Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн багш нар сургуулийн захирлыг гаднаас томилохыг тууштай ЭСЭРГҮҮЦНЭ гэв

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд 
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга 
Д.Амарбаясгалан нар танаа

Санал хүргүүлэх тухай

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Боловсрол, шинжлэх ухаан бол нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс, баталгаа юм. Энэ баталгааг бий болгож, хөгжүүлж байдаг газрын нэг нь МУИС билээ. МУИС-ийн эрдмийн хамт олон болон суралцаж буй олон мянган оюутнууд, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлаж чармайн ажилладаг. Гэвч сүүлийн 4 жил дээд боловсролын шинэчлэл нэрийн дор МУИС-д хийгдсэн өөрчлөлтүүд нь бидний сургалт, судалгааны ажлын ололт амжилтыг үгүйсгэж, МУИС-ийн төдийгүй Монголын дээд боловсролын системийг унагасан харалган ажил болсоныг эхнээс нь эсэргүүцэн тэмцэж өнөөдрийг хүрлээ.  Монголын ард түмний дийлэнхийн саналыг авч итгэл хүлээсэн Монгол Ардын Нам дээрх алдаа завхралыг засах бүрэн эрхтэй төдийгүй, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн үүрэгтэй гэж бид үзэж байна.

Саяхан төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийг шинээр байгууллаа. Удахгүй захирлуудыг шинээр томилох асуудал яригдаж эхэллээ. МУИС-ийг удирдах хүн бол их сургуулийн үнэт зүйлс, хамт олны эрх ашгийг дээдэлдэг, хамт олноо мэддэг, өнгөрсөн 4 жил их сургуульд хийгдсэн  шинэчлэлийн алдааг нь засаж чадах, их сургуульд сургалт, эрдэм шинжилгээ тогтмол эрхэлж, зохих шатны удирдах ажил хийж ирсэн, бэлтгэгдсэн, чадварлаг эрдэмтэн байх ёстой. Ийм шаардлага, шалгуурыг хангасан эрдэмтэн МУИС-д олон бий. МУИС-ийн эрдэмтэн багш нар нийгмийн хариуцлага, улс орны ирээдүйн хөгжлийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан хамт олноо удирдан зохион байгуулах чадвартай чадварлаг эрдэмтэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Харин бид МУИС-ийн захирлыг гаднаас томилохыг тууштай эсэргүүцэх болно. Бидний энэхүү санал, хүсэлтийг харгалзсан шийдвэр гаргахгүй бол манай хамт олон дараа дараагийн шатны зохион байгуулалттай эсэргүүцлийн арга хэмжээ авахад бэлэн байна.

Өнгөрсөн сонгуулиар Монголын ард түмэн Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн бөгөөд ингэж итгэл хүлээлгэхэд МУИС-ийн багш, оюутнуудын үүрэг, оролцоо, дэмжлэг их байсан гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна. Та бүхнийг бидний итгэлийг алдалгүй зөв бодлого шуурхай хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна.

МУИС-ИЙН БАГШ НАРЫН ХОЛБОO