хүсээгүй

Олон нийтийн дунд Трампын засаг захиргаа Хятадын эсрэг хатуу бодлого баримтална гэсэн ойлголт бий. Учир нь сонгуулийн үеэр Трамп бүх зүйлд Хятадыг буруутган шүүмжилж байсан гэхэд болно.

Тэгвэл Скарамуччи “Америк, Хятад хоёр ерөнхий нэг эрх ашигтай. Бид бол том түншүүд. Тиймээс бид худалдааны дайныг хүсэхгүй. Бид чөлөөтэй, харилцан ашигтай худалдаа явуулахыг хүсэж байгаа” гэжээ.

Харин өнөөдрийг хүртэл эдийн засгийн хамтын ажиллагаа нь нэг талдаа ашигтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл АНУ тэдний бүх худалдаа, үйлчилгээг чөлөөтэй нэвтрүүлж, хариуд нь ямар нэг зүйл шаардахгүй явж ирсэн юм. “Харин одоо бид Хятадтай тэгш хэмтэй буюу харилцан ашигтай худалдаа хийх сонирхолтой байна” гэж Скарамуччи хэлжээ.

 

Трамп NATO-г орхихгүй

Трамп NATO-г 1949 онд байгуулагдсан, цаг үеэсээ хоцрогдсон эвсэл гэж нэрлэсэн нь Европын удирдагчдыг сандаргасан юм.

Скарамуччи түүний хэлсэн үгийг хүмүүс буруу ойлгосныг тайлбарласан байна. Үнэндээ Трамп энэ байгууллагыг шинэчлэхийг уриалсан болохоос устгах тухай яриагүй гэнэ.

Скарамуччи “NATO анх Баруун Европын ардчиллыг коммунизмын аюулаас хамгаалахаар байгуулагдсан. Тэгвэл өнөөдрийн дэлхий ертөнц эрс өөрчлөгдөөд байна. 2017 оныг харвал бид коммунизмтай тэмцэхээс илүү Исламын радикал терроризмтай тэмцэхэд анхаарах хэрэгтэй байгааг тэр хэлсэн юм” гэжээ.

 

Трамп Европын Холбооны төгсгөлийг үзэхийг хүсээгүй

Трамп үе үе Европын Холбооны талаар шүүмжилсэн үгс хэлдэг. Хэдхэн хоногийн өмнө тэр Европын Холбоог “Германчуудад зориулсан машин” гэж тодорхойлоод Британий араас бусад улсууд дагах болно гэж хэлсэн.

Харин Скарамучигийн хэлснээр Трамп мөн л Европын Холбоог шинэчлэгдэх шаардлагатай байгааг хэлсэн гэнэ. “Трампын хэлсэн зүйл: Магадгүй Брюссельд суугаа хүмүүс Британий Манчестерт тохирсон шийдвэр гаргаж чадахгүй байх. Түүний хэлснийг ингэж ойлго” хэмээн Скарамуччи тайлбарлажээ.

 

Трамп бол дайны хэнээтэн биш

Дональд Трамп Америкийн цөмийн зэвсгийн тоо хэмжээг нэмэгдүүлэх тухай мэдэгдсэн нь түүнийг дайны хэнээтэн гэсэн ойлголт төрүүлжээ.

Тэгвэл Скарамуччи Трампыг тийм хүн биш гэдгийг баталж байна. “Тэр бол миний мэдэхийн зэвсэглэлийг нэмэгдүүлэхийг хүсдэг хүн огт биш. Нэг хүн түүнийг цөмийн зэвсгийн товч дарахыг дурладаг хүн хэмээн дайрч довтлоход тэр над руу хандан ‘Бурхан минь, би үр ачтай, хүүхдүүддээ хайртай хүн. Ийм зүйл хийхийг хүссэн сүүлчийн хүн нь л би болох байх’ гэж байсан” хэмээн Скарамуччи дурссан байна.

Тэр “Би Трампыг та нарын харж байгаагаас эрс өөрөөр хардаг. Гэхдээ ирэх дөрвөн жилийн дотор та бүхэн түүнийг над шиг харж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

Эх сурвалж: weforum.org