Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Mongolia's next top model" шоунд 220 охин бүртгүүлснээс 22 нь ТЭНЦЖЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлэг тун удахгүй цацагдах гэж байгаатай холбогдуулан нэвтрүүлгийн зохион байгуулагчид өнөөдөр Шангрила Моллд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, модель Нора ажиллах юм. Мөн “On’n off’ продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нар үндсэн шүүгчээр ажиллах юм.

Хоёр сарын хугацаатай үргэлжлэх тус шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсероор “Buro 24/7” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажиллах ажээ. Уг нэвтрүүлэг нэгдүгээр сарын 14-нд "Боловсрол" суваг телевизээр цацагдаж эхэлнэ. 

Нийт 220 гаруй охид бүсгүйчүүд тус нэвтрүүлэгт бүртгүүлснээс гурван үе шат бүхий шалгаруулалтын дараа шилдэг 22 охин эхний дугаарт тэнцсэн байна. Тэднээс 14 оролцогч дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болж байгаа аж. Олон улсын моделиудад тавигдах үндсэн шалгууруудыг давж чадсан оролцогчид “Next top model” нэвтрүүлгийн түүхэнд амжилттай хэрэгжсэн болон нэвтрүүлгийн багийнхны зүгээс өгөх сонирхолтой сорилт, даалгавруудыг гүйцэтгэж ур чадвараараа өрсөлдөх юм байна.
Нора:Би хүчээ дайчилж, сурсан мэдсэнээ харуулж ажиллана 
 

Шоу нэвтрүүлгийн талаар хөтлөгч Нора "Энэхүү шоу нэвтрүүлэг Монголд анх удаагаа зохиогдох болсонд манай загварын салбарынхан, нийт ард түмэн маш их баяртай байгаа гэж би хувьдаа бодож байна. Энэ том шоуны нэг хэсэг, шүүгч, хөтлөгч болж, зохион байгуулж буй хүмүүстэй хамтран ажилллах болсондоо мөн би маш их баяртай байгаа.

Надад энэ их итгэл найдварыг хүлээлгэж, миний ур чадварыг үнэлж сонгосон продюсерууд, "Боловсрол" телевизийн хамт олондоо баярлалаа. Би хүчээ дайчилж, сурсан мэдсэнээ харуулж ажиллана гэдгээ амлаж байна.

"Mongolia's next top model" шоу Монголын загварын ертөнцийн хөгжилд хувь нэмрээ оруулна. Мөн Монгол Улсын иргэдийн загварын талаарх ойлголт, моделиудыг ойлгох ойлголтыг өөрчилнө. Моделиуд ямар ажил хийдэг, модель хүн гэж хэн бэ, загварын салбар гэж юу вэ гэх мэт хөшигний цаана байгаа зүйлсийг реалити хэлбэрээр харуулж чадах юм. 

Энэ шоунд манай загварын салбарын нэр хүндтэй дизайнер, make-up артист, зурагчид хамтран ажиллаж, хамтын бүтээлээ хийж байгаа. Тиймээс бид үүнийг Монголын загварын ертөнцийг өөрчлөх, шинэ түвшинд авчрах шоу болно гэж найдаж байна" гэв. 

Ө.Содгэрэл: Монголын загварын салбарын бүх шилдгүүд оролцож ажиллаж байна
 

Нэвтрүүлгийн ач холбогдол, зохион байгуулалтын талаар ерөнхий продюсер Ө.Содгэрэл "Дэлхийн загварын ертөнц өөрөө маш хурдтайгаар хөгжиж байдаг. Манай Монголын загварын ертөнц жил жилээр хөгжиж байгаа ч бидэнд одоохондоо дэлхийд танигдсан дизайнер, дэлхийн дөрвөн том хотод /Милан, Парис, Нью-Йорк, Лондон/ загвар өмсдөг модель байхгүй байна.

Энэ нэвтрүүлэг үүнд хүрэхэд том дөхөм болно гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа Монголын загварын салбарын бүх шилдгүүд оролцож ажиллаж байна. Тиймээс бидний хийж буй бүх зураг авалт сайн чанартай байж, гоё нэвтрүүлэг гаргана гэдэгт итгэлтэй байгаа" гэв. 

Нэвтрүүлэгч оролцогчид “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн хаусд хоёр сарын хугацаанд байрлан амьдрах ажээ. Нийт 16 дугаарын турш оролцогч бүсгүйчүүд Үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхийн төлөө өрсөлдөх болно.

Гэрэл зургууд:

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг