Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш Х.Тамирыг шүүх хуралтай...

Р.Саруул
2017 оны 1 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг

-Хар тамхины хэргээр саатуулагдсан хуулийнханд төр энэрэнгүй хандах вий дээ-

Хар тамхины хэргээр сэжиглэгдэж буй Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан болон тэдний хамсаатнууд гэх тодотголтой Л.Жавхлан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.

Эл шүүх хурал болох гэж буйтай холбогдуулан хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүмүүст шүүхээс ямар ял ногдуулах бол гэсэн хүлээлт олон нийтэд үүсчээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн 2015 оны долоодугаар сард Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг үйлдэл нь дээр барьж илрүүлсэн гэдэг. Уг хэрэгт сэжиглэгдэж буй Б.Сүхбаатар өмнө нь таван удаа ял шийтгүүлж байсан нэгэн аж. Тухайн үед тэрбээр өмнөд хөршөөс хар тамхи буюу "Мөс”-ийг галт тэргээр тээвэрлэн авчирч, Чойр өртөөн дээр Х.Тамир, Б.Амарбаясгалан нарт өгөх гэж байгаад ийнхүү үйлдэл дээрээ гардуулжээ. Тэднийг баривчлагдсаны дараа олон нийт уг хэрэг замхарч алга болно хэмээн үзэж байсан.

Прокуророос нэр бүхий хүмүүст 10-20 жилийн ялтай зүйл анги төлөвлөж байжээ

Ингээд өнгөрсөн оны зургаадугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Сүхбаатар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Амарбаясгалан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Мөнхбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1, 272 дугаар зүйлийн 272.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Тамир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, бүрэн гүйцэт хийгдээгүй гэдэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. 

Тэгвэл маргааш болох шүүх хурлаар тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 168.2, 169.1,192.1,192.2, 272.2 гэсэн зүйл ангиар буруутгахаар болжээ. Өнгөрсөн зургаадугаар сард прокурорын газраас Х.Тамирыг дөрвөн зүйл ангиар, Б.Амарбаясгаланг хоёр зүйл ангиар тус тус буруутгасан ч шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр хэргийг буцааж удалгүй Х.Тамир, Л.Жавхлан нар гадуур байцаагдах болсон юм. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Х.Тамирыг дараах зүйл ангиар яллаж шүүх рүү явуулсан. Түүнд ногдуулж байсан ялыг зүйл ангиар нь авч үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.3-т “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

272.2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ. Тэгвэл дээрх зүйл ангиас аль нь хасагдаж юу нь өөрчлөгдсөн бол. 

Энэхүү зүүл заалтыг дахин нуршаад байгаагийн учир гэвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү С.Цог 2013 оны зургаадугаар сарын 12-ны өдөр “Метаифетамин гидрохлорид агуулсан "Мөс” гэх бодисыг хууль бусаар олж авсан хэргээр буруутгагдаж байсан. 

Гэтэл 2015 оны гуравдугаар сарын 2-ны өдөр дүүргийн Анхан шатны шүүх хурлаар уг хэргийг хэлэлцэхдээ С.Цогод яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т заасан 12 жилийн яллах дүгнэлтийг өөрчилж, 192.1 болгож удалгүй тэрбээр Өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж байсан удаатай. Тиймээс л энэ удаад ч хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан эдгээр хүмүүсийн зүйл анги өөрчлөгдөх юм биш биз гэсэн хардлага олон нийтэд төрж байна.

Үнэхээр ч Х.Тамир, Л.Жавхлан, Б.Амарбаясгалан нарыг "танил тал, арын хаалгаа ашиглаж хэргээс мултраад гарах вий гэсэн болгоомжлол бий юм. 

Х.Тамир нар татаж сонирхсон гэвэл яах вэ

Юутай ч маргааш болох шүүх хурлаар Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг захиалж, олж авсан хэмээн буруутгавал тэдэнд ял ногдуулах нь дамжиггүй. Харин тэд өөрсдийгөө авч гарахын тулд татаж сонирхсон гээд амиа аваад гарах хуулийн бололцоо бий. Бүр энгийнээр тайлбарлавал ямар ч хүн өөрөө хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж татсан бол ял үйлчлэхгүй гэсэн үг.

Харин олж авсан, хадгалсан, борлуулсан бусдыг уруу татсан бол ялтай байдаг. Тэгвэл нэр бүхий хоёр хүн өмнөд хөршөөс захиалж авчирч байгаад үйлдэл дээрээ баригдсан нь тодорхой болсон учраас ялтай байх нь гарцаагүй гэж хуулийн зарим хүмүүс үзэж байна.

2015 оны долоодугаар сараас хойш хар тамхины энэ хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүсийн талаарх мэдээлэл хомс байсан ч цаг хугацааны явцад зарим зүйл нь ил болж, олон нийт энэхүү хэргийн талаарх мэдээллийг сонирхох болсон шалтгаан нь өнгөрсөн хугацаанд хар тамхины хэргээр маш олон залуус аавын хаалга татаж хоригдох болсон.

Эл хэргээр ял авчихаад буй зарим нэг залуус өөрсдийгөө хэлмэгдсэн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байсан удаатай. Тиймээс хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн өөрсдийнх нь үр хүүхэдтэй яг адилхан зүйл ангиар буруутгагдаж буй хууль хяналтын хүмүүс ямар ял авах бол хэмээн сонирхож буй биз ээ.

Зураг