Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин: Дэлхий ертөнцийн зовлонд Глобалчлалыг бүү буруутга!

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Ши Жиньпин Давос хотноо

Швейцарийн Давос хотод болж байгаа Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний өчигдөр буюу Мягмар гарагт тавьсан илтгэл улс орнуудын анхаарлыг татаж байна.

Учир нь түүний хэлсэн үг дэлхий дахинд глобалчлалын тэргүүлэгч гүрнээр Хятад тодорч байгааг илэрхийлсэн явдал болжээ. Хаа сайгүй амь амиа бодох, тусгаарлах, зааглах хөдөлгөөн өрнөж байгаа энэ үед Ши Жиньпин “дэлхий нийтийн зовлон бэрхшээлд глобалчлал буруугүй” хэмээн өмөөрсөн юм.

Тэрээр Дональд Трампын нэрийг дурдаагүй боловч, АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн үзүүлж байгаа бодлого, үйлдэлд хариу өгөх зорилготой нь илэрхий байлаа.

Өнгөрсөн жилийн турш өрнөсөн сонгуулийн сурталчилгааны үеэр Трамп нь Хятадыг “валютын луйварчин” хэмээн цоллож, Хятадын импортын бараанд 45 хувийн гаалийн татвар ноогдуулахаа амлан, Америкийн эдийн засгийн доройтолд Хятадыг буруутгаж байв.

Өчигдөр тавьсан илтгэлдээ Ши өөрийн зах зээлд гадаадын компаниудын нэвтрэх боломжийг улам сайжруулахаа амлан, Хятад улс юанийг зохиомлоор үнэгүйдүүлж, валютын дайн хийх санаагүй гэдгээ хэлжээ.

Ши Жиньпин “бодлогоор өөрийгөө бусдаас тусгаарлаж байгаа хэн ч байсан өөрийгөө харанхуй гэрт цоожилж байгаагаас ялгаагүй. Тэд хэдийгээр бороо, шорооноос тусгаарлагдах боловч гэрэл, агаараар дутагдана” гэсэн байна.

Тэр бас “худалдааны дайнд хоёр тал хоёул хохирогч болох аюултай” гэжээ.

Глобалчлалаас зугтах гэсэн ямар ч оролдлого бүтэлтэй болохгүйг тэр мөн онцолсон байна.

Давосын чуулганд огт ирж байгаагүй Ши Жиньпин энэ жил оролцсон явдал нь дэлхий нийтийн харилцаанд тэргүүлэгч байх АНУ-ын үүргийг “тусгаарлагч үзэлтэн” гэдгээрээ алдаршсан Трампын засаг захиргаа алдах вий гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлсэн явдал боллоо. Британичуудын Европын Холбооноос гарах сонголт ч үүнд нэмэр болсон юм.

Энэ үед БНХАУ-ын төрийн тэргүүн дэлхийн эдийн засгийн хямралыг эмчлэх арга нь инноваци, бүтцийн реформ, санхүүгийн засаглалын өөрчлөлт юм гэж Давост чуулсан дэлхийн 3,000 орчим улс төр, бизнесийн лидерүүдэд уриалжээ.

Тэр бас байгаль орчныг хамгаалахын ач холбогдлыг ухуулж, Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ бол том амжилт гээд, гэрээнд нэгдсэн улс орон бүрийг үүргээ биелүүлэхийг уриалсан юм.

Харин Дональд Трамп цаг уурын дулаарлыг АНУ-ын аж үйлдвэрлэлийн хүчин чадлыг сулруулахын тулд Хятадуудын зохиосон үлгэр гэж ярьдаг.

Нэг үгээр хэлбэл АНУ, Европ зэрэг дэлхийн томоохон гүрнүүдэд тусгаарлах, хувиа хичээх, үндсэрхэг үзэл, глобалчлалын эсрэг үзэгдэл өрнөж байгаа энэ үед Хятад улс дэлхий нийтийн дэг журмыг тогтоогчийн байр суурийг горилж эхэлснийг Ши Жиньпиний илтгэл харуулжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post