Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын үгэнд Орос, Британи баярлаж, Герман гомдов

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп

Хэд хоногийн өмнө Европын томоохон хэвлэл мэдээллийн сэтгүүлчидтэй ярилцахдаа Дональд Трампын хэлсэн үгсийг улс орнууд янз бүрээр хүлээн авч байна.

Тухайлбал NATO-г Трамп “хоцрогдсон” байгууллага гэж нэрлэсэн нь Кремлийн талархлыг хүлээжээ. Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр хэлэхдээ “Үнэндээ NATO бол өнгөрснөөс үлдсэн илүүдэл эрхтэн шиг болсон, бид түүнтэй санаа нэг байна” гэсэн юм.

Песков бас “анхнаасаа сөргөлдөөнд зориулагдаж байгуулагдсан энэ эвсэл өнөөдрийн тогтвортой байдал, хөгжил дэвшил, аюулгүй байдлын үзэл санаанд тохирохгүй байгаа нь үнэн” гэжээ.

Харин Трампын үгэнд эмзэглэсэн тал нь NATO-гийн гишүүн, АНУ-ын хамгийн ойрын түнш гэгддэг Германчууд байлаа.

Германы гадаад хэргийн сайд Франк Волтер Штэйнмайер Трампын хэлсэн үг нь түүний Пентагоны тэргүүнд нэр дэвшүүлсэн генерал Жэймс Матисийн байр суурьтай зөрчилдөж байгааг хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Сенатын сонсголд сууж, гишүүдийн асуултад хариулсан Матис NATO-г “орчин цагийн түүхэн дэх хамгийн амжилттай цэргийн эвсэл” гээд түүнд ОХУ хамгийн их аюул учруулж байгааг хэлсэн юм.

Трампын мэдэгдлийн дараа NATO мөн чимээгүй суусангүй. Тэд АНУ нь Европын аюулгүй байдлыг хангах амлалтандаа хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. NATO-гийн хэвлэлийн төлөөлөгч Оана Лангеску тус эвслийн тэргүүн Иенс Столтенберг нь Трамп болон түүний багтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэжээ.

Ням гарагт Дональд Трамп Британий The Times, Германы Blind хэвлэлүүдэд ярихдаа NATO-г хоцрогдсон байгууллага тул терроризмтай тэмцэж чадахгүй байна хэмээн шүүмжилсэн юм. Трамп “Маш олон жилийн өмнө байгуулагдсан учраас энэ байгууллага хоцрогдсон гэдэг нь тодорхой. Хоёрдугаарт, түүний гишүүн орнууд нь өөрт ноогдсон зардлаа төлөхгүй байгаа нь асуудал юм” гэжээ.

Нэг үгээр хэлбэл Трамп АНУ ганцаараа эвслийн бусад гишүүн 27 орныг хамгаалах нь шударга бус гэж хэлсэн байна.

Өөр нэг сонирхолтой мэдэгдэл нь Дональд Трамп BREXIT үйл явцыг дэмжсэн явдал байлаа. Тэрээр Британичуудын Европын Холбооноос гарах шийдвэрийг магтан сайшааж, “Brexit нь эцэстээ агуу өөрчлөлтөд хүргэнэ” гэжээ. Тиймээс Трамп Нэгдсэн Вант Улстай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Трампын үгийг Британий гадаад хэргийн сайд Борис Жонсон тун таатай хүлээн авч “АНУ бидэнтэй чөлөөт худалдааны сайн гэрээ байгуулах гэж байгаа нь үнэхээр сайхан мэдээ” гэжээ.

Ерөнхий сайд Тереза Мэй мөн Трампын амлалтыг таатай хүлээж авсныг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Вашингтоны Европын Холбоотой хэлэлцэж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээрийн гадна Британичууд үлдэх вий гэсэн том айдас байгаа юм.

Гэвч Трампын хэлсэн үг Европын Холбоог нэмж задрахад нөлөөлөх вий гэсэн айдас Брюсселийн удирдагч нарын санааг бас зовоож эхэлжээ.

Германы канцлерь Ангела Меркель энэ мэдэгдэлд хариу байр сууриа илэрхийлэхдээ “Миний бодлоор Европчууд бидний хувь заяа бидний өөрсдийн гарт байна” гэжээ.

Меркелийн дүрвэгсдэд нээлттэй бодлогыг хатуу шүүмжилсэн Трампын талаар тэр хэлэхдээ “Би хувьдаа АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг ихэд хүлээж байгаа. Түүний дараа мэдээж бид түүнтэй бүх түвшинд хамтран ажиллаж болох байх” гэсэн байна.

Тиймээс ирэх Баасан гарагт болох тангараг өргөх ёслолын дараа Трампын ямар сюрприз дэлхийн улс орнуудыг хүлээж байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Энэ талаар Данийн гадаад хэргийн сайд Андерс Самуэлсен “Миний бодлоор бид Трампыг ажилдаа орох хүртэл нөхцөл байдалд хөнгөн хандах хэрэгтэй. Бид түүний Твиттерээр явуулж буй дипломат бодлогыг тэвчиж өнгөрөөгөөд тангараг өргөсний дараа нь жинхэнэ ажилдаа орох нь чухал” гэжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty