Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчийг түмэн олонд нь

ikon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN

Төрийн өмч гэж юу вэ?  

Төрийн өмч гэж юу юм бэ? Төрийн өмчийг/төрийн өмчит компани/ анх бий болгоход хэн хөрөнгө оруулав? Өнөөдрийг хүртэл ажиллуулж ирэхэд хэн санхүүжүүлж байв? Хариулт нь төр. Тэгвэл төрийн өмчийг төсвийн мөнгөөр санхүүжүүлдэг. Энэ хэний мөнгө вэ? Төсвийн орлогын дийлэнх хэсгийг татвараар бүрдүүлдэг, татварыг иргэд, аж ахуй нэгж төлдөг.

Тэгэхээр эндээс төрийн өмч гэдэг бол түмний өмч гэсэн логик гарч ирэх нь. Төрийн өмчид өнөөг хүртэл санхүүжилт хийсэн хамгийн тэвчээртэй хөрөнгө оруулагчид нь түмэн олон, хувийн хэвшлийнхэн байх нь. Үнэнч, шударга иргэд, аж ахуй нэгжүүд татвараа төлсөөр л, төрийн өмчит компаниудыг алдагдалтай ажилласан ч санхүүжүүлсээр л. 

Төр гэж хэн бэ?

Төр гэдэг чинь хэн юм бэ? Төр бол түмэн олны итгэмжлэгдсэн төлөөлөгч. Тиймээс төрийн аливаа үйлдэл, бодлого нь түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьсан байх ёстой. Тэгэхээр төр өмчөө хувьчилж байгаа бол тэр нь түмнийхээ сайн сайхны төлөө чиглэсэн байх учиртай. Түмэн олон ч өмчөө эзэмших эрх нь тэгш байх ёстой. Ингэж чадвал төр гүйцэтгэх үүргээ биелүүлж, үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах болно. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн зөв зам нь “хөрөнгийн бирж”-ээр дамжуулж төрийн өмчийг хувьчлах юм.

Гэвч манай төрд эзэн төлөөллийн бэрхшээл хаа сайгүй. Эзэн төлөөллийн бэрхшээл гэдэг нь таны өмнөөс таны эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана гэж амласан атлаа өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажилладаг гэсэн үг. Ийм ч учраас өнгөрсөн хугацааны төрийн өмчийн хувьчлал түмэн олны эрх ашгийг тийм ч сайн хангаж чадаагүйг түүх бидэнд гэрчилдэг.

Түмний эрх ашиг бус төлөөлөгчийн эрх ашиг нэгдүгээрт байна уу?

“Энэ эдийн засгийг чинь хувийн хэвшил авч явна. Баялаг бүтээгчид бол хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшлийнхэн гол ачааг үүрдэг” гэх үгсийг бид өдөр тутам сонсдог. Мэдээж энэ бол үнэн үг.

Угтаа зах зээлийн эдийн засаг гэдэг нь хувийн хэвшил, тэдний бүтээсэн баялагт тулгуурлаж хөгждөг зүй тогтолтой ажээ. Ийм ч учраас Монголд ардчилсан хувьсгал ялсны дараахан өмч хувьчлал эхэлж,  төрийн өмчит 475 компанийг хувьчилжээ.
Үүнийг буруу гэх хүн байхгүй нь мэдээж. Харин өмч хувьчлалыг хэрэгжүүлсэн арга нь сонирхол татдаг. Тухайн үед зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн улс орнууд өмч хувьчлалын үндсэн гурван аргыг хэрэглэсэн байдаг. Үүнд:

  • Хурдавчилсан буюу бөөн бөөнөөр худалдах арга: Энэ аргыг Ардчилсан Германд хэрэглэсэн байна.
  • Дундын зуучлах сан байгуулах арга: Үүнийг Польш, Казахстан зэрэг орнууд хэрэглэжээ.
  • Эрхийн бичгээр хувьчлах арга: Энэ аргыг Чех, Молдав, Монгол гэх зэрэг орнууд хэрэглэсэн байна.

Ягаан, цэнхэр тасалбар ямар үнэ цэнэтэй байв?

Өмч хувьчлалыг хэрэгжүүлэхдээ 3,000 төгрөгийн үнэтэй ягаан, 7,000 төгрөгийн үнэтэй цэнхэр тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичиг (ХОЭБ)-ийг үнэ төлбөргүй тараажээ. Ягаан тасалбараар  нь худалдаа, үйлчилгээний компаниудын хувьцааг худалдан авах, цэнхэр тасалбараар нь үйлдвэрийн газруудын хувьцааг авах байлаа. Харамсалтай нь иргэд энэ талаар бараг мэдээлэлгүй, мэдлэггүй байв. Одоо ч хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар төдийлөн сайн ойлгоогүй хэвээр л байна.

Тухайн үед иргэд хойд захын үүдэнд эрхийн бичгээ 100 төгрөгөөр зарж байсан гэдэг. Авдрынхаа буланд хадгалсан тасалбарынх нь зарим хэсгийг нь ач гуч нар нь өнөө цагт олж, цахим ертөнцөөр “Үүнийг яах вэ? Одоо хэрэгтэй юу? Яаж хувьцаагаа авах вэ? ”хэмээн асуусаар..... Ийм тохиолдол цөөнгүй  бий. Юу болж, ямар учиртай үйл явдал өрнөсөн тухай олонх өнөөг хүртэл хангалттай мэдээгүй л байна.

Тэгвэл би хоёрхон жишээ татъя. Баянгол зочид буудал, Улаанбаатар зочид буудлыг 1991 онд хувьчилжээ. Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 100 төгрөг. 7,000 төгрөгийн эрхийн бичгээрээ 70 ширхэг хувьцаа авах боломж байв. Өнөөгийн байдлаар Баянгол зочид буудлын хувьцааны нэгж хувьцааны үнэ 53,000 төгрөг. Харин Улаанбаатар зочид буудлын нэгж хувьцааны үнэ 99,600 төгрөгт хүрчээ.

 
 

(Зураг дээр дарж, томоор харах боломжтой)

Хэрэв бид хөрөнгө оруулалтын эрхийн бичиг (ХОЭБ)-ийнхээ үнэ цэнийг нь мэдэж байсансан бол тэр үеийн 7,000 төгрөг тань 530 дахин, 996 дахин өсөх байв. Үүнээс ч илүү, хэдэн мянга дахин өссөн компаниудын жишээ цөөнгүй бий. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэгч энэ болой.

Аав ээж, ах эгч, найз нөхөд нарынхаа тасалбарыг хамж аваад хувьцаа болгочихсон бол тэрбумтан болох энүүхэнд. Тодруулж хэлбэл, та тэрбумтан болох боломж тэр үеэс л эхтэй байж. Түмэн олон чинээлэг амьдрах боломж тэр цагаас л эхэлсэн аж. Харамсалтай нь бид мэдэхгүйгээсээ болж дэндүү ихийг алдчихжээ. 

Бидэнд нэг буруу хандлага байх шиг. Үнэгүй өгсөн зүйлийг уландаа гишгэж, үнэтэй өгсөн зүйлийг толгойдоо залдаг. Гэтэл үнэгүй өгсөн зүйлд асар их үнэ цэнэ нуугдаж байдгийг бид өмч хувьчлалын үр дүнгээр харж, сонсож, мэдэрч байна. Тэгэхээр бид аливаа юмны үнэ цэнийг мэддэг байя. Мэддэггүй бол мэдэхийн тулд мэрийдэг байя.

Эс бөгөөс энэ нийгэмд элбэг хангалуун амьдарна гэдэг тийм ч амар биш бололтой. Мэдэхгүйг нь далимдуулж мэддэг нь мэрдэг нийгэмд бид амьдарч байна. Энэ бүхний эцэст эл бодолд минь нэгэн асуулт зурс хийнэ. “Хөрөнгийн зах зээлийг мэдэхгүй байх нь хэнд хохиролтой вэ?” 

Өмч хувьчлалын үйл явцыг ажиглан суухад, өнөөгийн ашигт малтмалын орд газруудыг дотоодын хөрөнгийн зах зээлээрээ дамжуулан эргэлдүүлэхгүй байгааг сонирхон лавлахад, мега төслүүдийг хэрэгжүүлэхдээ төр гэдэг төлөөлөгч түмний нэрийн өмнөөс хаалттай гэрээ байгуулж хамаг л заалтуудаа нууж буйг дүгнэн бодоход “хувьцааны үнэ цэнийг мэдэхгүй байх нь хэнд хохиролтой вэ” гэсэн асуулт өөрийн эрхгүй сэтгэлд нэгийг бодогдуулж, дотор давчдуулна.

Болоод өнгөрсөн зүйлийн араас харамсах утгагүй. Гэхдээ алдаанаасаа суралцахгүй орхивол учир утгагүй харамсалд хүргэж мэднэ. Болох зүйлийг урьдаас харж, бартаат замаа товчлох боломж бидэнд байна. Учир юунд гэвэл өмч хувьчлалын үр дүнд хувьцаат компаниудын ханш өссөн шиг, үүнээс хэдэн зуун дахин хөрөнгийн үнэ цэнэ өсөх хөгжлийн том давалгаа биднийг хүлээж байна. Ашигт малтмалын том орд газруудыг ашиглаж эхлээд байна. Ард нь үлдсэн том ордууд ар араасаа жагсаж байна. Ард иргэд бид хэрхэн байгалийн баялгаасаа ижил тэгш хүртэх вэ? Хамгийн оновчтой арга бол тухайн ордыг ашиглаж буй компанийн хувьцаанд хөрөнгө оруулах гэдгийг онцлон хэлье. 

Алдаанаасаа сургамж аваагүй бол ахин хийх хэрэггүй

Туулж ирсэн түүхээ эргэн харж суралцаад, туулах ёстой замаа товчилж чадвал энэ хөгжил.  Мөн өнгөрсөн хугацаанд хийгдсэн өмч хувьчлалын түүх бидэнд дараах сургамжийг өгч байна. Эс хүлээн авбаас төрийн өмчийн хувьчлал түмний сайн сайхны төлөө бус төлөөлөгчдийн  эрх ашгийг хангах хэрэгсэл болох нь.

Үнэ төлбөргүй олгох хэрэггүй. Үнэхээр үнэ төлбөргүй олгох боломж гарвал үнэ цэнийг нь хангалттай сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Гэвч төр алдаагаа давтлаа. Эрдэнэс таван толгой ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг дахиад үнэ цэнийг нь ард иргэдэд огт ойлгуулалгүйгээр  (Үнэ нь хэд вэ? Хэзээ үнэтэй болох вэ? Хэн ямар эрх эдэлж, үүрэг хүлээх вэ? ) үнэ төлбөргүй тараалаа.  Эцэстээ утга учир нь огт ойлгогдохгүй болчихлоо.  Үр дагаварт нь иргэн бид л хохирч сууна.

Хэт их тараах нь хор уршиг ихтэй. 1990 оноос хойш өмч хувьчлагдсаны дараа хэтэрхий олон хувьцаа эзэмшигчтэй хэний ч биш компаниуд бий болсон байдаг. Нийт хувьцаат компаниудын 11% нь 100-аас доош, 28% нь 101-500, 24% нь 501-1,000, 34% нь 1,001-5,000, 7.8% нь 5,001-20,000, 2.7% нь 20,001-дээш тус тус хувьцаа эзэмшигчидтэй байсан үе бий.

Энэ байдал нь компанийг удирдлагагүй болгож, үйл ажиллагаа нь зогсоход хүрч үйлдвэрлэл унах, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүн буурах, ард иргэдийн амьжиргааны төвшин доройтох хор хохиролтой үр дагавруудыг араасаа дагуулж байв. Энэ л уршгаар 1995 онд  хувьцаат таван компанийн үйл ажиллагаа зогсож дампуурсныг шүүхийн шийдвэрээр нотолсноор 7,880 орчим хувьцаа эзэмшигч 686,282 ширхэг хувьцаагаа алдаж хохирчээ.

Төр алдаагаа дахиад давтлаа. Эрдэнэс таван толгой компанийн хувьцааны 20%-ийг иргэн бүрт 1,072 ширхэгээр нь тарааж өглөө. Дахиад л эзэнгүйдэл. 1 сая 650 мянган иргэн энэ хувьцааг эзэмшиж байна.  Байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх гэсэн төрийн бодлого, зорилго нь зөв хэдий ч түмэн олонд түгээх арга нь буруудлаа. Талаар нэг тараахын оронд түмний итгэл хүлээсэн төлөөлөгч томилж, түүний удирдлагын дор мэргэжлийн шинжээчдийг ажиллуулж сан байгуулсан бол өнөөгийн нөхцөл байдлаас хавьгүй илүү өгөөжтэй байх байсан.

Хаалттай байж болохгүй. Хаалттай хүрээнд хувьчлагдсан компаниуд араасаа олон сөрөг асуудал дагуулдаг. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан талаар олныг хамарсан үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй шуугиан дэгдэж, нийгмийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг. Хаалттай учраас хувьчилсныхаа дараа үйл ажиллагааг нь зогсоож, үрэн таран хийж болдгийг түүх бидэнд сургамжилсан. Иймээс төрийн өмчийн хувьчлал нээлттэй хэлбэрээр буюу хөрөнгийн биржээр дамжсанаар хоосон хардлага, хожмын хохирол үгүй болох юм.

Эх сурвалж: “Хувьцаа ямар ашигтай вэ?” номын хэсгээс
Ном захиалах: 99803111


 

Энэхүү ном нь дөрвөн бүлэг, нэмэлт 20 гаруй шигтгээнүүдтэй. Нэгдүгээр бүлэгт дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил, тэдгээрийн туршлагаас бид юу суралцаж болох талаар өгүүлсэн бол, хоёрдугаар бүлэгт Монголд хөрөнгийн зах зээл хөгжвөл ард иргэдийн амьдралд ямар хэмжээний томоохон эерэг өөрчлөлт гарч эдийн засаг, нийгмийн хөгжил хурдсах боломжтойг тайлбарласан.

Гуравдугаар бүлэгт Монголын хөрөнгийн зах зээлийг системээр нь танилцуулж уг системийн хаанаас ямар үйлчилгээ авах боломжтойг уншигч танд тайлбарлан таныг хөрөнгийн зах зээлд хөл тавихад тусална. Эцэст нь Монголын хөрөнгийн зах зээлд хэрхэн урт ба богино хугацаанд амжилттай хөрөнгө оруулалт хийх боломжтойг номын зохиогчид өөрсдийн туршлагад үндэслэн арилжаа, хөрөнгө оруулалтын оновчтой арга, аргачлалыг тайлбарлан бичсэн. Үндсэн бүлгүүдээс гадна шигтгээ байдлаар дэлхийн томоохон хямралуудын учир шалтгаан, сургамж болоод алдартай хөрөнгө оруулагчдын туулсан хүнд хэцүү зам, амжилтын түүх, аварга том компаниудын амжилт болоод уналт, ёс суртахуунгүй хүмүүсийн ёс бус үйлдлүүд хөрөнгө оруулагчдыг хэрхэн хохироож, өөрсдөө хэрхэн шийтгэгдсэн тухай өгүүлнэ.

Мөн Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж болохуйц дөрвөн бодлогын саналыг бодлого боловсруулагчдад энэхүү номоор дамжуулан хүргэж байна.