Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

АН: Сунгааны үр дүнд тэд юу гэж дүгнэв?

Ардчилсан Нам
2017 оны 1 сарын 18
Ардчилсан Нам
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2016 оны 12 дугаар сарын 22-нд Хэнтий аймгаас эхэлсэн Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа үргэлжилсээр байна. Энэ сарын 17-нд Сэлэнгэ аймагт болсон 22 дахь уулзалтын дараа нэр дэвшигчдээс сунгааны үр дүн хийгээд, үйл явцын талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Тэд сунгааг маш үр дүнтэй болж байгаа хэмээн үнэлж байна. 


Д.ЭРДЭНЭБАТ: ӨӨР ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ БОДЛООР САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭЭД ЯВЖ БАЙГАА НЬ ЭНЭ НАМЫН ДАВУУ ТАЛ

 

Сунгааны явцаас харахад манай намын бодит байдал, ойлголтын зөрүү, ирээдүйн чиг хандлага гэдэг зүйл дээр байсан олон янзын саналууд нэг тал руугаа цэгцэрч чадаж байна. Таван нэр дэвшигч яг өөр өөрийнхөө өнгөөр, өөр өөрийнхөө үзэл бодлоор санал бодлоо илэрхийлээд явж байгаа нь энэ намын давуу тал. 

Би энэ таван өнгийг энэ намаас өөр хаана ч харахгүй, ийм сунгааг өөр ямар ч нам хийхэд хүнд гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Ардчилсан намын дотоод ардчилалынх нь мөн чанар юм. 

Н.АЛТАНХУЯГ: МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ИТГЭЛ НАЙДВАР СЭРГЭЖ БАЙНА 

 

Би энэ сунгаанд орохдоо гишүүдтэйгээ уулзах юмсан гэж бодож орсон. Гишүүдтэйгээ уулзахын хүслээр цангаж, уулзаж ярьж, санаа оноогоо хуваалцахыг хүсэж байлаа. Одоо сэтгэл уужирч байна. 22 уулзалт хийлээ. Гишүүдийнхээ санаа оноог сонслоо. Өөрийнхөө санаа бодлыг хэллээ. Уулзалтаас манай гишүүд маш их урам зориг авч байна. 

Итгэл найдвар төрж байгаа нь нүдэн дээр илэрхий харагдаж байна. Энэ бол сунгааны хамгийн том үр дүн. Гишүүдийн урам зориг, итгэл найдвар сэргэнэ гэдэг бол миний энэ сунгаанд оролцсоны  хамгийн том үр дүн. Монголын ардчиллын итгэл найдвар сэргэж байна. 

Л.ГАНТӨМӨР: БИД НЭГ НЬ НӨГӨӨГӨӨСӨӨ СУРЧ БАЙНА 

 

Намын дарга болох хүмүүс яг юу хийх вэ гэдэг нь чухал. Юу хийх вэ гэдгээ нэг нь нөгөөгөөсөө сурч байгаа нь их сайн байна. Миний хэлж байгаа үгний тал нь ард түмэндээ, тал нь нөгөө дөрөвтөө хэлж байгаа үг. Шинжлэх ухаанаар монгол хөгжинө, өөр гарц сонголт байхгүй. Мэдлэгийн эдийн засгийг авчиръя. Өөр гарцгүй гэдгийг ард түмэнд хэлэхээс гадна хамтдаа явж байгаа нөхөддөө ойлгуулах гэж хичээж байгаа. 

Бусад нэр дэвшигчдийнхээ хэлж ярьж байгаа дотроос өөрийнхөө сонсох ёстойг сонсоод явж байна. Ямар зарчим баримтлах вэ, яаж эв нэгдлийг хангах вэ гээд л... Бид тав явсаар байгаад гишүүдийн нам болно гэдэг дээр нэгдлээ. Бүх сонгуулийг гишүүдээрээ явуулъя. Аймгийн намын даргыг аймгийн намын бүх гишүүдийн саналаар, сонгуулиар шийднэ гэдэгтэй одоо хэн ч маргахгүй.  

Ж.БАТЗАНДАН: АРДЧИЛСАН НАМ ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДНА ГЭДЭГТ ОЛОН ЗУУН МЯНГАН ХҮН ИТГЭЛТЭЙ БОЛЖ БАЙНА

 

Сонгуулийн сурталчилгаа амжилттай сайн үргэлжилж байна. Таван нэр дэвшигч маань хамтдаа яваад үзэл санаа, шинэчлэлийн  хөтөлбөрөө тодорхой танилцуулж байгаа. Намын гишүүд дэмжигчид болон иргэд ардчилсан намын даргын сонгуулийг анхааралтай ажиглаж байна. Ардчилсан нам шинэчлэгдэж чадна, ардчилсан нам босч чадна, монголын ардчилал дээшилж дэвжинэ гэдэгт олон зуун мянган хүн итгэлтэй болж байна. 

С.ЭРДЭНЭ: ТАВУУЛАА Л АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨ, МОНГОЛ ОРНЫ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНА

 

Бид тавуулаа 22 уулзалт хийлээ. Эдгээр уулзалтын онцлог юунд байгаа вэ гэхээр тавуулаа таван өөр өнгөөр, таван өөр үзэл бодлоор хөтөлбөрөө тайлбарлаж байна. Хэдий тийм боловч  тавуулаа л ардчилсан намын шинэчлэлийн төлөө, монгол орны ардчиллын төлөө гэсэн нэг зүгт зангидагдаж байна.  

 

М.Гэрэлтуяа 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.