Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Одоо Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийх биш, уралдаж гарах хэрэгтэй

ikon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /ҮАБЗ/ өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийж нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаас Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар зөвлөмж гаргасан байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.

iKon.mn мэдээллийг "MNB"-ийн эфирээс ШУУД дамжуулан хүргэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/609001022618803/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үндсэн хуульд зааснаар ҮАБЗ-ийг тэргүүлдэг. 

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд ҮАБЗ-ийн гишүүн юм.


Ерөнхийлөгчийн Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар хийж буй мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

ЭШЛЭЛ

ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанд нийгмийн 12 хэсгийн төлөөлөл оролцож, агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг хэлэлцсэн.

Үндсэн хуулинд байдаг хамгийн гол заалт бол Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан.

Харин Улаанбаатар аюултай орчин болоод байна.

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт Үндсэн хуулинд нийцүүлж гаргасан шийдвэр.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй төрж байхад энэ гамшгийг гамшиг гэхгүй юм бол өөр юуг гамшиг гэх юм бэ.

Утааны үеийнхэн гээд бүхэл бүтэн үе бий болж байна.

2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод, Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг би хэлж байсан.

Энэ асуудлыг олны анхаарлын төвд оруулахад ийм урт хугацаа шаардлаа.

2011 оны нэгдүгээр сарын 14-нд ҮАБЗ-ийн хурал дээр агаарын бохирдол хэдхэн газарт л жаахан утаа байна. Бусад газар гайгүй байна гэж байлаа.

Тэр үед хэвлэл мэдээлэл ч тоож бичдэггүй байсан.

Одоо л бид сэрж байгаа юм биш. Энэ утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан.

Зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж би хэлж байсан.

Утааны гамшиг бол Монголчуудын өөрсдийнх нь хийсэн гамшиг.

Хэвлэлийнхэн түргэний эмч шиг ажилла л даа. Хэцүү байгаа юм уу?

Налайх, Багануураас ирж байгаа нүүрс бол хар утаа гаргадаг түүхий нүүрс.

Монголд сайн чанартай нүүрснээс их юм байхгүй.

Чанартай нүүрсээ урагшаа гаргах уу, яах уу гэж яриад л байна. 

Улаанбаатартаа тэр чанартай нүүрсээ түлмээр байна.

Гурван асуудлаар ҮАБЗ, шийдвэр гаргах түвшний дээд байгууллагууд нэгдсэн байр суурьтай болсон. 

Утааг гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Гамшиг гэж хүлээн зөвшөөрвөл бүсээ тогтоож, авах арга хэмжээгээ боловсруулдаг.

Гамшгийн бүсэд гамшгийг нэмэх, хүндрүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бол хариуцлага тооцно.

Гамшгийн бүс онцгой горимоор ажиллана. 

Засгийн газраас эхлээд хотын захиргаа онцгой горимоор ажиллая гэж байгаа.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нэрийг өөрчилж байна. Нэрээс үйл ажиллагаа тодорхой болдог.

Агаарын бохирлыг бууруулах үндэсний хорооны нэрийг өөрчилж, Орчны бохирдлыг бууруулах онцгой байдлын хороо болгон Ерөнхий сайд удирдана.

​Гамшгийн бүсээс хүмүүсийг гаргадаг. Аюулгүй орчин руу гаргана. Дөрвөн уулын дунд биш, Монголын хэмжээнд сэтгэ л дээ.

Нүүлгэн шилжүүлэлтэд Улаанбаатар хотыг тойрсон аймаг, сумдууд оролцох хэрэгтэй.

Би хэзээ ч Улаанбаатар сайхан байна. Хүрээд ирээч гэж хэлж байгаагүй.

Улаанбаатарын газрын цэсийг Төв аймгийн хилийн цэсээр тогтоомоор байна.

Улаанбаатарын агаар ч биш, хөрс, ус бохирдчихсон.

Хөдөөнөөс хүмүүс ажил, орлого бодож л ирж байна. Улаанбаатарт ядаж тамхи ширхэглэсэн ч хүн нь олон юмдаа гэж бодож ирж байгаа.

2005 онд би Ерөнхий сайд байхдаа Хархорум хотыг жишиг хот байгуулах ажлыг санаачилж хийсэн. Их хурал дээр орж ирээд шийдэж чадалгүй орхисон.

Нийслэлээс төрийн захиргааны төв байгууллага нүүх шийдвэр гаргахад бизнес, боломж, ажлын байр гараад ирнэ.

Одоо Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийх биш, уралдаж гарах хэрэгтэй.

Улаанбаатар үр ашиггүй хот болсон.

Та нар гэр хорооллынхон л хордоод байна гэж бодож байна уу. Үгүй олон жил хуримтлагдсан тэр исэл Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн аманд ч очиж байгаа.

Хотын ногоон байгууламжууд бохирдлыг шүүж чадахгүй. Мод ногоон л харагдаж байгаа болохоос үхчихсэн.

Асуудлыг олны анхааралд оруулна, төрийнхөнд нөлөөлнө гэдэг ард түмнээс хамаардаг.

Мэдээллийн дараа Ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Лондон хотод төвтэй Цэвэр агаар гэдэг байгууллагаас өчигдөр холбогдож, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан санаачлагыг дэмжиж ажиллая гэсэн.

Хотын татварын асуудлыг нийслэлээс оруулж ирэх байх гэж бодож байна. 

Улаанбаатарт биш, өөр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нээлттэй миний ард түмээн.

Утааны бүсийг ногоон бүс болгон хувиргах бодлого хэрэгжүүлмээр байна.

Гэр хорооллыг ногоон эко бүс болгомоор байна.

Бид Туул голоо дагуулаад хотын урд хэсгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон. Одоо хойд талаараа том бүстэй болгомоор байна. 

Айл нүүгээд суларч үлдэж буй газарт мод тарьж, ногоон бүстэй болгох нь зүйтэй.

Нутаггүй хүн гэж байхгүй. Тиймээс нутгийн зөвлөлтэйгөө сумаа хөгжүүлэхэд хамтарч ажиллах хэрэгтэй.

Бид утааны асуудлаа шийдэхэд, дахиад өөр шийдэх асуудал гараад л ирнэ.

Өөрийгөө магтсанд намайг уучлаарай.

ҮАБЗ гурван сар тутам агаарын бохирдлын асуудлаар хуралдаж байх жишиг тогтооё гэж төлөвлөж байна.

Засгийн газар ээлжит бусаар зөвхөн агаарын бохирдлын сэдвээр хуралдая.

Хавар утаа арилсан ч намар ахиад яригдана гэдгийг мартаж болохгүй.

Шийдвэр гаргахгүй л юм бол эрх мэдэл байгаад яах юм бэ. Ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхгүй л юм бол УИХ гишүүн, Ерөнхийлөгч байгаад яах юм бэ?

Надаас эхлээд өөрийгөө магтах синдром суучихсан байж магадгүй. Уучлаарай.

Утааны эсрэг шийдэл болгоныг би дэмжинэ.

Агаарын бохирдлыг бууруулах хууль оруулж байхад хариуцлагын хэсгийг нь хасчихсан. 

Хуулинд хариуцлагын заалт байхгүй байвал ухралт гэж үзэх хэрэгтэй.

Би улстөрч хүний хийх дургүй зүйлийг хийхийг хүсдэг. Энэ миний онцлог.

Хийх дургүй юм аа л хуулинд оруулах хэрэгтэй.

Нэг талд хариуцлага нөгөө талд урамшуулж бай. Сайн ажилласан хүнийг урамшуулж бай.

Хорооны дарга сайн ажиллаад утаагүй хороо болвол даргыг шууд шагналд тодорхойл.

Монголд бий болсон хамгийн том асуудал бол сэтгэлгээний гамшиг. Бүтээгчдээ мохоодог үндэстэн биш, дэмждэг үндэстэн болмоор байна.

Утаа, улс төрийн хариуцлагын тогтолцоо, дэд бүтцийн хөгжил. Эдгээр дээр улстөржиж болохгүй.