Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

В. Путин: Тэд бол биеэ үнэлэгчээс долоон дор…

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Путин Трамптай утсаар ярина

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг Кремлийн утсан хүүхэлдэй болгож харуулах гэсэн явуулгын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэр хэлэхдээ “Би ноён Трампыг хувь хүнийхээ хувьд танихгүй, бид хэзээ ч уулзаж байгаагүй, түүнийг олон улсын тавцан дээр юу хийхийг мэдэхгүй. Тиймээс би түүнийг сүрдүүлэх, шүүмжлэх, хамгаалах гээд ямар ч үйлдэл хийх үндэс байхгүй” гэсэн байна.

Харин Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч сонгуульд баттай ялалт байгуулсны дараа АНУ дахь дотоод улс төрийн тэмцэл эрчимжсэнийг “Трампыг ерөнхийлөгч болгохгүйн төлөө” хэн нэгний хийж буй явууллага мэт харагдаж байгааг Путин хэлжээ.

“Трампыг ерөнхийлөгч болгохгүйн тулд тэд яг Киевт хийж байсан шиг Майданыг Вашингтонд зохион байгуулж байгаа нь надад танил санагдаж байна” гэж Путин хэлсэн нь 2014 онд Украины удирдлагыг зайлуулсан улс төрийн ажиллагааг зохион байгуулагчид үүний цаана байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн үг болсон байна.

Ийм далд хүч Трампын эсрэг ажиллаж байгаа нь “АНУ-ын ашиг сонирхолд хор хөнөөлтэй” болохыг Путин онцолжээ. Тэрээр “Биеэ үнэлэх явдал бол нийгмийн бузар муухай үзэгдэл” гээд Трампын эсрэг ажиллагаа явуулагчдыг “биеэ үнэлэгчдээс ч долоон дор этгээдүүд” гэж нэрлэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагчийг Москва нууц материал ашиглан сүрдүүлсэн гэх мэдээллийг ОХУ-ын ерөнхийлөгч үгүйсгэжээ.

Путин “Трамп олон жилийн өмнө Москвад ирэхдээ улс төрд ороогүй байсан. Бид түүний улс төрийн амбицийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Тэр ердөө бизнесмэн, Америкийн баян хүмүүсийн нэг гэдгээрээ танил байлаа. Тэгэхээр манай тагнуулынхан Америкийн тэрбумтан бүрийг мөрдөөд байдаг гэж хэн нэг нь бодож байна уу? Тийм зүйл огт байхгүй” гэсэн юм.

Москвагийн зочид буудалд Трампын биеэ үнэлэгчтэй байгаа бичлэгийг нь Оросууд ашиглаж шинэ ерөнхийлөгчийг гартаа оруулсан гэх мэдээллийн талаар хэлэхдээ Путин “дэлхийн гоо бүсгүйн тэмцээнийг олон жил зохион байгуулж, сайхан бүсгүйчүүдийн дунд байдаг хүн Оросын нийслэлд ийм зүйл хийнэ гэдэг эргэлзээтэй” гэж сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Өнгөрсөн долоо хоногт Британий тагнуулын ажилтан асан Кристофер Стилийн задруулсан гэх нууц материал CNN, BuzzFeed сувгуудаар цацагдаж шуугиан тарьсан юм.

Уг материалд Дональд Трампыг хэдэн жилийн өмнө Москвагийн Ritz Carlton зочид буудалд байрлахдаа биеэ үнэлэгчдийг урьж, наргиж байсан тухай түүхийг дурдаж, тэр нь Кремлийн тусгай албадын гарт орсон гэж байв.

 

Эх сурвалж: Russia Today