Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шатрын багш, дасгалжуулагчийн анхны ангийн төгсөлт боллоо

Ж.Отгон
2017 оны 1 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг

Хүн төрөлхтний оюун санааны гайхамшигт бүтээлүүдийн нэг шатар гэгддэг. Тиймээс ч шатар хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хөгжилд үнэлж баршгүй олон эерэг нөлөө үзүүлдэг шилдэг загвар болдог гэдгийг сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэд нотолсон байдаг. Тэгээд ч өнөөгийн хэт цахимжсан үед шатрын хүнийг байгалиар нь сэтгэн бодуулж чадах ач холбогдол нь улам илүү болж байгаа юм.

Угаасаа шатрыг нүүдлийн ахуй амьдралтайгаа нягт уялдаа холбоотойгоор уламжлан хөгжүүлж, төр улсаа ч “Шатар ухаан”-аар урлаж ирсэн баялаг түүхтэй шатарч ард түмэн бол монголчууд. Тэгвэл МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Монгол Туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс нарын санаачилгаар Монгол Улсад анх удаа шатрын багш дасгалжуулагч бэлтгэх ангийг нээсэн байна. 

Энэхүү ангийн нэг жилийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөдөр анхны 13 төгсөгчдөд багшлах эрхийн дипломыг нь гардууллаа. Төгсөгчдөд диплом гардуулах ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийн газрын дарга С.Чинбат, Монгол Туургатны шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Шатрын багш, дасгалжуулагчийн анхны ангийн төгсөгч ангийн дарга З.Цэнгэнбаяр “Манай ангийн хамт олон жил гаруйн хугацаанд амжилттай суралцаад, бүгдээрээ шатрын багш, дасгалжуулагчийнхаа ажлыг хийгээд явж байгаа залуучууд байгаа. 

Бидний хувьд дараа дараагийн шатрын аваргуудыг бэлтгэх, шатрын ангидаа олон олон элсэгчдийг бэлтгэн өгөх болно. Манай ангийн хамт олон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд шатар сургах ажил санаачлан хийхээр бэлтгэж байгаа. Бидний энэ гэгээн ажлыг маш олон хүн дэмжих байх гэж найдаж байгаа” гэлээ.

 Үнэхээр ч сүүлийн үед өсвөрийн шатарчдыг системтэй бэлтгэх, сургах асуудал тулгамдаад байгаа. Тиймээс ч ийнхүү мэргэжлийн шатрын багш, дасгалжуулагчдыг бэлтгэж эхэлсэн байна. Хөтөлбөрийг санаачлагчид МУБИС-ийн дэргэд “Шатрын багш” нэртэй клубийг Монголын шатрын холбооны дэмжлэгтэйгээр байгуулж, олон улсын чансаа тооцдог тэмцээнүүдийг тогтмол зохион явуулдаг болсон нь бага зардлаар олон улсын ур чадвараа дээшлүүлэх боломжийг шатарчдад олгодог болжээ. 

Цаашид шатрыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахад энэ ангийг нээсэн нь чухал алхам болох юм гэдгийг МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал онцолж байлаа. Шатрын багш, дасгалжуулагчийн ангийн оюутнуудад манай улсын шилдэг гэж хэлж болох бүх шатарчид хичээл заасан байна. 

Тухайлбал, Монгол Улсын гавъяат тамирчин ОУМ Л.Мягмарсүрэн, Гавъяат дасгалжуулагч ОУМ П.Жигжидсүрэн, Гавъяат багш, ахмад мастер Д.Ламжав, ОУШХМ, Улсын долоон удаагийн аварга Ж.Лхагва, ОУМ Ц.Лхагвасүрэн, ОУШХМ Ч.Хүрэлбаатар, спортын мастер, Улсын аварга, профессор Г.Чилхаасүрэн, Төрийн соёрхолт, спортын мастер профессор Р.Энхбат, спортын мастер Ц.Энхбат, С.Болдбаатар, дэд мастер Д.Дамдин, дэд мастер Л.Үржиндорж, ОУХМ Л.Тогоохүү, МУБИС-ын эрдэмтэн багш нар болон ОХУ-ын Их мастер А.Фоминых зэрэг мундаг хүмүүс урилгаар хичээл заасан байна. 

Алдарт багш нарыг нэг ОУШХМ, Улсын долоон удаагийн аварга Ж.Лхагва “Би шатартай амьдралаа холбосноос хойш олон түүхт үйл ажиллагаанд оролцож байсан. Түүний нэг нь өнөөдөр шатрын багш, дасгалжуулагчийн анхны ангийн төгсөлт болж байгаад баяртай байна. Монгол Улсад шатрын спортын төлөө зүтгэж байдаг байгууллага, хувь хүн олон байдаг. 

Үүний нэг нь шатарчид бидний хүсэн хүлээж байсан шатрын сургалтын талаар томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэн, мэргэжлийн төгсөгчдийг бэлтгэн гаргаж өгч байгаад үнэхээр баяртай байна. Тиймээс ч энэхүү гайхалтай сайхан үйлсийг бүтээж байгаа Монгол Туургатны шатрын холбооны удирдлагууд болоод МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал нарт тусгайлан баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр байна” гэв.

Зураг