Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр архи, согтууруулах ундаа худалдаалсан ГУРВАН зөрчил илэрчээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн Ерөнхий Газраас Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг түр хориглосон тогтоолын дагуу өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаанд хориглоод байгаа билээ.

Тогтоол гарсантай холбоотойгоор хяналт шалгалт явуулахад 17-ны өдөр ямар нэгэн шинжилгээгүй архи согтууруулах ундааны зүйлийг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалах гурван зөрчил илэрчээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гүнчин-Иш “Нэгдүгээр сарын 17-ны 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэл хотын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг зогсоосон.

Цагдаагийн байгууллагаас дээрх тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан байгаа. Өнгөрсөн хоногт гар дээрээс зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа худалдаалах гурван зөрчил бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллага эдгээр зөрчлийг илрүүлэн архи, согтууруулах ундааны зүйлсийг хураан авч, мэргэжлийн байгууллагын шинжилгээнд хамруулан шалгаж байна.

Иргэдэд анхааруулж хэлэхэд хууль бус үйл ажиллагааг өөхшүүлж, зөвшөөрөлгүй, шинжилгээнд хамрагдаагүй архи согтууруулах ундааг авахгүй байх, мөн ийм хууль бус үйл ажиллагааг цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдэгдэж, хамтран ажиллахыг уриалж байна” гэв.

2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр,

1. Дархан-Уул аймгийн харьяат “Б" нь “+21” фейсбүүкт “...архи зарна..." гэсэн зарыг байршуулж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Анкара” зочид буудлын гадна бусдад 12 ширхэг Смирнов архи, 1 ширхэг СКОТТ виски,
2. Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С” нь 5073УБП улсын дугаартай Приус-20 маркын автомашинтай Улаанбаатар, Чингис, Сархад, Соёрхол, Голд Чингис нэртэй 18 шил архи, 2.5 литрийн Сэнгүр пиво 22 ширхэг,
3. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Хаанчлал” зочид буудлын захирал “Б” нь 4 шил Соёрхол архи, 2.5 литрийн Сэнгүр пиво зарж байсныг тус тус үйлдэл дээр нь илрүүлэн Баянгол, Баянзүрх дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар тус тус шилжүүлэн өгсөн байна.

Дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчид мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хамтран хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах төрлийн зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 4,346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаж, 175 аж ахуйн нэгжийн үйлажиллагааг нь зогсоож, 3,949 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгч, 1,393 шил архи, 3,945 шил шар айргийг битүүмжилж, 33 шил архи, 40 шил шар айраг, 1 шил дарсийг хураан авч, тусгай зөвшөөрөлгүй таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоож, гар дээрээс согтуурах ундаа худалдан борлуулж байсан нэг иргэн, нэг аж ахуйн нэгж, бусад хоёр зөрчлийг илрүүлэн, материалжуулан шалгаж байна.