Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооны хүрдээр оролдох цаг болсон

Н.Пунцагболд
2017 оны 1 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улс уг нь баруун гарын дүрмээр замын хөдөлгөөнөө зохицуулдаг. Тиймдээ ч зүүн талдаа жолооны хүрдтэй машин замын хөдөлгөөнд оролцох ёстой юм. Гэтэл баруун гарын дүрэм нь байсаар байтал баруун талдаа буюу бидний хэлж заншсанаар буруу талдаа жолооны хүрдтэй машиныг замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулсаар байгаа.

Эдүгээ замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины 70 орчим хувийг буруу талдаа жолооны хүрдтэй машин эзэлж байгаа гэсэн тоо баримт гарсан байна билээ. Үндсэндээ замын хөдөлгөөнд оролцож байгаа суудлын автомашины ихэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа хэрэг.

За тэгээд нийтийн тээврийн том, жижиг автобус, ачааны машинууд, солонгос тэргийг эс тооцвол бусад нь бүгд буруу талдаа жолооны хүрдтэй гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй дээ. Тэгсэн мөртлөө баруун гарын дүрэм мөрдөж замын хөдөлгөөнд оролцоод байгаа юм, үгүй ээ мөн гайхмаар шүү. Манайх шиг ийм дүүрчихсэн орон дэлхийд өөр хаана ч байхгүй биз.

Уг нь Э.Бат-Үүл баатар хотын даргаар ажиллаж байхдаа буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглох талаар ярьж байсан. Гэтэл баахан улс төр хийж байгаад болиулсан. Харин одоо болохоор гэнэт ухаарсан юм байлгүй, энэ асуудлыг ярьж эхэллээ. Яах вэ, хэн нь хийх нь гол биш.

Хамгийн гол нь зориглоод хийх л хэрэгтэй байна. Тэгэхгүй бол арай дэндлээ байна, энэ чинь. Монгол Улсад жилд хэчнээн зам тээврийн осол гарч, хэдэн хүн нас барж, гэмтэж, бэртэж байгаа билээ. Осол аваарын шалтгааны багагүй хувийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашинаас болж байгаа гээд хэлчихэд буруудахгүй. Үүнийг заавал тайлбарлаад, нуршаад байх шаардлагагүй, хүмүүс тэртэй тэргүй мэдэж байгаа.

Тийм болохоор наанадаж иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг бодсон ч. Цаанадаж, замын хөдөлгөөний дүрмээ бодсон ч буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлах цаг болсон. Хязгаарлана гэхээр л одоо явж байгаа машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм шиг санаад байгаа байх, иргэд. Тэгнэ гэж байхгүй шүү дээ. Өнөөдрөөс эхлээд хилээр буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулахыг хориглочих л доо.

Тэгээд л гүйцээ биз дээ. Дээрээс нь насжилт хэт өндөртэй машиныг хязгаарлаж өгөх хэрэгтэй. Эрүүл мэндээ ч бас давхар бодъё. Тэгээд нөгөө талдаа он залуутай, зөв талдаа жолооны хүрдтэй автомашины гаалийн татварыг бууруулаад өгчих хэрэгтэй. Ингээд л хэдхэн жилийн дараа бүх зүйл аяндаа цэгцрээд ирнэ. Цаашлаад буруу талдаа байгаа жолооны хүрдийг зөв талд нь болгодог үйлчилгээ нээчих л дээ. Тэр зэргийг хийчихэж чадах мэдлэг чадвартай хүмүүс Монголоор дүүрэн байгаа шүү дээ.

Тэгээд жаахан шахаад өгөхөд асуудал цэгцэрнэ. Зарим зүйл дээр төр жаахан төмөр нүүртэй байх хэрэгтэй. Тэгэхгүй ард түмэн минь дургүйцнэ гэж толгойг нь илж суусаар байтал зарим тал дээр хэрээс хэтэрчихээд байгаа нь үнэн.

Өнөөдрөөс хилээр буруу талдаа жолооны хүрдтэй автомашин оруулахгүй боллоо гээд хэн хохирох юм. Хэн ч хохирохгүй.  Өнөөдрөөс гэдэг бол зүгээр л жишээ юм. Засаг шийдвэрээ гаргаад, гуравдугаар сарын 1-ний өдрөөс гээд хугацаа зааж өгөөд, буруу талдаа жолооны хүрдтэй автомашин оруулахыг хориглоё л доо.

Тэр хугацаанд хүмүүс нэгэнт захиалчихсан, авах гэж байгаа машинаа оруулаад ирнэ биз. Харин зөв талдаа жолооны хүрдтэй машиныг нь оруулж ирэхэд бодлогоор дэмжээд өгөхөд үнийн хувьд ч нэг их асуудал болоод байхгүй. Монгол гэдэг чинь хуультай, дүрэмтэй, журамтай улс. Тэр дүрэм журмаа л дагая. Хууль журмыг чинь дагах гэж гаргадаг болохоос сөрөх гэж баталдаггүй биз дээ, энэ чинь.

Зураг