Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ өдрөөр тухайн жилд хийморьтой сайхан барилдсан хүчит, шилдэг 128 бөхөө барилдуулдаг уламжлалтай"

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдааныг 2011 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн энэ удаагийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.


Тэрээр хэлсэн үгэндээ

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт бөх сонирхогчид оо, энд хүрэлцэн ирсэн хүчит бөхчүүд, хүчит бөхчүүдээ дэмжигч цөстэй, золбоотой, хийморьтой монгол ах дүү нар аа,

Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо улам сэргээн бадруулсны 105 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг 5 жилийн өмнө өргөн дэлгэр тэмдэглэсэн. Үүнээс хойш жил бүхэн энэ сайхан ойгоороо монгол түмэн баярлаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоороо бахархаж тэмдэглэдэг ийм сайхан уламжлал тогтсон.

Энэ өдрөөр тухайн жилд хийморьтой сайхан барилдсан хүчит, шилдэг 128 бөхөө барилдуулж, монгол түмэн цэнгэн нааддаг сайхан уламжлалтай.

Хүчит бөхийн барилдааныг үзэхээр эх орон даяар тухлан суугаа болон энэ Бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт бөхийн хорхойтнууд, хүчит бөхчүүддээ баярласнаа дахин илэрхийлье.

Энэ өдрүүдэд монгол түмэн шинэ оны баяраа тэмдэглэж байгаа. Миний хувьд шинэ оны баяраа тэмдэглэдэг хамгийн сайхан мөч бол энэ байгаа юм.

Ингээд та бүхэндээ та бүхний маань золбоо, хийморь үргэлж өөдөө өрнөн дэвжиж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, хүчит бөхийн барилдаанаа нээж байна.

Баярлалаа. Баяр хүргэе, та бүхэндээ” гэлээ.