Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулсаар байна

Э.Оджаргал
2017 оны 1 сарын 17
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Даваа гарагийн байдлаар Хятадын Даляны боомт дээр 1 тонн төмрийн хүдрийн үнэ 8%-иар өсч 657,7 юань буюу 95 ам.долларт хүрчээ. Энэ нь 2014 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үнэд тооцогдож байна. Гангийн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулах төлөвлөгөөгөө өргөжүүлэх болсон тухай Хятадын Засгийн газрын мэдэгдлийн дараагаар ган, коксжих нүүрсний үнийг дагаад төмрийн хүдрийн үнэ өсчээ. 

Төмрийн хаягдлыг хайлуулж чанар муутай ган үйлдвэрлэж байгаа жижиг үйлдвэрүүдийг ирэх зургаадугаар сарын 30-нд багтааж хаахаар төлөвлөсөн тухай Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга Линь Наньси мэдэгджээ. Гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулахын зэрэгцээ төмөрлөгийн үйлдвэрүүдийн экологийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа гэнэ. Энэ ажлын хүрээнд Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос хяналт шалгалтын 12 баг гарган төмөрлөгийн үйлдвэрлэл төвлөрсөн Хэбей, Хэнань, Жянсү, Гуанси болон Хэйлунцян мужуудад томилон үйлдвэрүүдийг хаах чиглэлээр хяналт тавин ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Хятадын нийт ган үйлдвэрлэлийн 9% нь хууль бус жижиг үйлдвэрүүд. Эдгээр үйлдвэрийн 70 орчим хувь нь Шаньдун, Таншань болон Цянсу мужид төвлөрч байсныг сүүлийн хоёр сарын хугацаанд бүгдийг нь хаасан байна. Үүний үр дүнд гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 сая тонноор буурна гэж тооцож буй. 

“Huatai Futures” компанийн шинжээч Ху Хуйминийн онцолж буйгаар, Хятад улс жилдээ 1 тэрбум тонн ган үйлдвэрлэдэг бөгөөд үүний 40 сая орчим тонн нь хууль бус жижиг үйлдвэрүүдэд ногддог байна. Албан ёсны мэдээллээр 2016 оны эхний 11 сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрлэл 1,1%-иар өсч, 738,9 сая тоннд хүрчээ.    

Хятадын Засгийн газраас 2017 онд гангийн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг 310-350 сая тонноор бууруулах зорилт тавьсан байна. 

Зураг