Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Замын цагдаа нарыг шүүлтүүртэй маск, шүгэл бүхий дохиураар хангахыг зөвлөлөө

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн НЭМС-ийн багш Э.Эрдэнэчимэг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэн Патрик Вреесе, Ана Руле, Д.Виллам, Карол Рисник нартай хамтран “УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН АГААРЫН БОХИРДЛЫН ӨРТӨЛТИЙН СУДАЛГАА”-г хийжээ.

Улаанбаатар хотын автомашины тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд нийт автомашины 66 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байна.

Автомашинаас ялгарч буй утаа нь азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлүүдийг агуулдаг ба агаар бохируулагч бодисуудын 20-30 хувийг бүрдүүлдэг байна. 

Манай улсад хувь хүний агаар бохирдлын өртөлтийн судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд судалгааны багийнхан замын цагдаа нарын агаарын бохирдуулагч бодисуудын өртөлтийг судлах зорилгоор судалгааг явуулжээ.

Судалгаанд зохицуулагч 40 цагдаа, оффист ажилладаг 15 цагдаа хамрагдсан байна.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Нарийн ширхэгт тоосонцор

Нарийн ширхэгт тоосонцорын дундаж агууламж зохицуулагч цагдаад 110.8 мкг/м3, оффисийн цагдаад 45.7 мкг/м3 буюу зохицуулагч цагдаа оффисын цагдаатай харьцуулахад 2.4 дахин их байна. 

Хамгийн их нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ зохицуулагч цагдаад 666 мкг/м3 тодорхойлогдсон бөгөөд өглөөний ээлжинд ажилласан зохицуулагч цагдаад РМ2.5 мкм/м3, оройн ээлжийн хувьд 120.7мкг/м3 байв. 

ДЭМБ-ын гадаад орчны агаарын чанарын лавламж хэмжээнээс зохицуулагч цагдаа нарын 52.6% нь, Монгол Улсын агаарын чанарын стандартаас 13.2% -д нь нарийн ширхэгт тоосонцрын агууламж хэтэрсэн байна. 

Цулцанд нэвтэрдэг тоос

Цулцанд нэвтэрдэг тоосны дундаж агууламж зохицуулагч цагдаад 300 мкг/м3, оффисийн цагдаад 89 мкг/м3 буюу зохицуулагч цагдаа оффисын цагдаатай харьцуулахад 3.4 дахин их байна. Хамгийн их цулцанд нэвтэрдэг тоосны хэмжээ зохицуулагч цагдаад 1145 мкг/м3 тодорхойлогдлоо.

Өглөөний ээлжинд ажилласан зохицуулагч цагдаад цулцанд нэвтэрдэг тоос 254 мкм/м3, оройн ээлжийн хувьд 407мкг/м3 байв. Амралтын өдрүүдэд 282мкг/м3, ажлын өдрүүдэд 307мкм/м3 байна.

Азотын давхар исэл

Автомашины утаанаас ялгарч буй үндсэн бохирдуулагч Азотын давхар ислийн дундаж агууламж зохицуулагч цагдаад 42 ppb, оффисийн цагдаад 13.5 ppb буюу зохицуулагч цагдаа оффисын цагдаатай харьцуулахад гурав дахин их байна. Хамгийн их азотын давхар ислийн хэмжээ зохицуулагч цагдаад 117ррЬ, оффисын цагдаад 26.8ррЬ тодорхойлогдлоо. 

Хөө

Зохицуулагч цагдаагийн өртөлт оффисын цагдаатай харьцуулахад тав дахин өндөр буюу хамгийн их нь 283.400ng/m3, оффисын цагдаад 25540 ng/m3 байна.

Нүүрстөрөгчийн дутуу исэл

Нүүрстөрөгчийн дутуу ислийн дундаж агууламж зохицуулагч цагдаад 3.2ррт, оффисийн цагдаад 1.6ррт буюу зохицуулагч цагдаа оффисын цагдаатай харьцуулахад хоёр дахин их байна. Хамгийн их нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ зохицуулагч цагдаад 15.0 ppm байна.

ДҮГНЭЛТ:

Замын зохицуулагч цагдаа нар автотээврээс үүдэлтэй агаар бохирдуулагчдад өртөж байна. Түүнчлэн агаар бохирдуулагч бодисууд зохицуулагч цагдаа нарын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүйг харууллаа.

Автотээврээс үүдэлтэй агаарын бохирдолд шөнийн ээлжинд ажилладаг цагдаа нар илүүтэй өртөж байна. Харин цагдаа нарын бохирдуулагч бодисуудын өртөлт ажил болон амралтын өдрүүдэд ялгаатай байдал ажиглагдсангүй.

ЗӨВЛӨМЖ

  • Зам дээр зогсож ажиллаж буй цагдаа нарын хөдөлгөөн зохицуулалтын цагийг багасгах, богино хугацаагаар зохицуулалт хийхээр ажлыг зохион байгуулах
  • Зохицуулагч цагдаа нарын ажил хөдөлмөрийг ажлын байрны хэвийн бус нөхцөлд ажилладаг ажил үүргийн жагсаалтанд багтаан оруулах
  • Зохицуулагч цагдаа нарыг шүүлтүүртэй маск, шүгэл бүхий дохиураар хангах
  • Хувь хүний агаарын бохирдлын өртөлтийг үнэлэх зорилгоор эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах