Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Мэдээллийн технологийг оновчтой ашигласнаар хүний нөөцийн бодлогыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрддэг"

ikon.mn
2017 оны 1 сарын 4
IKON.MN
 

АЙ ТИ ЗОН КОМПАНИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН Н.ЭРДЭНЭЖАРГАЛ: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАСНААР ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫГ ӨРГӨН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ НӨХЦӨЛ БҮРДДЭГ.


Хүний нөөцийн менежментийн хүрээнд гарч буй шинэ чиг хандлага 

Монгол улсад Хүний нөөцийн менежмент нь социализмийн үеийн Боловсон хүчний удирдлагаас өнөөг хүртэл хөгжиж одоогийн өнгө төрхөө олж байгаа билээ.

Хүний нөөц бол бүх нөөцүүд дотроос цорын ганц шавхагдашгүй, өсч хөгжих боломжтой ч удирдахад хамгийн хэцүү нөөц юм. Тиймдээ ч хүний нөөцийн удирдлага менежментийн чиг хандлага байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Харин 2016 оны хүний нөөцийн топ 10 чиг хандлагыг Deloitte University Press-с дэлхийн 130 гаруй орны 7,000 гаруй удирдлага, хүний нөөцийн менежерүүдийн дунд жил бүр явуулдаг судалгаанд дараах байдлаар шинэчлэн тодорхойлжээ.

 

Сүүлийн жилүүдэд хүний нөөцийн тогтолцоонд байгаа их хэмжээний өгөгдөлд дижитал технологи ашиглан дүн шинжилгээ хийж түргэн шуурхай бодит үр дүнд хүрч ажиллах нь илүү үр өгөөжтэй болоод байгааг дээрх хандлагуудаас харж болохоор байна.

Түүнчлэн Хүний нөөц, Хүний нөөцийн менежмент зэрэг ойлголтоос Хүмүүн капитал Ажиллах хүчний менежмент хэмээх ойлголтод шилжиж бодлогын хувьд ч хурдтай хөгжиж байгаа учир бид ч орчныхоо хөгжилд дасан зохицож шинэчлэгдэх шаардлагатай болоод байна.

 

Бид хүний нөөцийн бодлогоороо манлайлагч байхыг хүсдэг  


Мэдээллийн технологийн компаниудын соёл, ажиллах орчинг гайхан шагширч, нүд унагахгүй байхын аргагүй байдаг. Google, Apple зэрэг ажилтнууддаа үзүүлэх хөнгөлөлт хангамж, ажлын орчин, ажиллах нөхцөлөөр бусдыгаа тэргүүлж байдаг гаднын компаниудыг дурдвал олон бий.

Энэ жишгийн дагуу бид ч үйл ажиллагаандаа олон шинэ шийдлийг нэвтрүүлэн ажиллаж байна. Жишээлбэл манай зарим газар, хэлтсийн ажилтнууд ажлын цагийн уян хатан бодлоготой бөгөөд бид ажилтнуудаа заавал 9-18 цагийн хооронд ажиллах ёстой гэж хатуу заадаггүй. Ажилтан өглөө 7–11 цагийн хооронд хурал, уулзалтын цагаасаа хамааран ажилдаа ирээд өдөрт ажлын 8 цаг ажиллаад хүссэн цагтаа явж болдог.

Түүнчлэн тав тухтай чөлөөтэй ажлын орчныг бүрдүүлсэн учир оффис дотроо гэрийн углааштай явж байгаа ажилтан тааралдвал гайхах зүйлгүй. Манай ажилтнууд харьцангуй залуу дундаж нас 29 байдаг учир өглөө хүүхдээ хүргэж өгөх, орой хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авах асуудлыг зохицуулах нь нэлээдгүй хүндрэлтэй байдгийг энэ бодлогоор шийдвэрлэж чадсан.

 

Цаашид бид ажилтнууддаа компанийн салбар оффисуудаас хүссэн газартаа сууж ажиллах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Ажилтан бүрийн бүтээмжийг маш тодорхой хэмжиж чаддаг байгууллагын хувьд энэ нь боломжгүй зүйл огтхон ч биш.

Мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгжиж түүнийг даган байгууллагуудын бизнес модель ч өөрчлөгдөж байгаа нь бидний үйл ажиллагаанд  тусгалаа олж байна. Бид үйл ажиллагааны автоматжуулалтыг салбар бүрдээ нэвтрүүлж, үйл ажиллагааг хөнгөвчлөх боломжийг байнга эрэлхийлдэг. Салбарын онцлогоос шалтгаалан цаг ямагт хөгжих, өөрчлөгдөх шаардлага тулгарч байдаг учир тасралтгүй суралцах хэрэгцээ, шаардлага байнга тулгардаг.

Тийм дээ ч бид ажилтнуудынхаа сурч хөгжих хүсэл эрмэлзлийг илүүтэй дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байгаа.

 

Хүний нөөцийн ажилтны үндсэн ажил нь бичиг цаас биш “ХҮН”


Бид 2012 оноос Green HRM системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Энэхүү системийг нэвтрүүлснээр бид нэг ажилтны ажлын цагийн 85 хувийг хэмнэж, бүтээмжээ сайжруулж чадсаныг бодит хэмжилтээр тодорхойлсон тоо баримт бий. Тухайлбал:

  • 5 өдөр зарцуулж гаргадаг байсан тайланг хүссэн үедээ авах боломжтой болсон,
  • 2-5 и-мэйл дамжуулан хийгддэг гүйцэтгэлийн үнэлгээ, ур чадварын үнэлгээ зэрэг ажлуудыг шууд систем дээр хийх боломжтой болсон,
  • цаасаар хэвлэн хийгддэг байсан ирцийн хүсэлт, үнэлгээ зэрэг бүгд 100 хувь системээр хийгддэг болж ирцийн хүсэлтийн хувьд л жилд дунджаар 5500 ширхэг бичгийн цаасыг хэмнэсэн гэх мэт тоо баримтуудыг дурдаж болно.

Хүний нөөцийн менежерүүдийн томоохон уулзалт, арга хэмжээн дээр “Хүний нөөцийн ажилтнууд ажлын цагийн 70-с доошгүй хувийг бичиг баримт боловсруулахад зарцуулдаг” гэсэн тоо баримтыг үргэлж ярьдаг.

 

Харин Green HRM систем болон түүний мобайл хувилбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр бид энэ бэрхшээлээс бүрмөсөн ангижраад байна. Олон улсын жишигт дижитал ERP системийн хэрэглээ хэвийн үзэгдэл болоод байгаа бол бид одоо л үүний боломжийг ойлгож эхэлж байна. Энэхүү системийг ашигласнаар бид хүний нөөцтэй холбоотой аливаа мэдээллийг бүрэн цуглуулж, бодит мэдээлэлтэй болж, хүссэн газраасаа, хүссэн мэдээллээ цаг алдалгүй авах, мэдээллээ аюулгүй хадгалах боломжийг бүрдүүлж чадсан.

Хамгийн гол нь хүнтэйгээ ажиллах, сургалт хөгжлийн үйл ажиллагааг илүү хөгжүүлэх, хүний нөөцийн менежментийн шинэ чиг хандлагыг хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд зарцуулах цаг илүү болсноор жинхэнэ утгаараа хүнтэйгээ ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн Green HRM-д хуримтлагдсан өгөгдөлдөө тулгуурлан дүн шинжилгээ хийх боломжийг улам нэмэгдүүлж бодит мэдээлэлд тулгуурласан тайлан мэдээ, шийдвэр гаргах үйл явцыг шинэ түвшинд хүргэх зорилгоор дата аналитикийн Tableau системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.

 

Ай Ти Зон Академи дэлхийн жишигт нийцсэн сургалт явуулдаг 


Дэлхийн томоохон компаниудын жишгээр ажилтнуудаа сургаж хөгжүүлэх үйл ажиллагааг гаднын компаниар биш дотооддоо зохион байгуулах чиг хандлага байдаг бөгөөд компани дотроо академиудыг бий болгон ажиллуулдаг байна.

Компанийн академи гэдэг нь компанийн зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боловсрол, сургалтын үйл ажиллагааг хөтлөн явуулагч стратегийн нэгж болдог. Компаниуд өөрийн академи байгуулах хандлага сүүлийн жилүүдэд өсч байгаа бөгөөд 2011 онд л гэхэд нийтдээ 4000 гаруй компани дэргэдээ өөрийн гэсэн академитай болсон гэх тоо бий.

Компани нь дэргэдээ академи байгуулснаар ажилтнуудаа дотооддоо сургаж хөгжүүлснээр ирээдүйн манлайлагч нараа бэлдэх, тэдний тасралтгүй хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлдэг.

Компанийн зорилго, үнэт зүйлсэд тохирсон, байгууллагын соёл, дотоод процессоо мэддэг, тогтвортой сайн ажиллаж буй ажилтнаа сургаж, хөгжүүлэх нь гаднаас шилдэг ажил горилогчдыг хайх, ур чадварын ширүүн өрсөлдөөн дундаас хүн авахаас илүүтэйгээр компани болон хувь хүндээ өгөх үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлдэг  учир ихэнх байгууллага энэхүү жишгийн дагуу ажилтнаа дотооддоо сургаж хөгжүүлэх бодлого баримталж байгаа нь дээрх жишээнээс харагдаж байна.

 

Манай компани ч мөн энэ жишгээр Ай Ти Зон Академийг 2016 онд байгуулан дотооддоо удирдах түвшний ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, амжилтыг хурдасгах манлайлагчдыг бэлтгэх зорилгоор 2016 оны 4 сард MINI MBA, Мэргэшсэн борлуулалтын ажилтан бэлтгэх зорилгоор 9 сард ITZONE CERTIFIED SALES зэрэг хөтөлбөрүүдийг зөвлөх компанийн тусламжтайгаар санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрүүдээр бид удирдах ажилтнууддаа Бизнесийн удирдлагын нарийн мэдлэг олгох, борлуулалтын ажилтнууд болон борлуулалтын үйл ажиллагааг шууд дэмжин ажилладаг ажилтнуудыг мэргэшсэн борлуулалтын ажилтан болгохоор зорьж байгаа.

Эдгээр хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт одоогоор 12,000 цагийг сургалтад зарцуулсан байна. Хэдийгээр хөтөлбөр дуусах болоогүй ч тэдний сурч мэдсэн зүйлээ ажилдаа маш үр ашигтайгаар ашиглаж, сурч хөгжих хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж, ажилдаа гаргаж буй өөрчлөлт, шинэчлэлээс хөтөлбөрийг анх санаачилж хэрэгжүүлсэн зорилгодоо хүрч байгаа нь харагдаж байна.

Манай компани хүний нөөцийн үйл ажиллагаандаа зөвхөн Green HRM системийг ашиглаад зогсохгүй Tutormate, Эрдмийн түлхүүр зэрэг системийг Ай Ти Зон Академийн сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. 

Инженерчлэл, програмчлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд Ай Ти Зон компани дээр дадлага хийхэд нээлттэй 


Хүний нөөцийн менежментийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд одоо ажиллаж буй ажилтнуудаа чадавхжуулаад зогсохгүй ирээдүй ажилчдаа ч бас чадавхижууах нь чухал. Тиймээс бид инженерчлэл, програм хангамж болон мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад манай компанид дадлага хийх боломжийг нээлттэй олгодог.

Манайд дадлагажихын тулд 3, 4-р курсэд суралцаж байгаа 2.5 ба түүнээс дээш голч дүнтэй оюутнууд Green ERP системээр анкетаа ирүүлэх эсвэл hr@itzone.mn хаягаар өөрийн CV-гээ голч дүнгийн тодорхойлолт, дадлагын удирдамжийн хамт илгээх хэрэгтэй. 

 

Түүнчлэн инженерчлэл, програмчлалын чиглэлээр амжилттай суралцаж буй оюутнууд хичээлээс гадуурх цагаараа цагийн ажил хийх боломжтой бөгөөд манай компаниас зарлаж буй нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх, сонгон шалгаруулалтад орох боломжтой.  

Нэг үеэ бодвол манай улсад хүний нөөцийн менежмент гэдэг ойлголт баттай төлөвшиж байгууллагууд хүний нөөцийн бодлогодоо ихээхэн ач холбогдол өгч ажиллах болсон байна. Бид ч энэ чиглэлээр томоохон алхам хийж хүний нөөцийн дижитал системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж үр дүнг нь хангалттай хүртэж байна.

Монголчууд технологийн хөгжлөөс ямагт хоцордог гэсэн хэвшмэл ойлголтыг халж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах цаг хэдийн иржээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.