Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Манайх шиг 1 суудалтай намыг хүчээр аль нэг намтай хамтарч нэр дэвшүүлэхийг ШАХАЖ БАЙНА

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуулийг өргөн барьсан асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуулийг нэр бүхий гишүүдийн зүгээс өргөн барьсан бөгөөд өнөөдөр 14:00 цагаас хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Товчхон хэлэхэд энэ сонгуулийн хуулийн төсөлд МАХН-ын төлөөлөл болох намайг оруулаагүй. Гэхдээ хууль санаачлах эрх УИХ-ын гишүүдэд байдаг учраас бүрэн эрхийнхээ хүрээнд орж ирсэн хуулийг анхааралтай харлаа.

Энэ хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчсөн. Манай Монгол Ардын Хувьсгалт Нам тэр дундаа миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуулийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэх дөрвөн шалтгаан байна.

Нэгдүгээрт, энэ хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг нэгдүгээр сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхыг шаардсан байгаа. Гэтэл сонгууль зургаадугаар сард болно. Нэгдүгээр сарын 1-н гэдэг нь хууль баталсан ч мөрдөх боломжгүй гэсэн үг.
Хоёрдугаарт, заавал аль нэг намын гишүүн байхыг шаардаж байна. Нам бус хүн бол өргөдлөөр хүсэлт гаргана гэсэн байна. Энэ нь хувь хүнийг хүчээр сонгогдох эрхийг нь хязгаарлаж, сонгогдох эрхийнхээ төлөө намд хүчээр элсэн шахалтыг үзүүлж байна.
Гуравдугаар, тэгш бус байна. Суудалгүй намуудыг зөвхөн дэмжиж оролцож болно гэж заасан байна. Зөвхөн дэмжиж байна гэдэг үгнээс өөр ямар нэг оролцоог тодорхойлсон үг алга.
Дөрөвдүгээрт, гуравхан нэр дэвшүүлэх эрх бүхий субьект байхад үүнд хамтран нэр дэвшүүлэх тухай асуудал хөндөж байгаа нь манайх шиг нэг суудалтай намыг хүчээр аль нэг намтай хамтарч нэр дэвшихийг шахаж байна.

Мөн бид сонгуулийн сурталчилгаа 18 хоног байхыг уртасгах ёстой гэж үзэж байна. Учир нь нэр дэвшигч 21 аймгаар явж, бүх иргэдтэй уулзах ёстой.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа юу хийх ёстойгоо ард түмэндээ тайлагнах ёстой. Бидний зүгээс нэг хуулийн заалтыг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ заалтыг тус хуульд оруулаагүй байгаа.

Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэг намаас үл хамааран, 45 насанд хүрсэн Монголын нийт ард түмний 51-ээс дээш хувийн санал авсан иргэн нийт ард түмнийг төлөөлөх үүрэгтэй гэж заасан байдаг.

Гэтэл энэ хуулийн 6.3 заалтад 45 насанд хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн байна.

Үндсэн хуульд Монгол Улсын иргэн хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуульд Монгол Улсад амьдарсан байх ёстой гэсэн хуульд байхгүй заалтыг оруулж ирсэн байна.

Мөн амьдарсан эсэхийг Хил Хамгаалах Ерөнхий Газрын лавлагаагаар тодорхойлно гэж байгаа юм. Тэгэхээр ер нь шуудхан хэлэхэд энэ хуулийн дагуу хэн ч нэр дэвших эрхгүй гэж хэлж болохоор байна.

Учир нь УИХ гишүүд гадаадад ажлын айлчлал хийж, Монгол Улсын иргэд ч мөн тодорхой шалтгаанаар хилийн чанадад амьдарсан байгаа. Тэгэхээр таван жилийн турш хилийн чанадад амьдраагүй байх ёстой гэх энэ заалт хэнд зориулсан гэдэг нь ойлгомжгүй байна. 

Ийм хариуцлагагүй хуулийн төсөл оруулах гэж байгаа учраас эсэргүүцэж байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.