Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хог хаягдлыг ашиглан био бордоо гаргаж авчээ

ikon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Малын бууцыг байгальд ээлтэй аргаар бордоо үйлдвэрлэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах нь” төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Монголын бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэн энэхүү арга хэмжээг нээн хэлэхдээ “Төсөл 3 жилийн хугацаанд маш амжилттай хэрэгжсэн. Энэ төслийг Японтой хамтран хэрэгжүүлсэнээр эрүүл, хүнсний аюулгүй бүтээгдэхүүнийг эх орныхоо хөрсөнд үйлдвэрлэх аргыг нэвтрүүлсэн” гэлээ.

Төслийг Монголын бэлчээрийн менежментийн холбоо, “Эко Энерги Систем” компанитай хамтран "Малын бууцыг байгальд ээлтэй аргаар бордоо үйлдвэрлэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах нь" төслийг 2014 оноос эхлэн 3  жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Энэ хугацаандаа бордооны үйлдвэр барьсан бөгөөд үйлдвэртээ нарийн ногоонуудыг тарьж ургацаа хураан авсан байна. 

 

БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба “Төсөл маш үр дүнтэй хэрэгжиж дууслаа. Бид хог хаягдлыг дахин боловсруулж био бордоо гарган авч түүгээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүн гарган авах шинэ дэвшилтэт аргыг өөрийн улсдаа нэвтрүүллээ. Цааш цаашдаа хог хаягдлыг баялаг болгох, хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хэлэхдээ “Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үүрэг. Иймээс ч бид төсөлд хамтран ажилласан. Төслийг хэрэгжүүлсэнээр гарсан хамгийн том үр дүн нь байгальд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бий болгох явдал юм” гэв. 

“Эко Энерги” компанийн нээсэн микро организм болох БАБОН бактерийг ашиглан органик бордоо хийх технологийг Монгол улсад турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх байсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнийг төслийн багийнхан хэлж байлаа.

Мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр адууны хомоол, шувууны сангас гэх зэрэг хог хаягдлыг БАБОН бактертай холин байгальд ээлтэй аргаар био бордоог үйлдвэрлэж эрүүл аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гарган авах нь төслийн гол зорилго ажээ.  

 

Эх сурвалж: БОНХЯ