Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

ikon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлдээ, хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан зарчмын болон найруулгын зарим засвар өөрчлөлт хийж боловсруулсан. Олон намын төлөөлөлтэй Улсын Их Хурал байх үед олонхийн зөвшилцлөөр гаргасан хуулийг суурь болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай өмнөх хуульд байсан шаардлагатай гэж үзсэн зарим зарчим, зүйл, заалтуудыг тусгасныг дурдав.

Уг хуулийн төсөл нь нийт 14 бүлэг, 103 зүйлтэй агаад Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтуудыг төсөлд хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгажээ. Мөн 2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль явуулахад гарсан бэрхшээлтэй, хэрэглэхэд төвөгтэй зарим заалтыг Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн хассаны зэрэгцээ ойлголтын зөрүүтэй зарим заалтуудыг тодруулж өөрчлөн найруулсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ.

Мөн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авдаг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон байна.

Саналын нууцлалыг хадгалах битүүмжилсэн хавтас, дугтуйны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтэд нэмж оруулах шаардлагатай гэсэн саналыг Сонгуулийн төв байгууллагаас гаргасныг төсөлд тусгажээ.

Мөн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын зарцуулалтын зэрэгцээ сонгуулийн зардлын төлөвлөлтөд төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж байх асуудлыг нэмж зохицуулжээ.

Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт байхгүй байсныг төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргээр нарийвчлан тогтоож өгөх нь зүйтэй гэсэн Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн нэмж оруулжээ. Харин Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг хуулийн төсөлд хэвээр үлдээсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ оны эхний хуралдаанаараа уг хуулийн үзэл баримтлалын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан юм.

Хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, О.Баасанхүү, С.Чинзориг, А.Сүхбат, Л.Болд, Т.Аюурсайхан, Н.Амарзаяа, С.Жавхлан нар асуулт асууж тодруулав. Төсөл санаачлагч гишүүн Н.Энхболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн заалт огт байхгүй.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ямар шалгуур шаардлагыг хангасан байх талаархи Үндсэн хуулийн заалтыг үг үсэг, цэг таслалаар нь энд оруулсан байгаа. Мөн өмнө нь мөрдөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болон 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой заалтыг тэр хэвээр нь авч тусгасан.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь намын гишүүн байх уу, нам бус хүн байх уу гэдэг нь сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй намын эрх мэдлийн асуудал.

Сонгуулийн сурталчилгааны тухайд өмнө нь 17 өдөр байсныг энэ төслөөр 22 өдөр болгон нэмэгдүүлж, нэр дэвшигч нь бүртгүүлсэн өдрөөсөө сурталчилгааны ажлаа эхлүүлэх боломжийг нээж өгсөн гэдгийг тодотголоо.

Хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Л.Болд, С.Жавхлан, Н.Цэрэнбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж сонгуулиар хандив өгдөг явдлыг болиулж төрийн тэргүүнийг мөнгөнөөс холдуулах хэрэгтэй байгааг ажлын хэсэг хэлэлцүүлгийн явцад анхаарахыг санал болгож байв.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 43 нь буюу 86.0 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.