Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: СБД-ийн физикийн олимпиадад “Сант” сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн сурагчдын дунд зохион байгуулагдсан физикийн олимпиадын дүн гарч, шилдгүүд шагналаа гардан авлаа. 

Тус олимпиадад нийт 18 сургуулийн 450 хүүхэд оролцож, мэдлэг чадвараа сорьсон бөгөөд багийн дүнгээр “Сант” сургууль тэргүүлж, дэд байрт 1-р сургууль шалгаран, 11-р сургууль гуравдугаар байрыг эзэлжээ. 
З.Энхмөнх: Ирээдүйн инженерүүд маань физикийн шинжлэх ухааныг сайн судлах хэрэгтэй
 

“Сант” сургуулийн захирал З.Энхмөнх “Сүхбаатар дүүргийн физикийн олимпиад маш өрсөлдөөнтэй боллоо. Энэ жил дүүргийн физикийн олимпиадыг зохион байгуулсан 11-р сургуулийн хамт олонд баярлалаа. Манай Сант сургууль энэ жил математик, физик, монгол хэл, хими, биологийн хичээлүүдээр дүүргийн аварга боллоо. 

Физикийн хичээл нь цаашид ирээдүйн инженерүүдийг бэлтгэх суурь болж байдаг. Тиймээс Монгол Улсыг хөгжүүлэх ирээдүйн инженерүүд маань физикийн шинжлэх ухааныг сайн судлах хэрэгтэй юм” гэлээ.

Амжилттай оролцсон сурагчдаас сэтгэгдлийг нь сонслоо

Алтан медаль хүртсэн “Сант” сургуулийн 10-р ангийн сурагч У.Тэлмүүн “Долоодугаар ангиасаа эхлэн физикийн хичээлийг үзэж, сонирхон судалж эхэлсэн. Есдүгээр ангидаа физикийн улсын олмимпиадын аварга болж байсан. 

Энэ жил ахиад дүүргийн олимпиадаас алтан медаль авсандаа баяртай байна. Бидний амьдарч буй орчин, тэдгээрийн өөрчлөлт, хөдөлгөөн бүгд физикийн шинжлэх ухаантай холбоотой байдаг учраас надад маш сонирхолтой санагддаг. Тиймээс би ирээдүйд физикийн шинжлэх ухаанд олон шинэ нээлт хийхэд хувь нэмрээ оруулна гэж боддог” гэв.

 

Алтан медаль хүртсэн 11-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Магнайтүвшин “Инженер болох хүсэл тэмүүлэлтэй учраас физикийн хичээлийг илүүтэйгээр сонирхон судалдаг. Энэ жилийн физикийн олимпиадад оролцож, өөрийнхөө хувьд өндөр амжилт үзүүллээ гэж бодож байна. Цаашид зорилгынхоо төлөө тарсалтгүй хөдөлмөрлөж, улс орноо хөгжүүлэх сайн инженер болно” гэв.

 

Хүрэл медаль хүртсэн “Сант” сургуулийн 12-р ангийн сурагч Л.Оюунтөгс “Физикийн хичээлийг нэлээд сонирхон судалдаг байсан болохоор олон олимпиад уралдаануудад амжилттай оролцож байсан.

Тэдгээрээс хамгийн чухал нь гэвэл өнгөрсөн жил Олон улсын физикийн олимпиадад оролцож, хүрэл медаль авсан байгаа. Цаашид би физикийн чиглэлээр дэлхийн номер нэг сургууль болох АНУ-ын Массачусеттсын Технологийн Институтэд элсэн суралцахаар зорьж байгаа” гэлээ.

 

Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь инженер бүтээсэн” гэдэг үг бий. Дэлхийн үсрэнгүй хөгжилтэй олон улс орны гол түлхэц нь мэдээж хэрэг шилдэг инженерүүд. Бидний үр хойч ч мөн адил дэлхийд данстай шилдэг инженер болох хүсэл зорилго тавин сонирхон судалж, идэвхийлэн суралцаж, амжилтаар дүүрэн байгаа нь улсын маань ирээдүйн хөгжил бадрангуй байхыг харуулж байгаа хэрэг биз ээ.

Сүхбаатар дүүргийн физикийн олимпиадад БАЙР ЭЗЭЛСЭН СУРАГЧДЫН НЭРС:

VII анги-А.Амаржаргал/1-р сургууль/ алтан медаль, А.Хас-Очир/Сант/, Э.Батболд/1-р сургууль/ мөнгөн медаль, Анужин/1-р сургууль/, Л.Мөнхжин/1-р сургууль/, Я.Түвшинсанаа/Сант/ хүрэл медаль, 

VIII анги-М.Буянбилэг/Сант/ алтан медаль, Ж.Жаргалан/Сант/, Х.Сэнгэравдан/11-р сургууль/ мөнгөн медаль, Б.Баясгалан/1-р сургууль/, Б.Номун/1-р сургууль/, М.Анд/11-р сургууль/ хүрэл медаль,

IX анги-Б.Батмэнд/1-р сургууль/ алтан медаль, Д.Чингүүн/1-р сургууль/, В.Маралгүн/1-р сургууль/ мөнгөн медаль, Г.Баяртуяа/11-р сургууль/, А.Нямдаваа/Сант/, Н.Бямбасүрэн/1-р сургууль/ хүрэл медаль,

X анги-У.Тэлмүүн/Сант/алтан медаль, С.Тэнгисболд/1-р сургууль/, М.Ирмүүн/Сант/ мөнгөн медаль, Ц.Ганхөлөр/Сант/, Г.Энхжин/Сант/, Д.Итгэл/Сант/ хүрэл медаль,

XI анги-Б.Баярбат/Сант/ алтан медаль, А.Дөлгөөн/Сант/, Н.Мөнхбилгүүн/Сант/ мөнгөн медаль, Г.Балжинням/1-р сургууль/, О.Түмэнхүслэн/1-р сургууль/, С.Хаш-Ананд /Сант/ хүрэл медаль,

XII анги-Б.Магнайтүвшин/11-р сургууль/алтан медаль, Цэрэнноров/11-р сургууль/, Э.Гарьд/11-р сургууль/ мөнгөн медаль, Хангай/Сант/, Л.Оюунтөгс/Сант/, Даваацэнд/1-р сургууль/ хүрэл медаль

Гэрэл зургийг Г.Өнөболд /MPA.mn/

Гэрэл зургууд
Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.