Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эсэргүүцлийн арга хэмжээ, бойкот дундах сүр дуулиант тангараг өргөх ёслол

Э.Мөнхзаяа
2017 оны 1 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаа ойртох тусам оролцох хүмүүсийн тоо улам багассаар байна. “Reuters” агентлагийн ням гарагт мэдээлснээр сүүлийн хэдхэн хоногийн хугацаанд Конгрессийн хоёр танхимын 11 гишүүн 45 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ, Бродвейн од, дуучин Женнифер Холлидей ч нэгдүгээр сарын 20-нд Вашингтонд болох ёслолд бусад дуучидтай хамтарч дуулах шийдвэрээ цуцалсан байна.

“Хууль бус Ерөнхийлөгч”-ид гомдсон нь

Ялангуяа Жоржия мужаас сонгогдсон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, АНУ-ын өнгөт арьст иргэдийн эрхийн төлөө зоригтой тэмцэгч Жон Льюис Трампад бойкот зарласан нь жинхэнэ дуулиан тарьж байна. Тэрбээр “NBC” теле компанийн эфирээр гарах үеэрээ 1986 оноос хойш конгрессын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа анх удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг алгасч байгаа гэжээ.

Ардчилсан намаас хууль батлалцаж яваа энэ эрхэм Трампыг “хуулийн дагуу сонгогдсон Ерөнхийлөгч” гэж үзэхгүй байгаа аж. Льюис АНУ-ын сонгуулийн өмнө Москвагийн зүгээс хакерын халдлага хийсэн гэдэгт итгэж байгаагаа ч нуусангүй. Тиймээс ч тэрбээр Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Трампыг сонгогдож, нэр дэвшигч Хиллари Клинтоныг замаасаа зайлуулахад оросууд тусалсан гэж баталж байна.

Трамп ч заншил ёсоороо удаан дуугүй суусангүй. Ардчилсан намаас Конгресст суугаа энэ нөхөрт “аймшигтай байдалд байгаа сонгуулийн хороондоо туслах"-ыг зөвлөжээ. Тэрбээр “Нэг л их чалчсан хүмүүс. Ямар ч үйлдэл, үр дүнгүй байхгүй” хэмээн “Твиттер” хуудсандаа шүүмжилсэн байна.

АНУ-ын шинээр сонгогдсон дэд ерөнхийлөгч Майкл Пенс, Цагаан ордны ажилтнуудын удирдагч болох гэж буй, өдгөө Бүгд найрамдах намын Үндэсний хороог толгойлж буй Райнс Прибэс ч “ABC”, “СВС” сувгуудаар Льюисын байр суурийг “хариуцлагагүй, хэт сэрэмжилсэн” гэж мэдэгджээ.

Гэвч нэгэн цагт Мартин Лютер Кингтэй хамт эсэргүүцэл зарлаж явсан, өдгөө 76 настай Льюисын нэр хүнд маш өндөр бололтой. Энэ нөхцөл байдалд дургүйцсэн өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах байгууллагынхан Бүгд найрамдах намын хэд хэдэн улстөрчийг Льюисын талд оруулж амжжээ.

Ингээд Бүгд найрамдах намаас дэвшсэн Небраска мужийн сенатор Бен Саэс, бас Ардчилсан намын 10 хууль тогтоогч Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаанд бойкот зарлаж байгаагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгджээ.

Дээд зэрэглэлийн бус жүжигчид

Бродвейн од, дуучин Женнифер Холлидей Вашингтонд болох ёслолын ажиллагаанд оролцохоос татгалзсан шалтгаанаа тэрбумтныг угаасаа сэтгэл санааны хувьд дэмжихээр төлөвлөгөөгүй хэмээн тайлбарлажээ.

Дуучин эмэгтэй анхандаа Трампад бус, ард түмэндээ зориулан ая барихаар төлөвлөж, зөвшөөрсөн гэжээ. Уг нь тэрбээр кантри од Тоби Кейт, жүжигчин Жон Войт нартай хамтарч “Америкийг дахин агуу болгоё” хэмээх мэндчилгээний дуу дуулах ёстой байжээ. “Fox News” сувгийн мэдээлснээр Холлидейн эсэргүүцлээс болж ёслолын хөтөлбөрийн уран сайхны хэсэг нэлээд асуудалд оржээ.

Гэтэл өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд нэгдүгээр зэрэглэлийн оддын бүхэл бүтэн баг буюу дуучин Бейонсе, Брюс Спрингстин, U2 хамтлаг, Алисия Кис, Келли Кларксон, Женнифер Хадсон зэрэг оролцож байсан юм.

Гэхдээ ёслолын ажиллагааны гол эзэн энэ асуудлаас болж сэтгэлээр огт унаагүй бололтой. “Тангараг өргөх ёслолын ажиллагаа хүлээж байснаас илүү том, нүсэр болно. Нэгдүгээр сарын 20, Вашингтон. Хөгжилдөцгөөе” хэмээн Твиттер хуудсандаа бичжээ.

Трампын эсрэг жагсаал

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн хотуудад Трампын бодлогыг эсэргүүцэх олон нийтийн жагсаал болжээ. Ялангуяа хууль бус цагаачдыг хяналтыг чангатгах асуудал нь иргэдийн дургүйцлийг ихэд хүргэсэн байна. Бямба гарагт л гэхэд Калифорни мужийн Лос-Анжелес, Сан-Хосе, Иллинойс мужийн Чикаго хотууд болон Вашингтон, бусад газруудад эсэргүүцлийн жагсаал дэгджээ.

Нэгдүгээр сарын 20-ныг угтаж жагсагчид, эсэргүүцэгчид дээр Нью-Йорк хотын дарга Билл де Блазио, нэрт номлогч Альфред Шарптон, найруулагч Майкл Мур, жүжигчин Марк Руффало нар нэгдэж байна.

Үүнээс гадна хэдэн зуун хүн Трампын тангараг өргөх ёслолын ажиллагааг тасалдуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэдгээрийн тоонд өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах “Black Lives Matter" хөдөлгөөнийхөн зэрэг олон нийтийн байгууллага ч багтжээ.

“DisruptJ20” олон нийтийн хөдөлгөөний төлөөлөгч Дэвид Торнстон “Бид ёслолын ажиллагаанд саад хийхийг хүсч байна. Вашингтонд болон улс орон даяар эсэргүүцэл дэгдээсэй гэж хүсч байна” гэж мэдэгджээ. Вашингтоны зүгээс ч нэгдүгээр сарын 20-нд 27 байгууллага, бүлэгт эсэргүүцлийн арга хэмжээ явуулах зөвшөөрөл олгожээ.

Энэ нь Трампын өмнөх Ерөнхийлөгчдийн тангараг өргөх ёслолын үеэр эсэргүүцсэн олон нийтийн байгууллагаас дөрөв дахин их гэсэн үг юм. Энэ үеэр нийслэлийн аюулгүй байдлыг хангахад 3.2 мянган цагдаа, үндэсний гвардийн 8,000 төлөөлөгч, 5,000 цэрэг ажиллана. Үүнд нийтдээ 100 гаруй сая ам.долларын зардал гаргах аж.

Ёслолын ажиллагааны төлөвлөгөө

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Вашингтоны Капитолын гүвээнд орших Конгрессын байранд болно. Трамп тусгайлан зассан индэр дээр гарч, тангараг өргөх юм. Үүнийхээ дараа тэрбээр бодлогынхоо үндсэн чиглэлийг дурдсан илтгэл тавина.

Уламжлалын дагуу ийм ёслолын ажиллагаа хийх бүрт тусгайлан шинэ индэр бэлтгэдэг байна. Энэ жилийн хувьд индэр нь 929 м.кв байгаа нь бага Жорж Бушийн 2005 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөж байсан үеийнхтэй адил хэмжээ юм. Индэр дээр ёслолын ажиллагаанд оролцогчид болон 1.6 мянга гаруй зочид төлөөлөгч гарна.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгч буй Обама гэр бүлийнхэнтэйгээ, энэ албан тушаалд очиж буй Трамп төрөл төрөгсөдтэйгөө, дэд ерөнхийлөгч Жо Байден албан тушаалыг нь залгамжлагч Пенстэй, хуучин болон шинэ сайд нар, Конгрессийн хоёр танхим, Дээд шүүхийн гишүүд, Америкийн засаг захиргааны хуучин удирдлагууд, Штабуудын дарга нарын холбооны гишүүд, мужуудын амбан захирагч нар, дипломат төлөөлөгчид оролцох аж.

Зураг