Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Японы бизнес эрхлэгчид МОНГОЛЫГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг /ЖАЙКА/, МҮХАҮТанхим хамтран зохион “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхижүүлэх” сэдвээр хийсэн судалгааны үр дүнг танилцуулах семинар өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдлаа.

Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Японы хувийн хэвшлийн компаниудад Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг тодорхой болгон, Монголд бизнесээ өргөжүүлэхэд хувь нэмэр болоход оршино. Судалгааг 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл хийжээ. 

Судалгааны багийн ахлагч илтгэгч Агэтава Хиронобу Монголд хөрөнгө оруулах үндсэн давуу болон сул талуудыг нэрлэлээ.

Монгол Улсын давуу талууд:

Газрын доорх болон газрын дээрх баялагийн арвин нөөцтэй,

Газар нутгийн 80 хувийг газар тариалан, мал аж ахуйд ашиглах боломжтой,

Нийт 56 сая толгой малтай. Ноолуур (дэлхийн 30%), тэмээний ноос (дэлхийн 50%), махны сэргээгдэх арвин нөөцтэй,

Япон улстай найрсаг дотно харилцаатай, Японд элэгтэй ард түмэн,

Японд суралцаж буй монгол оюутны тоо 1,548 бөгөөд 2014 оны байдлаар дэлхийд 11 дүгээр байранд ордог. Энэ нь 10 мянган хүн тутамд 5.3 хүн гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж орж байна,

Сумо бөхөөр дамжин Япон улсад улам дотно болсон,

Харьцангуй шинээр хөгжиж буй зах зээл болохоор өрсөлдөөн багатай, бизнесийн боломж ихтэй,

Газар зүйн ойрхон байрлал нь Хятадын компанид давуу талтай,

Хязгаарлалт багатай хөрөнгө оруулалтын орчинтой,

2016 оноос Монгол-Японы Эдийн Засгийн Түншлэлийн Гэрээ хэрэгжиж эхэлсэн.

Монгол Улсын сул талууд:

Зах зээлийн хүндрэл (хүн ам цөөн / газар нутаг уудам),

Ложистикийн хүндрэл (өндөр зардалтай / урт хугацаа = тээврийн дэд бүтэц хөгжөөгүй),

Улс төр, засаглалын тогтворгүй байдал,

Эдийн засгийн тогтолцоо болон хувийн хэвшлийн компаниудын төлөвшлийн асуудал (Монгол талын түнш компанийн засаглал болон зах зээлийн мэдээлэл олддоггүй),

Байгаль цаг уурын хүндрэл (Эрс тэс уур амьсгал, хүйтэн өвөл),

Өмнөд Солонгосын компаниудтай Японы компанийн өрсөлдөх чадварын асуудал зэргийг нэрлэжээ.

Судалгааны ажлын үр дүнг танилцуулах явцдаа Агэтава Хиронобу "Монголын бизнесийн орчны гол сул тал нь гэвэл Японы бизнес эрхлэгчдийн хувьд тээврийн зардал хэт өндөр байгаа асуудал юм. Тээвэрлэлтийн хувьд Японоос импортлоход контейнер /40ft/ нь 4,100 ам.доллар байгаа бол Япон руу экспортлоход 5,300 ам.доллар байдаг. Энэ нь Монгол Улсын тээврийн дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотой.

Мөн бизнес эрхлэгчидтэй уулзахад тохиолддог хамгийн хүндрэлтэй асуудал нь Монгол оронд түнш байгууллага олоход хүндрэлтэй байдаг гэж хэлдэг. Мэдээллийн дутмаг байдлаас болж тухайн компанийн өр зээлийн мэдээлэл олддоггүй. Монголын бизнесийн орчны талаар хууль тогтоомж нь албан ёсны англи хэл дээрх орчуулга зэрэг нь хомс байдаг асуудлууд бий.

Хөдөлмөрийн зах зээлийн хувьд зардал тийм ч бага биш юм. Менежерүүдийн дундаж цалин 1,231 ам.доллар байгаа нь бусад Азийн орнуудаас тийм ч бага биш байна. Мөн албан байгууллагуудын эрчим хүчний үнэ кв.ц тутамдаа 0.11 ам.доллар байгаа нь нь өндөр байна.

Харин Монголын бизнесийн орчны хамгийн том давуу тал нь татварын хувьд ижил төсөөтэй Азийн орнуудаас бага байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг" хэмээн онцлов.