Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч иргэд мэдээлэл муутай байна

Ж.Нарангэрэл
2017 оны 1 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

-Хүүхдийн өвчлөл хүндэрч байгаа нь эцэг, эхчүүдийн асаргаанаас их шалтгаалдаг- 

Хүйтний улирал эхэлж, томуу, ханиадны дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэл дэх өрхийн бүх эмнэлэг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Тодруулбал, ажлын өдөр 20.00 цаг хүртэл, бямба гарагт 10.00-14.00 цагийн хооронд эмч нар иргэдийг хүлээн суух болжээ.

Түүнчлэн өрхийн эмнэлгүүдэд резидент эмч нарыг ч нэмэлтээр ажиллуулж байгаа. Ингэснээр ачааллаа дийлэхгүй байгаа дүүргийн эмнэлгүүдэд ихээхэн нэмэртэй гэж үзсэн хэрэг. Гэвч ийн уртасгасан цагаар ажиллаж байгаа нь хэр зөв зүйтэй шийдвэр байж, эцэг, эх, асран хамгаалагчид оройн цагаар болон амралтын өдөрт өрхийн эмнэлгээ хэр зорьж байгаа талаар сонирхлоо.

Бид энэ удаа нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг зорьсон юм. Ингэхдээ мөн дүүрэгтээ утааны цөм гэж хэлж болохоор Ханын материал буюу VI, Зүүнсалаа буюу XXV хорооны өрхийн эмнэлгүүдийг сонгосон.

Баасан гарагийн оройн 18:50 минутад Сонгинохайрхан дүүргийн VI хорооны “Гурван цуур” Өрхийн эрүүл мэндийн төвд очлоо. Тус төвийн дарга Ш.Нямхүү энэ орой жижүүртэй байсан бөгөөд сувилагчийн хамт ажиллаж байв. Түүнтэй хэсэг хором ярилцах үед ганц ч хүн үзүүлж, зөвлөгөө авахаар эмнэлэгт орж ирэх байтугай үүдийг нь ч татсангүй.

Тэр байтугай хаасных нь дараа буюу 20:00 цагт утсаар холбогдон дахин өвчтөн үзүүлэхээр хандсан талаар лавлахад “ҮГҮЙ” гэдэг хариултыг авсан юм. Дараа нь очсон XXV хорооны “Цэцэгхайрхан” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч П.Уранчимэг ч энэ өдөр нэг ч өвчтөн үзүүлээгүй хэмээж байсан юм. 

Тэгэхээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байгаа нь эцэг, эхчүүдийн мэдээлэл болон үр хүүхдэдээ тавих анхаарал, асаргаанаас ихээхэн хамаарч байна уу гэж бодогдож байлаа. Түүнчлэн сурагчдын амралтыг сунгах эсэх талаар асуудал хөндөгдөж байгаа энэ үед өвчлөл нэмэгдэх эсэхийг харна хэмээж байгаа.

Гэтэл эмч нарын хувьд хүүхэд бөөнөөр цуглаагүй буюу амарч байгаа учраас өвчлөл тодорхой хэмжээгээр буурсан гэж үзэж байгаа аж. Тэгэхээр хэрвээ амралтын хугацааг сунгахгүй тохиолдолд өвчлөл дахин нэмэгдэх магадлалтай гэсэн үг. 

Түүнчлэн жил бүр хүйтний улиралд ханиад, томуу, томуу төст өвчний гаралт нэмэгддэг. Олныг хамарсан өвчлөлийн үед зөв зохицуулалт, шийдвэр гаргаж, давахгүй бол эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байна хэмээн зөвхөн эрүүл мэндийн салбарт буруу тохож боломгүй гэдгийг энэ өдрийн сурвалжлага харуулж байлаа. Учир нь уртасгасан цагаар ажиллаж буй эмнэлгүүдэд жижүүр эмч, сувилагчаас өөр хүнгүй байсаар 20:00 цагт үүдээ барьж байгааг дуулгая. 

Ш.Нямхүү: Уртасгасан цагаар ажиллахад бараг өвчтөн ирдэггүй

-Танай өрхийн эмнэлэг хэдэн хүнд үйлчилж байгаа вэ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах шийдвэр гарсан. Ингэснээр иргэд хэр их хандаж байна?

-Манай эмнэлгийн хувьд хорооны гэр хорооллоос гадна, Содон, Очир гээд байшин хорооллууд нэмэгдэж, 12 мянга гаруй хүнд үйлчилдэг. Тэдний 3,324 нь 0-15 насны хүүхэд. Эмч, сувилагч нарын ачаалал хүрэхгүй байснаас боловсон хүчний тоогоо нэмэгдүүлсэн. Хуучин гурван эмч, гурван сувилагч байсныг өмнөх оны төсвийн мөнгө орж ирэнгүүт нь тав, тав болгож нэмсэн.

Үндсэндээ бид бас стандартын дагуу буюу эмч нарын ачааллаа бодолцох шаардлагатай. Ханиад, томууны ид дэгдэлтийн үе буюу арваннэгдүгээр сарын сүүлчээс арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл ачаалал маш их байсан. Боловсон хүчний асуудлаас гадна байр, байшингийн асуудал ч хүнд байлаа. Гэлээ гээд бид боломжийнхоо хэрээр арга хэмжээ авч ажилласан.

Уртасгасан цагаар ажиллах шийдвэр гарснаас хойш эмч нартайгаа хуваарь гарган, жижүүрлэж байгаа. Гэвч иргэд зорьж ирэх нь тун ховор. Ер нь өмнө нь ч ингэж байсан. Уртасгасан цагаар ажиллахад бараг өвчтөн ирдэггүй. 

-Уг нь уртасгасан цагаар ажиллаж байгаа тухай мэдээллийг хангалттай өгч байгаа биз дээ?

-Мэдээлэл маш сайн байгаа. Зарим иргэн мэдээлэл сайтай байдаг. Энэ нь иргэдийн өөрсдийн боловсрол, идэвхээс маш их хамааралтай. Мэдээлэлтэй хүмүүсийн хувьд ирээд үзүүлэхээс гадна зөвлөгөө авч, хүүхдүүдээ хэзээ, хэрхэн яаж агаарт гаргахаас эхлээд л зааварчилгаа авдаг. Гэтэл нөгөө хэсэг нь хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлчихнэ. Давтан хатгалгаа болгочихож байна. Бид гэрээр байнга эргэлт хийдэг. Тэр үедээ ингэж уртасгасан цагаар ажиллаж байгаа шүү гэдгийг байнга анхааруулсаар байгаа. 

-Утааны улирал эхэлчихсэн үед яг танай хорооныхон хүүхдээ салхилуулна гэдэг нэлээд асуудал шүү?

-Тэгэлгүй яах вэ, бид ийм хүнд үед хүүхдээ салхилуул гэж хэлж чадахгүй, цонхоо онгойлгож агаар оруул ч гэж чадахгүй. Хотоос холхон урт цагаар салхинд гарахыг л зөвлөж байна. Үнэндээ манай хорооны хувьд ядуурал ихтэй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй шүү дээ. Эмчид үзүүлж, эмчилгээ бичүүлсэн ч эмийг нь авч өгч чадахгүйгээсээ өвчин нь дахих тохиолдол олон бий. Эмч нар үүргийнхээ дагуу үзээд, эм бичээд өгөхөд түүнийгээ аваад, яг цагаар нь зохистой хэрэглэж чадахгүй айлууд байдаг. 

-Сурагчдын амралтын үеэр өвчлөл хэр байгаа бол?

-Хүүхдүүдийн амралт эхэлснээс хойш бараг ирэхгүй байна шүү. Тэр тусмаа бага ангийнхан тун бага. Харин 0-5 насны анхны үзлэгээсээ хойш өвчнөө хүндрүүлчихсэн үзлэгүүд л их байна. 

-Уртасгасан цагаар ажиллах явцад хамгийн ихдээ хэдэн хүүхэд үзэж байна вэ?

-Манай эмч нар өөрсдийн бүртгэлтэй байдаг. Үүнийгээ нийгмийн ажилтан маань нэгтгээд гаргадаг. Яг одоо бол уртасгасан цагаар ажиллаж, нийгмийн ажилтан маань тарчихсан учраас яг тэд гэж хэлэх боломжгүй байна. Миний хувьд өмнө нь ч ганц ч хүн хүлээж авахгүй байсаар 20:00 цаг болгож байсан. Өнөөдөр л гэхэд ганцхан хүүхэд үзчихээд л байж байна. Ер нь эмч нар маань өглөөд ирэхэд “орой хүн ирээгүй” л гэдэг дээ. 

-Ханиад, томуутай холбоотойгоор олон шийдвэр гарч байгаа. Тэдгээрийн нэг нь 0-5 насны хүүхэд нь өвдсөн тохиолдолд эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгох асуудал. Танайд ингэж хандсан иргэн бий юу?

-Яг ийм асуудал одоогоор ирээгүй. Өнгөрсөн сард хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн гээд нэг аав ирж, чөлөөний тодорхойлолтоо авахыг хүссэн. Харамсалтай нь тэр хүн шийдвэр гаргахаас өмнө эмнэлэгт хэвтсэн байсан тул манай зүгээс тодорхойлолт хийж өгөөгүй. 

-Ханиадны өвчлөлийг ихэнхдээ утаанаас үүдэлтэй гэх мэтээр ярьж байгаа. Танайхыг зорьж ирж байгаа хүүхдүүдийн хувьд өвчлөл утаанаас үүдэлтэй байна уу, эсвэл даарч, хөрсөн зэргээс болов уу?

-Манай хорооны хувьд яг утааны голомт шүү дээ. Хүмүүсийн хувьд бие организмаасаа шалтгаалаад янз бүрээр үүдэлтэй өвчлөл бий. Ер нь сүүлийн үед янз бүрийн вирусийн өвчлөл нэмэгдэж байгаа. Үүнтэй хамааралтайгаар эцэг, эх, асран хамгаалагчдын амьдралын боломж асар ихээр нөлөөлдөг.

Би дээр хэлсэн дээ, манай хороонд амьдралын боломж тааруу өрх олон гэж. Түүнийгээ дагаад хүүхдийнхээ эхний үзлэгийн эмийг авч өгч чадахгүй байсаар өвчнийг нь дахиулчихдаг. Тэгээд дараагийн удаа өмнөх эмэндээ дасалтай болчихоод эдгэрэхгүй, өөр төрлийн эм нэхэх хэмжээнд хүрчихэж байгаа юм.

Ер нь л аль аль талдаа байна. Эцэг эхчүүдэд буруу өгөөд байх бас хэцүү. Яагаад гэвэл энэ ханиад, хатгалгааны вирус нь N1H3 гэж нэрлэгдэж байгаа. Халдвартын эмч нарын тайлбарлаж байгаагаар үүсгэгч нь их хүчтэй гэсэн үг л дээ.

-Энэ удаагийн ханиаданд ямар эмүүд хамгийн их хэрэглэгдэж байгаа вэ. Саяхан нэлээд олон төрлийн эмийг хөнгөлөлттэй буюу үнэгүйгээр олгохоор болсон шүү дээ?

-Хүүхэд өнөөдөр үзүүлээд, эмч нар эм бичиж өглөө. Хэрвээ өгөхгүй, эсвэл тасалдуулах л юм бол бараг маргааш нь шууд л хатгалгаа болж байна. Бид чадлынхаа хэрээр л хөнгөлөлттэй эмүүдийг өвчтөнүүдийн бие организмд тохируулан бичиж өгдөг. Гэхдээ эмийн сангууд л гэхэд төсвийн тодотгол нь орж ирээгүй гээд энэ сарын 18-ныг хүртэл хүлээлтийн байдалтай байх шиг байна. 

-Эрүүл мэндийн төвүүдтэйгээ хэр уялдаатай ажиллаж байгаа вэ. Хүүхдийн эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй, ачааллаа дийлэхгүй хэцүү л байх шиг байна?

-Маш сайн холбоотой байдаг. Байнга мэдээгээ солилцож, эмнэлэгт хэвтсэн, тэндээс гарсан хүүхдийнхээ талаарх мэдээллээр эргэлтүүдээ идэвхжүүлнэ. 14 хоног тутамд уулзаж, ажлаа тайлагнадаг. 

-Ингэж уртасгасан цагаар ажиллаж байгаа нөхцөлд эмч, сувилагч нарын илүү цагийн хөлс, эмнэлгийн цахилгаан, дулаан гээд урсгал зардал нэмэгдэж байгаа байх?

-Яг одоогоор эмч нарт маань илүү цагийн хөлс олгох тухай яригдаагүй. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хамтарч, дэмжиж ажиллана л гэсэн. Гэхдээ манайх бол төсвөө харж байгаа эмч, сувилагч нартаа илүү цагийн хөлс бодож, олгохыг хичээнэ ээ. Харин цахилгаан, дулааны хувьд манайх галлагаатай учраас нүүрсний хэрэглээ нь нэмэгдээд л эхэлнэ дээ. 

XXV хорооны “Цэцэгхайрхан” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч 

П.Уранчимэг: Амьдралын боломж муу гээд хүүхдийнхээ эмийг авч өгөлгүй, өвчнийг нь хүндрүүлчихдэг 

-Өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллах шийдвэр гарсан. Гэхдээ танай эмнэлгийн хувьд эмч, сувилагчаас өөр хүнгүй л харагдах юм?

-Өнгөрсөн оны 11 болон арванхоёрдугаар саруудад иргэд ихээр хандаж байсан. Он гарсаар өдөрт зарим тохиолдол 5-8 хүн л ирж байгаа. Бямба гарагт жижүүрлэсэн эмч нарын хувьд 50 гаруй хүн үзэх үе ч бий. Гэхдээ ингэж ажиллаж байгаа талаар эцэг, эхчүүд мэдээлэл багатай байна уу гэж харж байгаа. Бид өмнө нь ч гэсэн цагтаа тарах тохиолдол ховор шүү дээ. Үзлэгээ дуусгаж байж л явна. Түүнчлэн сүүлийн 2-3 сарын хугацаанд цайны цаггүйгээр л ажиллаж байгаа. 

-Хорооны хүн ам хэр олон бэ. Эмч, сувилагч нар хүрэлцэж байгаа юу?

-Статистик мэдээллээр 14 мянга гаруй оршин суугчтай гэдэг. Гэхдээ түр оршин суугч гэхчилэн бүртгэлгүй иргэнээ нэмбэл 15 мянга гаруй хүнтэй. Зургаан эмчтэй. Нэг эмчид л гэхэд 2,000 гаруй хүүхэд бүртгэлтэй. Оршин суугчдын маань 40-50 хувь нь эмзэг бүлгийнхэн. Тийм болохоор өрхийн эмнэлэгтээ их ханддаг. 

-Танайхыг зориод ирэхдээ өвчнөө хүндрүүлчихээд ирж байна уу. Эсвэл дөнгөж эхлэнгүүт анхаарал хандуулж ирж байна уу?

-Үүн дээр иргэдийн боловсрол, мэдээлэл их нөлөөлдөг. Ажиглаад байхад боловсрол дундуур хүмүүс хүүхдийнхээ өвчнийг хүндэрсэн хойно л аваад ирнэ. Үзлэг хийгээд эмчилгээ бичиж, зөвлөгөө өгөөд явуулна. Араас нь эргэлтээр очиход бүр хүндрүүлчихсэн байдаг. Эмийг нь авч өгч чадаагүй, эмчилгээгээ хийлгэж чадсангүй, амьдралын боломж муу байна гээд л. Тийм тохиолдолд өрхийн эмч нь өөрөө машинаараа хүргэж өгч, хүүхдийн эмнэлэгт хэвтүүлдэг. Боловсролтой, туршлагатай аав, ээжүүд бол ханиад хүрч байх шиг байна, нус нь гоожоод эхэллээ гээд аваад ирдэг. Энэ нь их ховор доо. 

-Энэ удаагийн дэгдээд байгаа ханиадыг утаатай холбон тайлбарлах нь их. Танай хорооны хувьд ганц ч байшин хороололгүй. Бүхэлдээ гэр хороолол. Энэ нь өвчлөлд хэр нөлөөлж байх шиг байна вэ?

-Утаа болон иргэдийн эрүүл мэндийн боловсрол, өөртөө тавих анхаарал зэргээс шалтгаалсан өвчлөл 50, 50 хувьтай байдаг. Энэ удаагийн өвчлөл хатгалгаа, ларингит гээд харшлын суурьтай өвчлөл их байна. Өөрөөр хэлбэл утаатай холбоотойгоор нэмэгдэж байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй ахмадууд, жирэмсэн эхчүүд ч сараас дээш хугацаагаар ханиалгаад ирж байна.

Архаг бронхит, астомоидный бронхиттой болоод ирдэг. Хүүхдүүдийн хувьд эцэг, эхийн анхаарал, халамж, сувилгаа, мэдлэг боловсрол нөлөөлж байна. 

-Эцэг, эхчүүд бага насны өвчтэй хүүхдээ асарсан тохиолдолд цалинтай чөлөө олгох шийдвэр гарсан. Үүнийг дагаад эцэг, эхчүүд хэр хандаж байна вэ?

-Шийдвэр гарснаас хойш 1-2 хүн л хандсан. Эмч нарын ажлын цаг одоогоор тарчихсан, жижүүр эмч учраас өдрийн нэгтгэсэн мэдээгээ хараад хэлж өгөх боломжгүй байна. Эмч нарт тэгж хандсан хүн ер нь цөөхөн. Өнөө үед ихэнх аав, ээж гэртээ ажилгүй байгаа. Эсвэл ах, эгч, эмээ, өвөөгөөр нь л хүүхдээ асруулж, бүх хүндэрсэн нөхцөлд л өөрсдөө асарч байгаа шүү дээ. 

-Сурагчдын амралттай холбоотойгоор өвчлөл буурч байгаа янз байна уу?

-Он гарсаар эхний долоо хоногт ачаалал ихтэй байсан. Түүнээс хойш арай багасч байна. Энэ нь ханиадтай хүүхдүүд нэг дор цугларах нь багассантай холбоотой болов уу. Гэхдээ сэтгэл амрах хэмжээнд хүртэл өвчлөл буураагүй. 

-Одоо цаг 19:50 болж байна. /Баасан гарагийн/ Оройн цагаар ажиллаж байгаа хугацаандаа хэдэн хүнд үйлчилсэн бэ?

-Одоогоор нэг ч хүн ирээгүй л байна. Ерөнхийдөө долоо хоногийн эхээр өвчлөл нэмэгдэж, үзүүлж буй хүний тоо ч нэмэгддэг. Магадгүй эцэг, эхчүүд амралтын өдрүүдээр ах дүүгийнхээрээ зочлох зэргээр гадуур их гарч, уулзалт хийгээд ирэхээр л вирус тээж, ханиалгатай болж, өвчлөл нэмэгдээд байх шиг байгаа юм. Долоо хоногийн эхний гурван өдөр ачаалал маш их байдаг. Сүүлийн өдрүүдэд нь буурчихдаг. 

-Ингэж ажиллахаар эмнэлгийн төсвийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Бид авах ёстой цалингаа аваад л явдаг. Одоогоор илүү цагийн хөлсний талаар яригдаагүй. Цаанаасаа санхүүжилт ямар байхаас л шалтгаална. Өмнө нь улаанбурхан өвчний үед нэмэлт цаг тооцож өгч байсан.

Зураг