Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Өргөн Нэвтрүүлгийн Тухай Хууль телевизүүдийн ӨРСӨЛДӨӨНИЙ сонгодог зарчмыг хангасан"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн асуудлаар Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар болон Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг хуулийн төслийг Засгийн Газраас өгсөн үүргийн дагуу ХХМТГ, ХХЗХ болон мэргэжлийн салбарын төлөөллүүдийн хамтарсан ажлын хэсэг боловсруулжээ.  

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга С.Адъяасүрэн “Зарчмын хувьд өмнө нь өргөн нэвтрүүлгийн талаарх асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин дутагдалтай байсан.

Нөгөөтэйгүүр технологийн шинэчлэлээс хамааран энэ салбарын талаарх ойлголтын зөрүү нэлээд гарч байгаа.

Үүнийг эрх зүйн орчинд шийдвэрлэх шаардлага гарсан учраас хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан байгаа.

Ерөнхийдөө өмнөх дөрвөн жил хуулийн төсөл нэлээд олон хувилбараар явж байсан. Үүнийг олон талаас нь судалж, нэгтгэсэн.

Хуулийн үндсэн суурь зарчим нь өргөн нэврүүлгийн салбар гэж юу болох, хэрхэн тодорхойлогдох, мөн давтамжаас хамааралтай, хамааралгүй олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон төрөлжсөн мэдээлэл дамжуулах түгээх, арилжааны мэдээлэл дамжуулах үйлчилгээнүүд байсныг эрх зүйн хувьд нэг ойлголттой болгох гол зохицуулалттай.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд,
  • бүх төрлийн дамжуулалтын субъектуудын оролцоо,
  • хөтөлбөр, нэвтрүүлэг, контент үйлдвэрлэгчид болон хөтөлбөр нэвтрүүлгүүдийг хэрэглэгчдэд хүргэх асуудал
  • радио телевизийн салбарт үйл ажиллагаа явуулах ямар нөхцөл шаардлага байдаг, ямар хэм хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах талаар тодорхой заасан байгаа.

Мөн өрсөлдөөнийг маш сайн дэмжсэн хуулийн зохицуулалт байгаа.

Кабелийн сувгуудийн хувьд цаашид эдгээрийг арилжааны телевизид хамааруулж, төлбөртэй болон төлбөргүй гэж нарийвчлан үндсэн чиг үүрэгт оруулж байна.

Энэ нь хуулийн хүрээнд шаардлага хангасан кабелийн телевизүүд өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй өрсөлдөх бололцоог нээж өгсөн гэсэн үг.

Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт кабелийн сувгийн телевизүүд, бусад телевизүүдийн холбоо болон олон суваг дамжуулагчдын холбоо оролцож, талуудын эрх ашгийг хангах, өрсөлдөөний сонгодог зарчмыг хангах ёстой зэрэг Засгийн Газрын хуралдааны чиг үүргийн дагуу боловсруулсан байгаа” хэмээн тайлбарлалаа.


Нэмэлт мэдээлэл:

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Тоо баримт:

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, Радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий телевиз Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, Хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, орон нутагт 50 байгаа.