Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсад суралцаж байсан 40 гаруй оюутан Лаосын төрийн байгууллагуудад өндөр алба хашдаг"

ikon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхон өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд зочиллоо. 

Эрхэмсэг ноён Сиалункон Сэнг Утхон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг хүлээн авч, хоёр орны болон төрийн албаны төв байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. 

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жил уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс БНАЛАУ-ыг Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь чухал түншийн нэг хэмээн үздэг бөгөөд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, түүний дотор хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт илүү үр дүнтэй хөгжиж байгааг тэмдэглэв. 

 

Лаос Улсын Дотоод хэргийн сайдын урилгаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сард тус улсад айлчилсан юм. Энэ үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчид тус улсын яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудад “Монгол Улсын төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын онцлог”, “Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, түүнийг дүгнэх тухай”, “Төрийн албан хаагчдын сургалтын стратеги” зэрэг сэдвээр лекц уншсан  билээ. 

 

Уулзалтын үеэр Элчин сайд, ноён Сиалункон Сэнг Утхон Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Лаосын Төрийн албаны комиссын хамтын ажиллагааны талаар, бусад салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Элчин сайд, ноён Сиалункон Сэнг Утхон Монгол Улс Лаосын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ирсэн бөгөөд Монгол Улсад суралцаж байсан  40 гаруй оюутан Лаосын төрийн байгууллагуудад өндөр алба хашиж байгааг тэмдэглэн хэлээд, цаашид Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн төгсөх ангийн оюутнуудаас Лаосын “Найрамдал” эмнэлэгт дадлага хийлгэх, Монгол эмч ажиллуулах, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт, Засгийн газар, яам, орон нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. 

 

Эх сурвалж: ТАЗ