Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос дууны хурдтай тээврийн хэрэгсэл зохион бүтээхээ зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Бараг дууны хурдтай адилхан буюу 1,000 км/цаг хурдалдаг тээврийн хэрэгсэл  зохион бүтээхээр болсноо Солонгосын Төмөрзам Судлалын Хүрээлэн (KRRI) Мягмар гарагт зарлажээ.

Засгийн газрын дэргэдэх тус хүрээлэн бусад судалгааны байгууллагууд, Ханьян Их сургуультай хамтран энэхүү “галт тэрэг” маягийн тээврийн хэрэгслийг гурван жилийн дотор зохион бүтээх ба Сөүлээс Бусан хүртэл ердөө хагас цаг давхих юм байна.

Hyper-tube систем гэж нэрлэж байгаа төсөл нь нам даралттай төмөр хоолойн дотор өндөр хурдаар зорчих бүхээгнүүдээс бүрдэнэ. Өнөөдрийн газраар зорчих хамгийн хурдан унаа нь цагт 500 км зам туулдаг соронзон замын галт тэрэг буюу maglev (magnetic levitation) юм. Тэгвэл ийм хоолой дотуур зорчдог тээврийн хэрэгслийн санааг анх АНУ-ын Тесла Моторс компанийн CEO Илон Маск санаачилж байв. Маскийн санаачилсан хувилбарыг Hyper-loop систем гэж нэрлэдэг.

Ийм агааргүй хоолой дундуур давхихад ямар ч эсэргүүцэх хүч байхгүй тул өндөр хурд гаргах боломжтой. Харин дээр дурдсан maglev нь хэдийгээр төмөр замаасаа соронзон орны түлхэлтээр хөндий явдаг ч агаарын урсгалын эсэргүүцэлтэй тулгардаг юм.

KRRI-ийн мэдэгдэлд “АНУ, Хятад, Канад зэрэг олон орон энэхүү ирээдүйн технологийг эзэмшихээр ажиллаж байна. Тэгвэл бид бас тэдэнтэй өрсөлдөх болно” гэжээ.

Гэхдээ шинэ технологи нь харьцангуй эмзэгт тооцогдож байгаа. Тухайлбал террорист халдлага, байгалийн гамшиг зэрэгт хоолой нь бага ч гэсэн сэвтвэл дотор нь зорчих бүхээгт аюул учрах юм.

KRRI-ийн судлаачид үүнийг бүх улс орнуудад тохиолдох сорилт тул хамтдаа шийдэж чадна гэж итгэж байгаа гэжээ.

 

Эх сурвалж: Korea Times