Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Томоохон худалдааны төвүүдийн зогсоолыг зөвхөн ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ашиглуулна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сар шинийн баяр амралтын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2016 оны cap шинийн баярын өдрүүдэд буюу 2016 хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 50 хүн хүнд, хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирчээ.

Баярын өдрүүдэд гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэх гэж замын хөдөлгөөнд оролцож явах үедээ өөрийн болон бусдын хариуцлагагүй үйлдлээс болж, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал өмнөх жилүүдэд гарч байсан.

Энэ жилийн баярын өдрүүдэд зохион байгуулах ажлын талаар Замын Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Замын Цагдаагийн Албанаас энэ жил онцгойлон, орон нутгийн замд хөдөлгөөн ихэсдэг учраас орон нутгийн замуудад хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна.

Мөн шинжлэх ухааны дэвшилтэт технологи болох явуулын камеруудыг ихээр ажиллуулж байна.

Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцогчид энэ замуудад хяналт, шалгалт байдаггүй, цагдаа харагддаггүй гэх сэтгэлгээнээсээ болж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осолд ордог байдал багасна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үүнээс гадна нийслэл хотод томоохон худалдааны төвүүд зогсоолгүйгээс болоод ачаалал ихэсдэг.

Иймээс зогсоолын асуудлыг зохион байгуулалтад оруулж, түрээслэгч, ажилчдад бус үйлчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийн тээврийн хэрэгсэлд ашиглуулахыг захирамжаар дамжуулан худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж байна” гэлээ.

Баяр, амралтын өдрүүдийг угтаж иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба Facebook хаягаар тогтмол өгч ажиллах юм байна.


Сар шинийн баяр ойртож байгаа тул удаан хугацаагаар орон, байраа орхиж явах бол хэсгийн байцаагч болон хамаатан садандаа хэлж, захихыг анхааруулж байна

Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд жил бүрийн нэгдүгээр улиралд үйлдэгдэж байгаа хэргүүдээс хулгай дээрэм, булаалт, залилангийн гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлдэг байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Мөнхсолонго “Нэгдүгээр улиралд сар шинийн баяр, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баяр зэрэг олон баяр, амралтын өдрүүд давхцдаг.

Үүнтэй холбоотойгоор гэр орноо эзэнгүй орхих, орон байр, албан байгууллагаа чөлөөтэй орхих, анхаарал болгоомж, сэрэмжээ сулруулах зэргээс шалтгаалан дийлэнх гэмт хэргүүд үйлдэгддэг.

 
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас “Сар Шинэ” нэгдсэн арга хэмжээ, "Шаг хяналт", "Эзэнгүй айл", "Цахим тоглоом", "Архи, тамхигүй эрүүл орчин" зэрэг хэсэгчилсэн хяналт, шалгалтын арга хэмжээнүүдийг зохион байгуулж, урьдчилан сэргийлж ажилладаг.

Баярын өдрүүд ойртож байгаатай холбогдуулан ард иргэддээ, 

  • байр орцоо давхар хаалга, цоожтой болгох,
  • орчны гэрэлтүүлгийг сайжруулах арга хэмжээ авах,
  • удаан хугацаагаар явах бол бэлэн мөнгө, үнэт зүйл, эд хөрөнгөө гэртээ хадгалахгүй байх,
  • хаалга цонхондоо найдвартай бэхэлгээ хийх,
  • дохиоллын систем камертай болгох,
  • удаан хугацаагаар гэр орон, байраа орхиж явах бол энэ тухай хэсгийн байцаагч болон хамаатан садандаа хэлж, эзэнтэй болгохыг анхааруулж байна" гэв.