Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын амралтыг сунгах уу?

Б.Туул
2017 оны 1 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол энэ жил байх ёстой хэмжээнээсээ 7-8 дахин ихэсч, гамшгийн хэмжээнд хүрээд байгааг бид дээр, дооргүй ярьж байгаа билээ. Эхнээсээ ээжүүд жагсаад эхэлчихсэн. Агаарын бохирдлыг эсэргүүцсэн олон нийтийн  жагсаал хоёр ч ойрхон  болов.

Дээрээс нь энэ сард идэр есийн хүйтэн ид эхэлж байгаагаас үүдэн ханиад томуугийн өвчлөл хот, хөдөөгийн эмнэлгийг сөхрүүлээд байгаа учраас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх талаар хотын даргад албан тоот хүргүүлсэн юм. Харин энэ албан тоотын хариуг өчигдөр хүргүүлжээ.

СУРАГЧДЫН АМРАЛТ ДУУСАХААС ӨМНӨ ДАХИН ЗӨВШИЛЦӨНӨ

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын  хүргүүлсэн албан тоотын хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаа дурдаад энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулсан байна.

Мөн БСШУСЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тул амралтын хугацааг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгджээ. Түүнчлэн ханиад, томуугийн өвчлөл, халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан сурагчдын амралт дуусахын өмнө холбогдох яамтай дахин зөвшилцөхөөр болжээ. Харин энд нэг зүйлийг онцлоход агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга С.Батболд гурван захирамж гаргасан байна.

Нэгдүгээрт, Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжийг  гаргасан байна  Хоёрдугаарт, “Агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдлын  дөрвөн бүсчлэлийг тогтоосон байна. II-IV бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн байна. Гуравдугаарт,  2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД БАГА, ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХЫГ ХҮСЧЭЭ

Өнгөрсөн сарын сүүлчээр бас УИХ-ын гишүүн Н.Учрал БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хандаж сурагчдын өвлийн амралтыг сунгахыг хүсч байсан. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудастаа  “Хүйтний эрч чангарч буй энэ цагт ханиад томууны өвчлөл хурдацтайгаар өсч байна. Иймээс сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлтийг Ж.Батсуурь сайдад гаргалаа.

Ханиад томууны өвчлөлөөс сэргийлэн сурагчдын амралтыг сунгаж байсан туршлага бий билээ” хэмээн нийтэлж байсан. Харин цахим ертөнцөд эцэг, эхчүүд “Хүйтний эрч буурахгүй,  агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага, дунд ангийн сурагчдын амралтыг 5-7 хоногоор хойшлуулъя” гэсэн хүсэлт гаргаж байсан. Тиймээс ямартай ч энэ удаа ЕБС-ийн сурагчдыг, тэр тусмаа бага, дунд ангийн сурагчдын амралтыг тодорхой хугацаагаар сунгах тухай холбогдох газрууд ойрын үед шийдэх бололтой.

УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай” хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.

Иймд ЭМЯ болон БСШУСЯ, Нийслэлийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллага  ханиад томуугийн өвчлөлийн байдал, статистик дүн мэдээ, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал зэргийг харгалзан үзэж, сурагчдын амралтыг сунгах тухай дахин хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргахаар болов.

Зураг