Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тогтолцооны бус зохион байгуулалтын өөрчлөлт оруулна гэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ.

УИХ-ын нэр бүхий гишүүдээс оны өмнө өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусган 14 бүлэг, 104 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Ингэхдээ СЕХ-ноос ирүүлсэн санал зөвлөмж, мэргэжилтнүүдийн саналыг тусгажээ. 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Хуулийн төслийг санаачилж өргөн барьсан гишүүд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд танилцуулга хийлээ. УИХ, орон нутгийн 2016 оны сонгуулийг нэг хуулиар зохион байгуулсан.

Бүх сонгуулийг зохион байгуулалтын хувьд нэг хуулиар явуулахаар өмнөх УИХ-аас шийдвэрлэсэн. МАН-ын бүлгийн хувьд гурван өөр үйл ажиллагааны зарчимтай сонгууль учраас тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан.

Өнгөрсөн сонгуулийн дараа СЕХ-ноос Төрийн байгуулалтын байнгын хороонд “Бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулахад төвөгтэй зүйл их байна. Тиймээс өмнөхийн адил тус тусад нь хуулиар зохицуулах нь зөв” гэсэн санал тавьж, хуулийн төсөлд оруулах саналуудаа ирүүлсэн.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг 2013 онд зохион байгуулсан хуульд үндэслэн явуулахаар санал ирүүлсэн юм. СЕХ ийм санал ирүүлэх эрхтэй. Тиймээс хуульд байгаа үндсэн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь аваад, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж байнгын хороо шийдсэн. Энэ хуулийн төслөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо, шалгуур үзүүлэлтийн хувьд зарчмын өөрчлөлт орохгүй.

Харин зохион байгуулалт, процедурын өөрчлөлт орно. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг МАН-ын бүлгийн гишүүд дэмжлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 15-наас хэтрүүлэхгүй батлах зорилго тавин УИХ-аас ажлын хэсэг байгуулахаар болсон” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.