Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

NASA Ангарагийн анхны иргэдэд зориулж Мөсөн Гэр зохион бүтээнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 4
IKON.MN
Зураг зураг

NASA-гийн судлаачид Ангараг гарагт хүрэх анхны хүмүүсийг ямар оромжинд амьдруулах талаар удаан хэлэлцсэний эцэст нэгэн өвөрмөц сууц бодож олсноо өчигдөр нийтэд үзүүлжээ.

Ангарагийн хатуу ширүүн нөхцөл байдалд зохицсон, хүмүүсийг хүйтэн орчин, сансрын цацрагаас хамгаалах боломжтой энэхүү сууцны санаа нь Мөсөн гэр юм байна. Албан ёсоор “Mars Ice Home” гэгдэж байгаа бөгөөд одоохондоо зураг төсөл төдий байгаа гэнэ.

Энэ нь хийлдэг, хөндий байгууламж. Бүрэн хийлсний дараа гадаад давхаргад нь ус шахаж хөлдөөх юм.

Давуу тал нь хөнгөн, роботын тусламжтай хялбар зөөж, угсарч болдог гэнэ.

 

Ийм мөсөн хамгаалалттай сууц хүмүүсийг сансрын хорт цацраг, гадаад орчны тэсгим хүйтэн нөхцлөөс бүрэн хамгаалах чадвартай аж.

Хүмүүсийг Ангарагт суурьшуулах өөр нэг боломж нь газар доорх сууц. Гэвч үүнийг байгуулахын тулд гүний өрөмдлөг хийх хэрэгтэй бөгөөд энэ ажил нь маш өндөр зардалтай болох гэнэ.

Харин Мөсөн гэрийг хямд зардлаар, богино хугацаанд босгох боломжтой. Ангарагт усны томоохон нөөц байгааг тогтоосон тул мөсөн бүрхүүлд гарагийн өөрийнх нь усыг ашиглахаар төлөвлөжээ.

Хэдийгээр Ангарагийн Мөсөн гэр нь санаа төдий байгаа ч одоогоор хамгийн шилдэг шийдэлд тооцогдож байгаа гэнэ.

 

Эх сурвалж: NASA