Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп ба дэлхийн эдийн засаг

Э.Оджаргал
2017 оны 1 сарын 2
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Түүний ялалтыг дэлхийн зах зээл ихэд цочирдон хүлээж авсан юм. Санхүүгийн гол индексууд унаж, долларын ханш араасаа евро, иен, песог  чангааж, газрын тосны үнэ дагаж уруудсан. Дэлхийн хамгийн баян хүн Карлос Слим 5.1 тэрбум ам.долларын хөрөнгөө алдаж, хувьцааны үнэлгээ нь  9.2 %-иар буурчээ. Биржүүд дээрх савлагаанаас Трампын бодлогыг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авч байгааг анзаарч болно. Бизнест одтой явж ирсэн тэрбумтан Дональд Трамп дэлхийн хамгийн хүчтэй эдийн засгийн бодлогыг тодорхойлох болсон нь олон улсын худалдаанд хэрхэн нөлөөлж, ямар өөрчлөлтүүд гарахыг ертөнц даяар анхааралтай ажиглаж байна. 

2017 оны нэгдүгээр сарын 20-нд шинэ эзнээ хүлээж авахаар Цагаан ордон хөл хөдөлгөөнтэй байгаа энэ үед дэлхийн зах зээлд  тогтворгүй байдал үргэлжилж, Хятад эдийн засгийн бүтэцдээ шинэчлэл хийх гэж оролдож, Орос газрын тосны үнээс хамааралтай эдийн засгаа өөд татахыг хичээж байна. Хэрэв Трамп сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх юм бол Орос, Хятадын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол? 

Дэлхийн санхүүгийн байдал хямарснаас хойш бараг найман жил өнгөрчээ. Олон улсын валютын сангаас /ОУВС/ дэвшүүлсэн таамаглалаар 2017 онд дэлхийн эдийн засгийн өсөлт ердөө 3.4% байх бололтой. Трампын хэрэгжүүлэхээр амласан цагаачлал болон худалдаанд хязгаар тогтоох нь цаашдын өсөлтөд саад учруулна гэдгийг ОУВС-гаас анхааруулав. Түүнчлэн, чөлөөт худалдааны хэлэлцээрийг зогсоож, Хятад, Мексикт өндөр татвар тогтоосон тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.2% болгон  бууруулах аюултай гэлээ. 

2015 оны аравдугаар сард АНУ болон 11 улс хоорондоо дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны холбоог байгуулахаар тохиролцсон юм. Үүний дагуу өнгөрөгч хоёрдугаар сард АНУ, Канад, Мексик, Бруней, Япон, Австрали, Шинэ Зеланд, Перу, Чили, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг орны сайд нар “Транс Номхон далайн хамтын ажиллагаа” байгуулах нэгдсэн баримт бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ гишүүн орнуудын парламентаар баримт бичгийг батлуулахад хоёр жил шаардагдана. Үүний дараа л 12 улс эдийн засгийн нэгдсэн стандартыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. 

Харин Дональд Трамп Ерөнхийлөгчийн албанд томилогдох эхний өдрөөсөө АНУ-ыг чөлөөт худалдааны холбооноос гаргахын төлөө ажиллана гэдгээ хатуухан мэдэгдсэн юм. Тэрээр хамтын ажиллагааны сул тал бүрийг Хятад өөртөө ашигтайгаар ашиглана гэж үзэж байна. Гэхдээ “Транс Номхон далайн хамтын ажиллагаа” байгуулах санаачилгад анхнаас нь Хятадыг оролцуулаагүй.

 

Хятад. “Миний юу хийх ёстойг Хятад заахыг би хүсэхгүй байна” гэж Дональд Трамп “Fox” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн юм. Тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй утсаар ярьж “Нэгдмэл Хятад” бодлогын зарчмыг зөрчсөн шуугианаар арванхоёдугаар сар эхэллээ. Вашингтон 1979 онд Тайбэйтай дипломат харилцаагаа тасалснаас хойш Трампын энэ үйлдэл дипломат ёс алдсан явдал болов.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп Хятадын эдийн засгийн олон улс дахь нөлөөг хүчтэй шүүмжлэхдээ байгаль орчны аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарын стандарт хангахгүй бараанд Америкийн зах зээл дээр өндөр босго тогтооно гэж мэдэгдсэн. Өнгөрсөн оны үзүүлэлтээр Хятад улсын нийт экспорт буурсан хэдий ч АНУ-ын зах зээлд нийлүүлэх худалдаа 410 тэрбум ам.доллар хэвээр байна. Хэрэв Трамп амласнаа биелүүлж, Хятадын бараанд 45%-ийн татвар ногдуулах юм бол тус улсын ДНБ 4%-д хүрч мэднэ. Машин үйлдвэрлэлээс эхлээд гар утас, цахилгаан бараа гээд хүүхдийн тоглоом хүртэл Америк руу гаргах экспорт нь 87%-иар буурч, Хятадын эдийн засгийн гайхамшигт төгсгөл ирнэ.  

Арванхоёрдугаар сарын 16-нд эхэлсэн БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн төв хорооны хурлаар энэ оны эдийн засгийн хөгжлийн дүнгээ гаргаж, 2017 онд хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлж байна. Улиран өнгөрч буй 2016 онд Хятадын эрх баригчид юанийн ханшийн сулралыг зогсоохын тулд хилийн чанад руу чиглэх дотоодын хөрөнгийн урсгалаа хянаж хязгаарлахад гол анхаарлаа хандуулсан юм. 

Энэ оны эхний есөн сарын хугацаанд юанийн ам.доллартай харьцах ханш 5.8%-иар буурч, сүүлийн найман жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн. Одоо 1 ам.доллар 6.9 юаньтай тэнцэж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг барихын тулд Хятадын Төв банк 1 их наяд ам.долларыг сүүлийн хоёр жил зарцуулсан юм. Гэсэн хэдий ч эдийн засгаа тогтворжуулахаар “цутгаад” буй тэр их хөрөнгө 2017 он гэхэд дуусна гэж “Nomura Research Institute” агентлагийн шинжээчид харж байна. Юанийн ханш энэ эрчээр сулрах юм бол ирэх жилийн хагаст Бээжингийн валютын нөөц 3 их наяд ам.доллар хүртэл буурна гэсэн тооцоо бий. Энэ тохиолдолд Хятадын эрх баригчид юанийн ханшийн сулралыг барьж дийлэхгүй болж, нэг ам.долларыг 8 юаниар худалдаж авахад хүрнэ. 

Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулахын тулд Хятадын эрх баригчид  гадны хөрөнгө оруулалтыг юанийн бүсэд татан төвлөрүүлэхийг зорьж, эдийн засгийн нээлттэй бодлого барих боллоо. Бодлого тодорхой үр дүнгээ өгч, эхний есөн сарын хугацаанд Хятад руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2%-иар өсчээ. Европын холбооны 28 орны үндэстэн дамнасан томоохон корпорациудаас орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн төв хорооны хурлаар онцлов. Хятадын эдийн засаг тогтвортой байхыг илтгэсэн үзүүлэлтүүд гэж тус улсын эдийн засагчид үзэж байгаа юм. 

Энэ сард Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооноос гадаадын хөрөнгө оруулалтыг татах салбаруудын жагсаалтыг шинэчлэн гаргаад байна. 2017 онд тус улсын хувьд эдийн засгийн өсөлтөө барьж, юанийн ханшийн уналтаас сэргийлэх, цаашлаад АНУ-тай худалдааны зарчмаа тодорхой болгох гээд шийдвэрлэх олон асуудлууд томоохон сорилт болно.

 

Орос. Трамп сонгуулийн сунгаагаар НАТО-г шүүмжилж, Путиныг Обамагаас илүү хүчтэй удирдагч хэмээн тодорхойлсон. Ерөнхийлөгч болох юм бол Оросын эсрэг АНУ-ын тавьсан худалдааны хоригийг цуцлах асуудлыг эргэн харна гэж мэдэгдсэн юм. Трампын хэлж ярьсан бүхэнд Путин сэтгэл хөдлөн жолоо алдахгүй нь мэдээж. Оросын удирдагч хий хоосон ярианаас илүүтэй америкчуудын зүгээс хоёр улсын харилцаанд тодорхой  ямар алхам хийхийг нь анхааралтай ажиглаж суугаа. 

“Оросын эсрэг тавьсан худалдааны хоригийг 2017 онд цуцална, гэхдээ бүгдийг биш” гэсэн “Saxo Bank”-ны ахлах эдийн засагч Стин Якобсены таамаглал хавьгүй бодитой ч байж мэднэ. Трамп нь урьдчилан тааж мэдэх боломжгүй улстөрч юм. Хэлсэн ярьсан бүхнийг нь бодитоор хэрэгжинэ гэж итгэхэд хэцүү. Тиймээс хоригийг цуцлах тухай шийдвэр гарсан, гаргаагүй, оросууд үүнд найдахгүйгээр эдийн засгийн өсөлтөө дэмжих цоо шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Путины даалгавраар, ирэх оноос эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрт 488 тэрбум ам.доллар зарцуулах тооцоог ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас хийжээ. 

Уг хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах томоохон төслүүдээ хөдөлгөх, түүхий эдийн бус экспортыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих, эдийн засгийн салбарыг дэмжих төрийн оролцоог идэвхжүүлэхээр тусгасан юм. Хөтөлбөрийг ирэх оны тавдугаар сард багтаан боловсруулж дуусгах төлөвлөгөөтэй. 

Оросын эдийн засаг газрын тосны үнээс хамааралтай хэвээр байна. Газрын тосны экспорт нь улсынхаа нийт төсвийн 50%-ийг бүрдүүлдэг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус улсын газрын тосны экспортын орлого 30%-иар буурч 39,4 тэрбум долларыг төсөвтөө төвлөрүүллээ. Өмнөх жилийн мөн үед 56,2 тэрбум ам.долларын орлого орж байв. Оны эхний хагаст дэлхийн зах зээл дээр Urals маркийн газрын тосны 1 баррель дунджаар 38 ам.доллараар худалдаалагдсан байгаа юм. Гэтэл 2016 оны төсөвтөө 50 ам.доллараар тооцоолж суулгасан байдаг. 

Трамп нүүрс хийн үйлдвэрлэл, усан доорх газрын тосны ордуудыг ашиглахад тавьсан тодорхой хязгаар хоригийг цуцалж, Америкийн эрчим хүчний салбарт өндөр цалинтай ажлын байрууд бий болгохоо мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэл дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэд онцгой нөлөөлсөнгүй. 

Шинэ оны босгон дээр ОПЕК-ийн гишүүн орнууд 2017 онд газрын тосны үнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцээрт хараат бус томоохон олборлогч орнууд ч оролцсон юм. Ирэх жилийн хоёрдугаарт хагаст газрын тосны зах зээлийн байдлыг тогтвортой байлгах зорилгоор тэд олборлолтоо тодорхой хэмжээнд бууруулах нэгдсэн тохиролцоонд хүрч чадлаа. ОПЕК-ийн тооцоолж буйгаар 2017 онд дэлхийн газрын тосны нийт хэрэглээ өдөрт 95.56 сая баррель байх ажээ. Вена хотноо зохиогдсон энэхүү уулзалтын дараагаар Goldman Sachs, Nomura, Bernstein, Wood MacKenzie, Barclays зэрэг санхүүгийн томоохон агентлагууд ирэх онд газрын тосны үнэ 60 ам.доллараас буухгүй гэсэн өөдрөг таамаглалд санал нэгдэв.

“Трамп эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэлээ”, “Хар алтны хар өдрүүд айсуй”, “Трампын ялалт-эдийн засгийн эрсдэл” гэсэн гарчгууд дор дэлхийн хэвлэлүүд хамгийн хүчтэй эдийн засаг Америк орны шинэ удирдагчийн бодлогыг тандан бичиж байна. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болж байгаа Дональд Трамп ирэх дөрвөн жилийн “Мөрөөдлийн баг”-аа бүрдүүлж буй. Тэрээр сонгуульд гол өрсөлдөгч нь байсан Хиллари Клинтоны эдийн засаг, экологийн бодлогыг дэмжиж явсан “Space X” компанийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Илон Маскийг эдийн засгийн зөвлөхөөрөө урьжээ. Pepsi, General Motors, Boeing, IBM, General Electric, Walt Disney” зэрэг Америк хөгжлийн хэв маягийг тодорхойлох аварга компаниудын шилдэг менежерүүд Ерөнхийлөгчийн “Мөрөөдлийн баг”-т багтлаа. Тэдний дунд “Goldman Sachs”-ын Ерөнхийлөгч Гэри Кона, “Exxon Mobil”-ийн Ерөнхийлөгч асан Рекс Тиллерсон нарыг ч орхигдуулаагүй байна. 

 

Tne Mongolian Mining Journal /2016.12 -097/

Зураг