Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Доктор Сьюзийн номууд хүүхдийг түр зуурын адал явдалтай учруулахаас илүү ГҮН мэдлэг олгодог"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн шинэ ном хэвлэгджээ. АНУ-ын зохиолч Доктор Сьюзийн хамгийн алдартай бүтээлүүд Монголын бяцхан уншигчдын гар дээр очиход бэлэн болсон байна.

Бид шинээр гарсан номуудын талаар эрхлэн гаргагч “Залуучуудын Боловсролын Хөгжлийн Төв” ТББ-ийг үүсгэн байгуулагч Дүгэрхүүгийн Гэрэлмаатай ярилцлаа. 


-Танай байгууллага дэлхийн хүүхдийн шилдэг 10 зохиолчийн нэгээр нэрлэгддэг Доктор Сьюзийн хүүхдийн номуудыг албан ёсны орчуулгын эрхтэйгээр гаргажээ. Яагаад энэ зохиолчийн номыг сонгож орчуулсанаас яриагаа эхэлье?

- Хүүхдийн ном монгол хэлнээ асар эхээр хэвлэгдэх болсон өнөө үед бид өөрийн гэсэн үзэл бодолтой, өөртөө итгэлтэй бие хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн сайн  зохиолчийн шилдэг бүтээлийг сонгож бяцхан уншигчиддаа хүргэхийг зорин ажиллаж байна.

Доктор Сьюз нэрээрээ дэлхий нийтэд танигдсан Америкийн нэрт зохиолч, зураач Теодер Сьюз Гейзел нь бүх цаг үеийн хүүхдийн шилдэг 10 зохиолчийн нэгд зүй ёсоор тооцогддог. Амьдралынхаа туршид нийт 60 гаруй бүтээл гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаруй хэл дээр хэвлэгдэж, 600 саяас илүү хувиар борлогдсон байна. /Зохиолчийн вэб сайт: http://www.seussville.com/ /

Анхны бүтээлээ 1937 онд гаргаж байснаас хойш энэ гайхалтай зохиолчийн шилдэг бүтээлүүд өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдалгүй уншигчдын оюуныг тэтгэсээр байгаа нь тус зохиолчийн бүтээл нь сэтгэлгээний хувьд ямар өндөр түвшинд бичигдсэнийг тодорхойлж байгаа юм.

Мөн АНУ-ын Боловсролын Нийгэмлэгийн санаачилгаар Сьюзийн төрсөн өдрийг Америкийн улсын бүх нийтийн уншлагын өдөр болгон жил бүр өргөн цар хүрээнд тэмдэглэж буй нь тус зохиолчийн бүтээлүүд ямар үнэ цэнэтэй, хүүхдийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулдгийг үнэлсэн үнэлэлт юм.

-Энэ хүний шилдэг зохиол бүтээлээс сонгож орчуулна гэдэг төвөгтэй байсан байх аа. Зохиолч Сьюзийн ямар ямар бүтээлийг уншигчдад хамгийн түрүүнд хүргээд байна вэ?

-Бид Доктор Сьюзийн бүтээлүүдийг цувралаар бяцхан уншигчиддаа хүргэхийг зорин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар түүний хамгийн шилдэг гэсэн таван бүтээл буюу Лоракс, Гринч зул сарыг хулгайлсан нь, Малгайтай муур, Ногоон өндөг ба ногоон хиам, Чиний ирээдүй хичнээн сайхан гээч, Буддаг номуудыг хэвлэн гаргаж номын дэлгүүрүүд болон Номин, Goodprice сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Малгайтай муур, Гринч, Лораксыг хүүхдүүд дэлгэцийн бүтээлээр нь маш сайн мэддэг. 

"Доктор Сьюзийн зохиолууд хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг"
 

-Сьюзийн номууд олон арван жил хүүхэд бүрийн унших дуртай ном байсаар байгаагийн учир юу вэ?

-Доктор Сьюзийн зохиолууд хөгжилтэй, хөнгөн өгүүлэмж, этгээд, өвөрмөц баатруудаараа хүүхдүүдийн зүрх сэтгэлийг татаж чаддагаас гадна уншигч хүүхдүүдийн эргэцүүлэн бодох,  төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж чаддагаараа өндрөөр үнэлэгддэг.

Зохиолч маань үгийн цаана үг, дүрийн цаана дүр дүрсэлсэн байдгаараа ихээхэн алдартай бөгөөд зохиолууд нь ихэнхдээ ёгт утгатай, утга санаа баялаг,  хүний амьдралын мөн чанарыг товчоор харуулж чаддагаар хуучрашгүй, үргэлж шинээрээ байдаг болов уу.

Мөн Сьюзийн бүтээлүүд нь багшийн гарын авлагатай байдаг нь хүүхдийн ихэнх цагаа өнгөрөөдөг сургууль, цэцэрлэгээр дамжуулан хүүхдэд хүрэх боломжийг олгодогоороо давуу талтай юм.  

(Багшид туслах материалыг эндээс үзнэ үү: http://www.seussville.com/Educators/educatorPlanningCalendar.php)

Түүний шилдэг бүтээлүүдийн нэг болох “Ногоон өндөг ба Ногоон хиам ном” нь 1960 онд анх хэвлэгдсэн бөгөөд албан ёсны судалгаагаар бүх цаг үеийн шилдэг борлуулалттай номын 4-т эрэмбэлэгдсэн байдаг. Энэ ном нь шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан бөгөөд ямар нэгэн зүйлийг өөрөө оролдож үзээгүй байж шууд дүгнэлт хийхгүй байх тухай энэ номноос хүүхдүүд суралцах юм. 

-Эдгээр номуудыг хэдэн настай хүүхэд уншихад тохиромжтой вэ?

-Манай номууд 4-10 насны уншигчдад зориулагдсан. Өсөж буй орчин, гэр бүлийн хүмүүжил, ээж аавын анхаарал халамжаас шалтгаалаад хүүхэд бүрийн хөгжил, аливаа зүйлийг хүлээн авах чадвар, харах өнцөг өөр өөр байдаг.

Зарим хүүхэд 5 настай хэдий ч 3, 4 настай хүүхдийн сэтгэхүйтэй байхад, зарим нь 6,7 настай хүүхдийн сэтгэхүйтэй байхыг үгүйсгэхгүй. Эдгээр насны хүүхдүүд өөрсдөө шууд худалдан авалт хийх боломжгүй байдаг бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өмнөөс сонголт хийх болдог. Манай хүүхэд уншиж чадахгүй тиймээс энэ ном тохирохгүй юм байна гэж шууд дүгнэлт өгөх тохиолдол цөөнгүй. Хүүхэд нь уншиж чадахгүй ч хүүхэддээ цаг гарган ном уншиж өгөх нь тэдэнтэй ойр байх, тэднийгээ ойлгоход маш чухал юм.

-Доктор Сьюзийн номууд Монголчуудад тийм ч танил биш байх. Уншигчид хэрхэн хүлээн авч байна?

-Бид Сьюзийн номыг хэвлүүлээд хагас жил болж байна. Энэ хугацаанд боломжийнхоо хирээр номын үзэсгэлэн, худалдаанд оролцохыг хичээсэн. Энэ туршлагаасаа харахад боловсролтой хүмүүс Сьюзийн номыг маш сайн мэддэг, бүр сонирхон ирж уншиж үзээд багцаар нь худалдан авдаг. Эдгээр хүмүүс англи дээр нь аль хэдийн уншчихсан, номын үнэ цэнийг мэддэг учраас ямар эргэлзээгүйгээр худалдан авалт хийдэг. Мөн хүүхдүүд киногоор нь сайн мэддэг учраас номыг нь хараад их баярладаг. Хэвлэгдээд удаагүй байгаа гэхэд эцэг эхчүүд, хүүхдүүд маш эерэгээр, таатай хүлээн авч байна.

Эхний хэвлэлтүүд маань ерөнхийдөө зарагдаад дуусч байна. “Чиний Ирээдүй Хичнээн Сайхан Гээч”, “Гринч Зул Сарыг Хулгайлсан нь” номууд уншигчдад маш хурдан хүрч бид өнөөдөр номын нөөцгүй л сууж байна.   

-Монголчууд Монгол ардын үлгэрийн ном хүүхдүүддээ их авч өгдөг. Нөгөө талаас дэлхийн хүүхдийн шилдэг бүтээлийг унших боломж нээгдэж байгаа нь сайхан санагдаж байна?

- Баярлалаа. Мэдээж бид Монгол хүн учраас монгол ардын үлгэр, домгоо уншиж түүнээс  монгол ёс заншлаа сурах ёстой гэдгийг хүн бүр мэддэг.  Глобалчлагдаж байгаа өнөө үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд, оюуныхаа царааг тэлэхийн тулд, илүү бүтээлчээр сэтгэхийн тулд үе үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийг хүүхдүүд маань унших хэрэгтэй. Бидний үеийнхэн хүүхэд байхдаа Орос болон бусад орны шилдэг бүтээлүүдийг уншиж өссөн. Энэ нь ч ном унших суурийг тавьж өгсөн гэж боддог. 

-Доктор Сьюзийн номыг зураггүйгээр төсөөлөхийн аргагүй. Зургийг чанартай гаргахын тулд хэвлэлт дээр хэрхэн анхаарсан бэ?

- Бидний ажилдаа баримталдаг зарчим гэвэл эх бүтээлтэй дүйцэхүйц сайн бүтээлийг уншигчдад хүргэх. Энэ нь орчуулга, хэвлэлт аль алинд нь хамааралтай. Бид ашигтай ажиллахыг зорихоос илүүтэйгээр дэлхийн шилдэг оюуны бүтээлийг чанарын өндөр түвшинд уншигчиддаа хүргэхийг зорин ажиллаж байна.

Тиймээс бид Монголдоо хэвлэлийн салбартаа тэргүүлэгч, хамгийн сүүлийн үеийн технологийг оруулж ирж байгаа “Мөнхийн үсэг” компанитай байнга хамтран ажилладаг. Манай номууд 6C хавтастай. Энэ нь бат бөх чанартай, хүүхдийн гарын аяыг даахаас гадна будаг гардаггүй онцлогтой.

Хоёрдугаарт бид бүх номоо албан ёсны орчуулгын эрхтэй гаргаж байгаа учраас бүх зураг, файлууд нь эх хувиараа ирдэг. Тиймээс хэвлэлийн өнгө, зураг маш чанартай хэвлэгдэж байна.

- “Лоракс” бол байгаль орчны сэдэвтэй зохиол. Одоо уншихад яг цаг нь юм шиг санагдаж байна?

- Утаатай тэмцэх аян ид өрнөж байгаатай холбогдуулан энэ номыг онцолж байх шиг байна. Лоракс 1971 онд анх хэвлэгдэж, 1972 онд анхны кино нь гарч,  2011 онд номын 40 дэх хэвлэлт нь хэвлэгдэж, 2012 онд 3D кино нь гарсан байдаг.  Энэ ном бол байгаль орчин, ногоон хөгжил гэж нийтээрээ ярьж эхлэхээс өмнө гарсан бөгөөд Модыг хайрлан хамгаалахын ач холбогдол, байгаль орчинтойгоо зүй бусаар харьцах нь ямар үр дүнд хүргэхийг харуулсан ном юм.

АНУ-ын Үндэсний Боловсролын Нийгэмлэгээс тус номыг Багш нарт санал болгох шилдэг 100 номын жагсаалтад оруулсан байдаг. Бид өнөөдөр Улаанбаатар биш Утаанбаатар хотод амьдарч буй нь байгаль орчинтойгоо зүй бус харилцсантай шууд холбоотой. 

-“Чиний ирээдүй ямар сайхан гээч” номын нэр их онцгой санагдлаа?

-Энэ ном нь зохиолчийн хамгийн сүүлийн бүтээл л дээ.  Амьдралд шинэ алхам хийж буй хүүхэд бүрийн унших ёстой ном гэж онцолсон байдаг. Шинэ алхам хийж буй хүүхэд бүрт бэрхшээл тулгарна, бэрхшээлийг давсан байхад маш их боломж ирнэ гэсэн агуулгатай.

Энэ ном нь 1990 онд гарсан даруйдаа Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын 1-т жагссан бол 2015 онд USA Today сонины шилдэг борлуулалттай номын 2-т тус ном орсон байдаг.  АНУ, Канадад энэ номтой холбоотой нэг уламжлал тогтсон байдаг.  Дунд сургууль, коллежоо төгсөж байгаа хүүхдүүдэд эцэг эхчүүд энэ номыг түгээмэл бэлэглэдэг байна. Харин Америкт “Малгайтай муур” номыг цагаан толгойгоо үзэж дуусгангуут хүүхдүүддээ  заавал уншуулдаг хэвшил тогтсон байдаг.

"энэ ном миний хүүхдэд ямар мэдлэг, чадвар суулгах вэ, миний хүүхэд юунд дуртай вэ гэдгийг бодолцох ёстой"
 

-Монголчууд хүүхдийн номны талаар их шүүмжлэл өрнүүлдэг болсон байна. Дэлгүүрт маш их ном байгаа ч хүүхэддээ ямар ном сонгож өгөхөө мэдэхгүй байх шиг. Сонголт хийхдээ анхаарах чухал хүчин зүйлс юу вэ?

-Номын агуулга хамгаас чухал. Худалдаанд маш олон төрлийн,  гоё зураг хөрөгтэй, хэний ч мэдэхгүй зохиолчийн номууд ихээр гарч байна. Эцэг эхчүүд хүүхэддээ ном авч өгөхдөө энэ ном миний хүүхдэд ямар мэдлэг, чадвар суулгах вэ, миний хүүхэд юунд дуртай вэ гэдгийг бас бодолцох ёстой болов уу. 

-Танай байгууллага хүүхдийн номоос гадна өөр ямар төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

- Бидний анхны орчуулгын бүтээл бол Нобелийн хамгийн залуу шагналтан Малала Юсуфзайн охины амьдралын түүхийг өгүүлсэн “ Малала” ном юм. Дараа дараагийн шилдэг бүтээлүүд маань ар араасаа чанарын өндөр түвшинд хэвлэгдэн уншигчдын гарт удахгүй хүрнэ.

Бид хүүхэд, оюутан залууст зориулсан шилдэг номуудыг албан ёсны орчуулгын эрхтэйгээр гаргахаас гадна боловсролын салбарын дэлхийн тэргүүлэх туршлагуудыг Монголын багш, сурган хүмүүжүүлэгчид хүргэхээр ажилладаг. Энэ чиглэлээр АНУ-ын Жорж Лукас Боловсролын Сантай хамтран ажилладаг. 

-Ярилцсанд баярлалаа.

-Энэ ярилцлагаар дамжуулан боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжин ажилладаг танай хамт олон болон бидний үйл ажиллагаанд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг найз нөхөд, хамтран ажиллагч байгууллагууд болон уншигчиддаа талархал илэрхийлмээр байна.

Бидэнтай хамтран ажиллахыг хүссэн хэн бүхний өмнө манай үүд хаалга байнга нээлттэй байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Баярлалаа. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.