Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

20 жилийн хугацаанд 154 удаа цусаа бэлэглэсэн эмэгтэйг "Алтан донор"-оор өргөмжиллөө

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
 

~Нэг удаа цусаа бэлэглэж 3 хүний амийг аврах боломжтой~

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс сар болгоны 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан доноруудаа урамшуулах ёслолыг JCI Капитал байгууллагатай хамтран зохион байгууллаа. Мөн хоёр байгууллага 2017 онд цусны донорын эгнээг өргөжүүлэх дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цусны бэлэг тэмдэг болсон “Доргоны маскот"-ыг танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд хүн амыг нэг хувь нь цусны донор болсон байдаг. Нэг удаа цусаа бэлэглэвэл  ГУРВАН хүний амийг аврах боломжтой.

Донорын үйлсийг сурталчлах, олон нийтэд таниулах ажлын хүрээнд 70-аас дээш удаа цус өгсөн доноруудыг “Хүрэл донор”, 100-аас дээш удаа цус өгсөн доноруудыг “Мөнгөн донор”, 150-аас дээш удаа цус өгсөн “Алтан донор”-оор, 10, 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудыг “Бахархал 10”, “Бахархал 20” тэмдгээр алдаршуулах ажлыг зохион байгуулдаг билээ.

Өнөөдрийн үйл ажиллагаагаар:

  • Монгол Улсын анхны эмэгтэй, хоёр дахь “Алтан донор”-оор 1996 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Даваа овогтой Эрдэнэчулуун,
  • 9 дэх “Мөнгөн донор”-оор Нацагдорж овогтой Баянзул,
  • 34, 35, 36 дахь “Хүрэл донор”-оор Туяа овогтой Машбилэг, Лувсандорж овогтой Баянтунгалаг, Цэвээндулам овогтой Пүрэвгэрэл нар өргөмжлөгдлөө.  Мөн “Бахархал” тэмдгийн эздээр 9 донор тодорлоо.
Д.Эрдэнэчулуун: Цусаа бэлэглэхдээ хэзээ ч эргэлзэж байгаагүй
 

Бид “Алтан донор” болсон ачтан Д.Эрдэнэчулуунаас сэтгэгдлийг нь сонслоо.

Д.Эрдэнэчулуун 20 жилийн хугацаанд 154 удаа цусаа бэлэглэсэн. 150-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүнийг “Алтан донор”-оор өргөмжилдөг юм байна.

Миний хувьд цуснаас гадна цусны сийвэнгээ мөн өгдөг. Анх хүний амь аварч, буян үйлдэх хүслээр донор болж байлаа. Донор болохдоо хэзээ ч эргэлзэж байгаагүй. Мөн донор болсны дараа эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө илрээгүй. Харин тогтмол эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах боломжтой байдаг.

Тиймээс хүмүүст хандаж цусаа бэлэглэж, олон хүний амийг аврахыг уриалж байна” гэв.

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД 2016 ОНД 25 МЯНГАН ХҮН ЦУСАА БЭЛЭГЛЭЖЭЭ
 

ЦССҮТ-ийн Захирал Н.Эрдэнэбаяр 2012 онд Улаанбаатар хотын хэмжээнд 15 мянган донор цусаа өгдөг байсан бол 2016 оны эцсээр 25 мянга болж өссөн байгаа. Энэ бол огцом өссөн сайн үзүүлэлт.

Үүнийг дагаад бид цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлж чадлаа. Урт хугацаагаар хадгалдаг бүтээгдэхүүний нөөц маань ч мөн адил нэмэгдэж байна.

2016 онд шинэ барилга, тоног төхөөрөмжтэй болсноор хадгалалтын хэмжээ 3-5 дахин нэмэгдсэн. Цаашид бид цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлж чадах боломж бүрдэж байна. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч цусыг бид хиймлээр үйлдвэрлэж чадахгүй учраас донорууд маань хамгийн чухал юм” гэв. 

ЦССҮТ-ээс цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийг анх удаа “Цусны донорын өдөр” болгон цаашид жил бүр уламжлал болгон тэмдэглэх ажлыг ийнхүү эхлүүлж байна.