Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ-ны гишүүнээр Ө.Энхтөр, Ерөнхий Аудитороор Д.Хүрэлбаатар томилогдлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг чөлөөлж, томилох, Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. 

СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогт нь гадаадад дипломат албанд ажиллах болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Харин түүний оронд ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийг томилох саналыг хэлэлцэв. Ө.Энхтөр нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ЦЕГ-ын даргаар томилогдсон билээ. 

Ингээд санал хураалт явуулж СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогтыг чөлөөлж, түүний оронд Ө.Энхтөрийг томилов

Харин дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий аудитор А.Зангад биеийн байдлын улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргажээ. УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Аудитын тухай хуулийн дагуу А.Зангадын оронд Д.Хүрэлбаатарыг томилох асуудлыг Төсвийн Байнгын хороонд танилцуулсан байна. 

Уг асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 89.1 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхий Аудитороор Д.Хүрэлбаатар томилогдлоо


Доржсүрэнхорлоо овогтой Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төржээ. Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Барилгын инженер, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Орос хэлтэй. Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газар эдийн засагч, Удирдах газрын дарга, Төв аймгийн ЗДТГ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын захирал, Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 

Одоо “Монгол 555” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Барилга, Хот Байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагч, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэсэн ажлуудыг хийж байгаа юм байна.