Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхболд: Энэ сардаа багтаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Б.Төрбат
2017 оны 1 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар бүлгийн гишүүд гурван асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд байр сууриа нэгтгэжээ. Тэгвэл тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн Н.Энхболд нар хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболдоос дараах зүйлийг тодруулав. 

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ямар гурван асуудлыг хэлэлцэв. Товчхон мэдээлэл өгнө үү?

-Манай намын бүлэг шинэ оны анхны хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар гурван асуудалд байр сууриа нэгтгэсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

-Гишүүд ямар байр суурьтай байна вэ?

-Хуралдааны явцад бүлгийн гишүүд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн л дээ. 

-Тэгвэл удахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд гар хүрнэ гэж ойлгож болох уу?

-УИХ-ын болон орон нутгийн сонгууль нэг хуулиар явсан. Манай нам бол энэ гурван сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Гэвч УИХ-аар хэлэлцээд нэг хуулиар зохион байгуулахаар болсон. Гэтэл СЕХ-ноос бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь төвөгтэй байна. Тиймээс тусдаа хуультай болох нь зүйтэй гэдэг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Ингэхдээ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд суурилж саналаа ирүүлсэн юм.

Тухайн үед буюу 2013 онд УИХ-д таван нам байсан. Тиймээс хуульд байгаа үндсэн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь аваад, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж байнгын хороо шийдсэн. Харин зохион байгуулалттай холбоотой шинэ заалт оруулж байгаа юм. 

-Ямар заалт билээ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын дунд үед багтаад, Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа товыг зарлах зорилготой байна. Энэ хуульд УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай намуудын төлөөлөл орсон Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тохирсон. Энэ төслийг МАН-ын бүлэг дэмжиж байгаа. 

-Бусад хоёр асуудалд бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнгөрсөн УИХ-аар Нийтийн сонсголын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” төсөл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бүлгийн гишүүд дэмжсэн. 

-СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь батлах зайлшгүй бодит нөхцөлийг ямар үндэслэлээр гаргаж тавьсан юм бэ?

-Тэд саналаа гаргахдаа сонгуулиудыг тус бүрд нь өөрийнх нь хуулиар явуулж байх нь илүү тохиромжтой байна гэсэн үндэслэлээр бидэнд тухайлсан заалтуудыг нэрлэж ирүүлсэн. Хэрэглэхэд тохиромжгүй, ойлгомжгүй заалтууд нь үндсэндээ техникийн шалтгаантай зүйлүүд байсан юм. 

Түүнээс биш Сонгуулийн тухай хуульд тогтолцоотой холбоотой зарчмын томоохон өөрчлөлтүүд хийх шаардлагатай биш гэж үзсэн. Сонгуулийг зөв, эмх замбараатай, зохион байгуулалттайгаар явуулахад чиглэсэн санал дээр тулгуурласан төслийг оруулж ирсэн гэж ойлгож болно.

-Сонгуулийн тухай хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй гэдэг заалтыг орхигдуулснаас болж өнгөрсөн сонгуулийн өмнө нэлээд маргаан гарч байсан шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэх бол оо? 

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын сүүлээр зохион байгуулна гэж бодоход нэгдүгээр сард багтаан холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулчихбал онцын зөрчилдөх зүйл үүсэхгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, сонгуулиас 150 хоногийн өмнөөс холбогдох хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт оруулж өгсөн байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд өрсөлдөхөөр хуулийн төсөлдөө зааж өгсөн. Тухайлбал, бие даагч С.Жавхлан гишүүн өөр намд элссэнээр тухайн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрдэх үү?

-Өмнөх сонгуулийн тухайн хууль, тогтоомж дээр УИХ-д суудалтай нам гэсэн ойлголт янз бүрээр тайлбарлагдсан байдаг. Энэ хуулийн төсөл дээр УИХ-д нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүхий намыг парламентад суудалтай гэж үзнэ гэсэн тодорхойлолт орж байгаа.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.