2017 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар Ховд аймагт 560, Говь-Алтайд 454 бөхөнгийн сэг зэмийг устгаад байгаа талаар албаныхан мэдээллээ.
Мөн Говь-Алтай аймагт гурван хар сүүлтийг устгалд оруулсан байна.
Мялзан өвчин гарсантай холбогдуулан БОАЖЯ-наас энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр зөвлөмж гаргасан. Уг заавар, зөвлөмжийн дагуу халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, халдварын тархалтыг зогсоохын тулд ойр орчмын газрын хөрс, өвсийг ариутгах, айл бүрээр сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэргээр ажлын хэсгийнхэн газар дээр нь арга хэмжээ авч онцгой байдалд ажиллаж байна.
Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн дөрвөн ажлын хэсэг байгуулж тухайн сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран голомттой нутаг дэвсгэрт 7 устгалын цэг байгуулан устгал, ариутгал хийн ажиллаж байна.
БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаад байна.
Дэлхий дахинд мялзан өвчин 1942 онд анх бүртгэгдэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 21 зүйлийн зэрлэг амьтад өвчилсөн байна.
Харин манай оронд бог малын мялзан авчнөөр бөхөн өвчилсөн нь анхны тохиолдол юм.
Өнгөрсөн оны судалгаагаар Монголд 10 мянган толгой бөхөн 14,000 гаруй км газар нутагт байршиж байгаа нь тогтоогдсон.
Бөхөнгийн орооны үе арванхоёрдугаар сараас эхлэн нэгдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг нь халдварт өвчний тархалтад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Монгол бөхөн голдуу тав, арваараа сүрэглэдэг бөгөөд орооныхоо үед арав, хориулаа цуглардаг ажээ. Орооны үе дууссан ч тавдугаар сар хүртэл нэг газарт олноороо төвлөрөн сүрэглэдэг бөгөөд энэ нь уг өвчний тархалтыг улам даамжруулах магадлалтай.
Бөхөнгөөс гадна хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир мялзан өвчнөөр өвчлөх эрсдэл маш өндөр байдаг аж. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол уг өвчин бусад амьтдад халдварлах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Ажлын хэсэг өнөөдөр 14:00 цагаас БОАЖЯ-нд хуралдаж эцсийн шийдвэрээ гаргаж Лхагва гарагт Ерөнхий сайд, Засгийн газрын хуралдаанаар нөхцөл байдлыг танилцуулан, хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэх юм. Тус хуралдаанаар дараах зөвлөмжийг гаргалаа.
БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧИН МОНГОЛ БӨХӨНД ИЛЭРСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ
Эх сурвалж: БОАЖЯ-ны ХМА