Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжихэд бэлэн болжээ

С.Уул, Өглөөний сонин
2017 оны 1 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улс эрт дээр үеэс эрэгтэй хүнийг хүндэлж, эцгийн эрхт ёс давамгайлдаг байсан. Энэ уламжлал өнөөгийн нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл болон хувирсан нь харамсалтай. Учир нь, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэд өөрийн гэр бүлийн хүн буюу нөхөр, аль эсвэл хамтран амьдрагч найз залуудаа зодуулах, сэтгэл санааны дайралтад өртөх гээд маш олон тооны хүчирхийлэлд өртөж байна.

Тухайлбал, нийгмийг цочрол айдаст автуулсан нэгэн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг бол төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан дөрвөн настай охины хэрэг, хойд эцгийнхээ халааснаас 300 төгрөг аваад хэвтэрт ортлоо зодуулсан хүү гээд тоочоод байвал тоо тоймгүй олон хэрэг бий. Нийслэл хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 696 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 83 хэргээр буюу 13.5 хувиар өсчээ.

Энэ нь Нийслэлд үйлдэгдсэн нийт 15,257 хэргийн 4.5 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл ганцхан хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 20-25 дуудлага бүртгэгддэг байна. Уг нь манай улс анх 2004 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг баталсан байдаг ч энэхүү хууль нь дангаараа хохирогчийг хамгаалж огт чадахгүй байсныг албаны хүмүүс онцолсон байдаг. 

Өнгөрсөн зургаан жилийн дотор л гэхэд 95 хүн буюу сард хоёр хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан гэдэг албан ёсны тоо судалгаатай баримт бий юм.

Тэгвэл 2004 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжиж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулан, илүү боловсронгуй болгож өргөн барьсныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд УИХ-ын чуулганаар баталснаар дээрх хууль ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх гэж байна.

Шинэ хууль хэрэгжиж эхлэхийн өмнө салбарын яам, хууль, хяналтын байгууллага хэрхэн бэлтгэж буй талаар албаны хүмүүстэй уулзаж дараах тодруулгыг авлаа.

П.Эрдэнэцэцэг: Цагдаагийн алба хаагчид аюулын зэргийн үнэлгээ хийдэг болно

/УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа/

Ирэх сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Юун түрүүнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн алба хаагчид, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд хамгийн эхэнд очдог эргүүлийн офицеруудыг сургаж, дадлагажуулах сургалт эхэлсэн.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Эдгээр өөрчлөлтийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх, зохион байгуулах тухай, хуульд тусгагдсан Хамтарсан багийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллага яаж мэргэжил арга зүйгээр хангах чиглэлээр сургалт явагдана.

Энэ хуульд цагдаагийн байгууллагын ажилтны хүлээх үүрэг өргөн хүрээнд тусгагдсан. Цагдаагийн алба хаагчид аюулын зэргийн үнэлгээг хийдэг болно. Үүнийг хэрхэн хийх талаар журмыг боловсруулж байгаа. Хуульд зааснаар хохирогч болон гэр бүлийн гишүүдийг хамгаалах чиглэлээр Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг хэрэгЖүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна.

Цагдаагийн алба хаагч энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн хүчирхийлэл үйлдэгч хохирогчийн талаар сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглана. Мөн хохирогчдод 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх, хамгаалалтад авах ажлуудыг хийнэ. Аюулын зэрэг өндөртэй гарсан эсвэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хохирогчийн зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан, Хамтарсан багт мэдэгдэх үүргийг хүлээж байгаа.

Хамтарсан баг буюу сургуулийн нийгмийн ажилтан, Засаг дарга, цагдаагийн ажилтнууд хамтран ажиллаж эрсдэлийн үнэлгээг тогтоох ёстой. Аюулын зэрэг өндөртэй гарсан бол шууд цагдаад хандан шуурхай арга хэмжээ авч, хуулийн дагуу эрхийг нь хамгаалах ажиллагаа зохион байгуулах ёстой. Өмнөх хуулиар гэр бүлийн хүчирхийллийг захиргааны зөрчлийн хэмжээнд шийддэг байсан бол шинэ хуульд гэмт хэрэг гэж тодотгож өгснөөр дахин, давтан үйлдэгддэг энэ гэмт хэргийг таслан зогсоох гарц гаргалгаа болж байгаа юм.

Г.Эрдэнэбат: Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах нөхцөл бүрдсэн

/Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх/

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Үүнийг дагаад Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тэгэхээр хариуцлагын асуудал энэ хоёр хуулиар тодорхойлогдоно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг ойлголтыг нэлээн өргөн агуулгаар авч үзсэн. Энэ ойлголтоор, бусдын бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгийн дарамт учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх эхний эрх зүйн орчин бол захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан. Мөн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг авна.

Харин удаа дараа хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гурав ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн эрүүгийн хариуцлагын хүрээнд хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг явуулна.

Хэргийг шалгах явцад хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч болох нөхцөл бүрдсэн. Ингэснээр хэргийг шалгах явцад хохирогчийг хамгаалахын тулд хүчирхийлэл үйлдэгч хохирогчид ойртох, ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэхийг хязгаарлах, зорчих эрхэд нь хязгаарлалт тогтоох боломж бий болсон.

Л.Нямгэрэл: Хамтарсан багийнханд зориулсан сургалт эхэлсэн

/ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга/

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүргийг өнгөрөгч оны 12 дугаар сард батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад маш тодорхой зааж өгсөн. Ерөөс үндсэн үүрэг нь тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх салбар, байгууллага дундын үйл ажиллагааг зохион байгуулах.

Энэ үүргийнхээ дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой чиг үүрэгтэйгээр тусгагдсан салбарууд хоорондын уялдааг зохицуулах, нэгдсэн сан үүсгэх, мэдээллээр хангах үүргээ биелүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна манай зөвлөлийн орон нутгийн салбар буюу аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар удирдуулсан зөвлөлийн чиг үүргийг мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой заасан.

Хамтарсан багийн үйл ажиллагааг чиглүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төв буюу түр хамгаалах байрны тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр орон нутгийн салбар зөвлөлүүд түлхүү анхаарч ажиллана. Ингэснээр хохирогчдод хүрэх үйлчилгээ жигд явах, түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Гэр бүлийн хүчирхийлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөвлөсөн ажлыг Ажлын алба хийж гүйцэтгэнэ. 2017 оны эхний улиралд хуулиа таниулах, сурталчлах ажлыг түлхүү зохион байгуулна. ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд энэ ажлууд зохион байгуулагдана.

Эхний ээлжид хууль сахиулах байгууллагын болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалтууд явагдана. Сургалтын хөтөлбөрүүд бэлэн болж, ХСИС-д зохион байгуулаад эхэлсэн. Мөн УБХЦГ-тай хамтарч Хамтарсан багийн ажилтан болон цагдаагийн алба хаагчдад чиглэсэн сургалтыг эхлүүлэх гэж байна. Шинэ хуулийг олон нийтэд сурталчлах, эрх, үүргийг нь таниулах, хохирогч болон гэмт хэргийн гэрч, мэдээлэгч гээд хуульд тусгагдсан олон субъекттэй холбоотой холбоотой мэдээллээр олон нийтийг хангах чиглэлээр нэлээн ажил төлөвлөсөн.

С.Ганбаатар: Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийг бүртгэлжүүлсэн

/Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад/

Манай цагдаагийн хэлтэст хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 4-5 дуудлага, мэдээлэл ирдэг. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хариуцсан ахлах байцаагчаараа дамжуулан хороодын хэсгийн байцаагчдаа хүлээлгэн хүлээлгэн өгч, захиргааны арга хэмжээ авахуулан шийдвэрлэдэг.

2016 онд 1,152 дуудлага мэдээлэл ирснийг 2015 оныхтой харьцуулахад 3.6 хувиас өссөн үзүүлэлттэй байгаа. Учир нь дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 607 эргүүл ажиллуулснаар далд хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл ил гарсантай холбоотой.

Шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хороодын хэсгийн байцаагч олон нийтэд хуулийн үндэслэл, онцлог, анхаарах зүйлс, захиргааны зөрчлийг гэмт хэргээс ялгах талаар мэдээлэл хүргэж байна. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлтэй хамтран төлөвлөгөө гаргасан.

УБХЦГ-аас явуулах сургалтад алба хаагчдыг хамруулна. Манай хэлтсийн алба хаагчид өөрийн хамаардаг хороо тус бүрээр судалгаа гарган, айл бүрт орж уулзан судалгаа гаргасан. Үүнд дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1,200-аад иргэний гарын дардас, зураг биечилсэн судалгааг авч цагдаагийн байгууллагын нэгдсэн сан болон цахим санд оруулсан.

Зураг