Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг бүтээн байгуулалтад оролцохгүй

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 1 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд  Б.Бат-Эрдэнийн байр суурийг сонслоо.

-Татан буулгачихсан дотоодын цэргийг сэргээх шаардлага бий юу. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Дотоодын цэргийг зайлшгүй сэргээх шаардлага тавигдаж байна. Дэлхийн бүс нутгуудын аюулгүй байдал­тай холбоотой асуудал, терроризм янз бүрийн халдлага их гарч байна. Тодорхой жишээ хэлэхэд хүн амын талд нь хамааралтай Улаанбаатарын гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг хамгаалж байх ёстой.

Цагдаагийн албан хаагч 24 цагийн хугацаанд жижүүрлэнэ гэдэг учир дутагдалтай. Үүргээ сайн биелүүлж ирсэн 92 жилийн түүхтэй байгууллагаа татан буулгачихаж болохгүй. Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын тулгуур хуулиуд батлагдсантай холбогдож дотоодын цэр­гийг байгуулах хуулийг оруулж ирж байгаа.

Дотоодын цэрэг 1922 оноос 2014 он хүртэл 92 жил үүрэг гүйцэтгэсэн. 1990 оноос өмнө хилийн ба дотоодын цэрэг гэж байсан бол түүнээс хойш цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнд багтаж үүрэг гүйцэтгэж ирсэн. Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, ард ир­гэдийн амар тайван бай­дал, мөн улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг гүйцэтгэдэг.

-Дотоодын цэргийг сэргээлээ гэхэд шинээр анги байгуулах уу?

-Засгийн газар, Хуульзүй дотоод хэргийн яамнаас энэ жилийн батлагдсан төсөвтөө багтаагаад дотоодын цэргийг байгуулахаар төлөвлөж байна. Хуучин анги байгууллагууд татан буугдсантай холбоотойгоор шинэ анги байгуулахад 2.5-3 тэрбум төгрөгийн төсөв хөрөнгө шаардлагатай асуудал яригдаж байна.

Бусад нь батлагдсан төсөвтөө багтаад байгуулагдчих байх. Ер нь улс орны эдийн засаг хүндэрч байгаатай холбоотойгоор харьцангуй 2012-2013 онд хөрөнгө мөнгөний бололцоотой байгаа дээр нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудынхаа төсөв зардлыг хасчихсан юм билээ.

Тухайлбал, зэвсэгт хүчний хувцасны зардлыг төсвөөс гаргахаа больчихсон. Өөрийнхөө улс орны аюулгүй байдлыг бусад улс орноор хамгаалуулж байгаа улс өөр байдаг байх. Бидэн шиг тусгаар тогтносон, аюулгүй байдлаа  хамгаалах зэвсэгт хүчин, батлан хамгаалахтай улс орнууд энэ салбарын цэргийн албан хаагчдын хоол хувцас, бусад зардлыг төр хариуцах ёстой.

Гэтэл 2014 оноос хойш хариуцаж чадахаа больчихсон. Бид НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон томилолтын зардлаас зэвсэгт хүчний хэмжээний  цэргийн албан хаагчдын хувцсанд зарцуулж байх жишээтэй. Уг нь  томилолтын зардал  зөвхөн энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагч, ашиглаж байгаа техник хэрэгслийг сэргээх, сайжруулахад зориулсан байдаг. Ийм ядарсан байна.

Зөвхөн зэвсэгт хүчний салбар ч биш Хуульзүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагууд хувцасны зардлаа өөрсдөө хариуцдаг юм билээ. Олон тэрбум төгрөгийн хуримтлагдсан хүндрэлүүд байгаа. Цаашид ийм маягаар явах юм уу гэдгийг байнгын хороон дээр хэллээ. Ийм байдлаар явах юм бол дараагийн ээлжид хоолыг нь дааж чадахгүй нь. Өөрсдөө гэрээсээ хоолоо олж ир гэж хэлэх байдал руу орох юм байна.

-Цэргүүдийг зөвшөөрөлгүйгээр барилга дээр ажиллуулах тохиолдол их гардаг. Энэ асуудлыг хуулиар зохицуулсан уу?

-Дотоодын цэргийн албан хаагчид тусгай чиг үүрэгтэй учраас барилга бүтээн байгуулалтын ажилд оролцохгүй. Зэвсэгт хүчний анги байгууллагууд ч мөн адил бүтээн байгуулалтад оролцохгүй. Зургаан сар, нэг жил алба хааж байгаа цэргүүдэд улс орны аюулгүй байдалтай холбоотой сургалт, бэлэн байдал хамгийн чухал. Алба хаах хугацаанд системтэйгээр олгох мэдлэг, боловсрол гэж бий. Тиймээс өөр зүйлд оролцох ямар ч боломжгүй.

2008-2012 онд УИХ-аар баталсан Зэвсэгт хүчний анги бүрэлдэхүүн Батлан хамгаалах яамны харьяанд хуучин барилгын цэргийн анги гэж байсан хэд хэдэн ангийг байгуулсан. Тэдгээр анги байгууллагууд бүтээн байгуулалтын ажилд оролцоно. Ялангуяа, улсын тусгай нууцын зэрэглэлд хамаарах барилга объектын ажилд оролцоно.

Дотоодын аж ахуйн нэгж хүч хүрэлцэхээргүй, мөн чухал хэрэгцээ шаардлага байна гэвэл улс орны хэмжээний бүтээн байгуулалтад хүн хүч татаж болно. Тухайлбал, АСЕМ-ийн хотхоны гадаад, дотоод тохижилт,  зам, гүүр гээд хамгийн хүнд ачааг манай анги байгууллагууд үүрсэн.

-Монгол цэрэг бүтээн байгуулалт үргэлжлэх үү?

-Зэвсэгт хүчин батлан хамгаалах салбарт 24 тэрбум төгрөг аваад Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрийг дэвшүүлсэн. Улс орны эдийн засаг хумигдсантай холбоотойгоор энэ жил буцааж, улсын төсөв дээр хассан. Ирэх жил бүтээн байгуулалт, хүн хүч татах асуудал байхгүй.

Зураг