Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Долоон аймагт нэмж цас орвол өвөлжилтийн байдал улам ХҮНДРЭХ төлөвтэй байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN

Өвөлжилт хүндрэлтэй, цас ихтэй байгаа аймаг сумдыг дараах зургаар илүү тодорхой харууллаа...

Газрын зураг дээгүүр хулганаа чирж үзнэ үү.

/ЗУРАГ ДЭЭР ЦАС ИХТЭЙ АЙМГУУДЫГ УЛААН ӨНГӨӨР ХАРУУЛАВ/

Энэ сарын 17-ны байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 17 аймгийн 127 сум, нийслэлийн Налайх дүүрэгт өвөлжилт хүндрээд байна.

Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-50 см, уулархаг газар, гуу жалгандаа 55-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайн улмаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух зэрэг хүндрэл гарсан байна.

Улсын хэмжээнд 61.5 сая мал өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас, отрын бүс нутгаар 16.1 мянган малчин өрхөд 6.9 сая толгой мал өвөлжиж байна.

Өвөлжилт хүндрэлтэй байгаа болон отроор өвөлжиж байгаа малчид, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрх, бага насны хүүхдэд олон улсын байгууллагаас дэмжлэг тусламжийг хүргэж эхэлсэн байна.

Тухайлбал, НҮБ-ын Хүн Амын Сангаас 160 сая төгрөгийн 2,465 хайрцаг ариун цэвэр, эрүүл ахуйн багц, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс гал тогооны багц 150 хайрцаг, эрүүл ахуйн багц 150 хайрцаг, хүнсний багц 40 хайрцаг, дулаан хүрэм 150 ширхэг, хөнжил 150 ширхэг, гудас 150 ширхэгийг ирүүлжээ.

Эдгээрээс Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нийт 1,341 багц эд материалыг хүргүүлээд байна гэсэн мэдээллийг албаныхан өглөө.

Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын ирүүлсэн мэдээгээр 2017 оны нэг, хоёрдугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу цас орж, хүйтэн байх төлөвтэй байна.

 

Их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл бэрхшээл үүсдэг гэсэн судалгааг Онцгай Байдлын Ерөнхий Газрын шуурхай дуудлагын бүртгэл дээр үндэслэн гаргасан бөгөөд гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ.

Өвөл, хаврын улиралд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хаагддаг улсын болон орон нутгийн автозам, даваа...

Газрын зураг дээгүүр хулганаа чирж үзнэ үү.

/ЦЭНХЭР өнгөөр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хаагддаг улсын болон орон нутгийн автозам, давааг тэмдэглэв/

Цас нэлээд нягтарч хатуурсан нь малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулж байна

 

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар нийт 17 аймгийн 127 сум, нэг дүүрэгт өвөлжилт хүндрэлтэй байна. Үүнтэй холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Ч.Туяагаас дараах зүйлийг тодрууллаа.


- Одоогоор өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдол болон хүн төөрч алга болсон тохиолдол бий юу?

- 2016 оноос 2017 онд шилжих өвлийн улиралд иргэд салхи, шуурганд төөрсөн тохиолдол гараагүй.

Салхи шуургатай, цаг уурын аюултай үзэгдэл болох тохиолдлууд үе үе гарч байгаа ч энэ тал дээр цаг уурын байгууллагын мэдээлэлд үндэслэн сэрэмжлүүлэг, анхааруулгыг цаг тухайд нь гарган, ажиллаж байна.

Харин зөвхөн өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор цас ихтэй байгаа аймгуудад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 25 орчим мал хорогдсон гэсэн урьдчилсан мэдээлэл гарсан байгаа.

- Цас ихтэйн улмаас зам даваа хаагдах, цасанд суух болон томоохон гол мөрний мөс цөмрөх аюул осол гардаг. Энэ талаар?

- Цастай холбоотойгоор орон нутгуудийн зам даваа хаагдах хүндрэлтэй асуудал гардаг. Үүнээс болоод шатахуун зарцуулах, илүү зардал гаргах, туулалт сайтай тээврийн хэрэгслийн хүрэлцээ хангамж орон нутгуудад муу байдаг зэрэг асуудлууд тулгардаг.

Энэ тал дээр иргэдэд анхааруулж, мөн тээврийн хэрэгслийн жолооч нартаа тусгайлан зориулж сэрэмжлүүлэг мэдээллийг, орон нутгуудад багц мессежээр хүргэж байгаагаас гадна нийслэлийн хэмжээнд зарлан мэдээлэх хэрэгслийг ашиглан иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.

Он гарсаар 10 удаагийн мөс цөмөрсөн тохиолдол гарсан.

Иргэд хугацаа хэмнэх, зам товчлох үүднээс мөсөн дээгүүр тээвэрлэлт хийснээс болоод мөс цөмөрч, усанд осолдон амь насаа алдах тохиолдлууд гардаг.

Завхан, Увс, Хөвсгөл, Архангай, Төв, Сэлэнгэ аймгийн нутагт иргэд тээврийн хэрэгслээр мөсөн дээгүүр зорчсоны улмаас амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон хэд хэдэн удаагийн тохиолдол гарсан.

2016 оны арванхоёрдугаар сард болон сүүлийн үед энэ төрлийн дуудлагууд нэлээд ирж байна.

Он гарсаар 10 удаагийн мөс цөмөрсөн тохиолдол гарсан. Энэ өвөл тухайлбал,

2016 оны арванхоёрдугаар сарын 17-нд Архангай аймгийн Тариат сумд Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр 50 гаруй насны хоёр иргэн ан гөрөө хийж, тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, амь насаа алдсан тохиолдол гарсан.
Ойрын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт гар аргаар олборлолт явуулдаг иргэд хиймэл нуурын орчим буюу хоёр хүрэхгүй метрийн зайд долоон метрийн гүн нүх ухаж олборлолт явуулсны улмаас ухсан нүх рүү нь хиймэл нуурын ус задарч орсон. Үүнээс болж 30 гаруй насны хоёр эрэгтэй амь насаа алдсан байна.

Одоогоор иргэдийн цогцосыг гаргах ажиллагаа явагдаж байна. Задраад ус орсон учраас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа.

Тэгэхээр нэгдүгээр сарын 13-наас хойш Архангай аймгийн Онцгой Байдлын Газар Цагдаагийн байгууллага болон орон нутгийн бусад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

- Өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан асуудал хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр арваннэгдүгээр сараас хойш Засгийн газар нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна.

Засгийн газрын 2015 оны 286-р тогтоолын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсгийг гарган, үнэлгээ хийх ажлуудыг зохион байгуулсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ажлын үр дүнтэй холбогдуулан 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан тогтоолын дагуу нийт өвөлжилт хүндрэлтэй, цас ихтэй байгаа аймгуудад 1.1 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газраас шийдвэрлэж, мөн арваннэгдүгээр сарын 28-ны 168-р тогтоолын дагуу 21 аймагт хүн эмнэлгийн автомашин хуваарилсан байгаа.

Ерөнхийдөө хүн эмнэлгийн автомашины асуудал аймаг сумд, хөдөө орон нутагт хүндрэлтэй байдаг. Урьдчилан сэргийлэх үүднээс эдгээр ажлуудыг хийсэн байна.

Үүнээс гадна олон улсын байгууллагуудтай манай улс хамтран ажиллаж, тусламж дэмжлэн авч, түрүүчээсээ цас зудтай байгаа аймаг сумд, хөдөө орон нутгийн иргэд малчдад тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

НҮБ-ын Хүн Амын Сан болон Улаан Загалмай Нийгэмлэгээс тусламж үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.