Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Охиноо амьдаар нь шатаасан Пакистан эмэгтэйд цаазын ял оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Сүйт залуу Хассан Хан

Эцэг эхийнхээ зөвшөөрөлгүйгээр хүнтэй гэрлэсэн охиноо шийтгэж, амьдаар нь шатаасан эхэд Пакистаны шүүх цаазын ял оноосноо өчигдөр буюу Даваа гарагт мэдээлжээ.

“Гэр бүлийг нь ичгүүртэй байдалд хүргэсэн” охиноо өнгөрсөн оны зургаадугаар сард шатааж хөнөөсөн болохоо Лахор хотын шүүхийн өмнө Парвен Биби хүлээсэн байна.

Алагдахаасаа долоо хоногийн өмнө 18 настай бүсгүй Зинат Рафик нь Хассан Хантай гэрлэж, гэрээсээ оргоод байжээ. Шүүхээс Рафикийн ах Анид бүх насаар нь хорих ял оноосон байна. Охиныг эх, ах хоёр нь зодож, дараа нь эх нь охины биен дээр керосин асгаж шатаасан нь мөрдөн байцаалтаар батлагдсан гэнэ.

Лахор хотын ядуу дүүрэгт гарсан энэ хэргийн талаар хэн ч гомдол мэдүүлээгүй ба охинтой гэр бүл болсон залуугийн талынхан охины биеийн үлдэгдлийг шөнөөр оршуулсан байжээ.

Пакистанд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл их гардаг. Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр 2015 онд 1,100 орчим “нэр хүндийн аллага” бүртгэгджээ.

Өнгөрсөн аравдугаар сард Пакистаны парламент “нэр хүндийн аллагын” эсрэг хууль гаргасан юм.

Өмнө нь ийм хэрэг гарахад хохирогчийн гэр бүлийнхэн гомдолгүй байдгаас алуурчныг өршөөдөг байв. Харин шинэ хуулийн дагуу хохирогчийн гэр бүлийнхэн өршөөсөн ч цаазын ялын оронд заавал бүх насаар нь хорьдог болжээ.

 

Эх сурвалж: The Guardian